Ирэх даваа гарагаас микро үйлчилгээнд явахгүй

olloo_mn_1469855119_mikroНасжилт дууссан микро автобусыг ирэх долоо хоногоос буюу наймдугаар сарын 01-нээс үйлчилгээнд явуулахгүй. Нийслэлийн хэмжээнд 214 микро автобус гэрээний дагуу тээврийн үйлчилгээнд явдаг байна. Тэгвэл үүний 170 нь 2003 онд үйлдвэрлэгдсэн, насжилтын хугацаа дууссан байдаг ажээ.
Тиймээс дээрх тооны микро автобусыг шугамнаас шууд хасна гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа. Харин насжилт дуусаагүй буюу шаардлага хангасан 40 микро автобусаар алслагдсан бүс, том оврын автобус хүрдэггүй чиглэлд үйлчлэх юм байна. Насжилт нь дуусч, микро автобусаа хасуулсан аж ахуйн нэгж, иргэдийн хувьд шаардлагад нийцэх дунд оврын автобусыг оруулж ирэхээр гэрээ хийж эхэлсэн аж.
Эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 дунд оврын автобусыг ирэх долоо хоногоос үйлчилгээнд явуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Цаашид нэмж дунд оврын автобус оруулж ирэн, үйлчилгээнд нэвтрүүлэхээр гэрээ хэлэлцээ хийж байгаа юм байна. Шинэ  автобусыг гэр хорооллын алслагдсан бүсэд явуулахаар төлөвлөжээ.
Б.Орхон
olloo.mn

URL:

Сэтгэгдэл бичих