Архинд хөлчүүрхсэн эр жирэмсэн эхнэрээ ухаан алдтал нь зодоод үерийн даланд хаяжээ

Архинаас үүдэлтэй аймшигт хэргүүд ар араасаа үргэлжлэн гарсаар л байна. Саяхан эхнэрээ ухаан алдтал зодсон согтуу эр үхчихлээ хэмээн айж балмагдахдаа гэрээсээ чирч гаргаад, харанхуй шөнө үерийн далан дээр хаясан аймшигт хэрэг гарчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд оршин суух, С.Дарьсүрэн гэгч үйлдсэн аж.
Зодуулсан хохирогч болох М.Мөнхзул нь 21 дүгээр байранд орцны жижүүр хийхийн зэрэгцээ «Хан талст» худалдаа үйлчилгээний төвд туслах ажил хийдэг байжээ. Түүний нөхөр С.Дарьсүрэн нь мөн тус худалдааны төвд туслах ажилчин хийдэг юм байна.

Аравдугаар сарын зургаанд тэдний амьдардаг 21 дүгээр байрны СӨХ-ны буюу орцны жижүүрүүдийн дунд цайллага болж, С.Дарьсүрэн аав ээжийнхээ хамт оролцжээ. Энэ үед хохирогч М.Мөнхзул нөхрийнхөө дүүг харж гэртээ үлдсэн байна. Цайллаганд явсан хүмүүс орой 17:00 цагийн үед гэртээ ирэхдээ нэлээн согтсон байж.

Тухайн үед архиндаа халамцсан С.Дарьсүрэн гэртээ орж ирсэн даруйдаа эхнэр рүүгээ дайрч, үг солихын завдалгүй зодож эхэлсэн гэнэ. С.Дарьсүрэн таван сартай жирэмсэн эхнэрээ тархи толгой, нүүр нүдгүй балбахад ухаан алдчихсан аж. Эхнэрээ сэрээх гэсэн боловч ухаан ороогүй тул үхчихлээ хэмээн айж сандрахдаа харуй бүрий болсон хойно үснээс нь чирч явсаар Оюутны хотхоны хажуугийн үерийн уены далан руу чулуудсан байна.

Далан дотор ухаангүй хэвтэж байсан хохирогч М.Мөнхзул азаар ухаан орж, амь аврагджээ. Одоогоор тэрбээр толгойны хүнд доргилт авч, хүүхэд нь зулбах аюулд ороод байгаа гэнэ.
Энэ хэргийн талаар хохирогч М.Мөнхзултай ярилцлаа.

Намайг гэртээ ороход С.Дарьсүрэн юу ч болоогүй юм шиг унтаж байсан
-Юунаас болж ийм хэрэг гарсан юм бэ?
-Ерөөсөө л архи их ууж, согтсоноос болсон. Манай нөхрийг гэртээ орж ирэхэд дүү нь уйлаад байсан юм. Гэтэл С.Дарьсүрэн согтсон байсан болохоор миний хэлж байгааг огт сонсолгүй зодож эхэлсэн. Тэгээд ч С.Дарь¬сүрэн жирийн хүн шиг эрүүл ухаантай биш. Маш аймшигтай зэрлэг авиртай.

-Таныг зодож байхад ээж, аав нь байсан гэсэн биз дээ. Хамгаалж, болиулаагүй юм уу?
-Ээж, аав хоёр нь бас согтоод юугаа ч мэдэхгүй болчихсон байсан. Ийм аймшигтай юм болсныг бараг мэдэхгүй. Мэдсэн ч бидний дундуур орж чадахгүй. Яагаад гэвэл С.Дарьсүрэн эцэг, эх хоёрыгоо ч зоддог.

-Тухайн үед яаж зодсон юм. Биед чинь ямар гэмтэл учруулсан бэ?
-Миний толгой хөдөлж, эгэмний яс хугарсан. Нүүр хүн харахын аргагүй болсон. Одоо арай гайгүй болж байна. Зодуулсны маргааш хөдөлж ч чадахгүй байсан болохоор хүүхэд минь зулбачих вий гэж их санаа зовж байлаа.

-Өөрийг чинь үхчихсэн гээд үерийн даланд хаячихсан гэсэн?
-Тийм. Би зодуулж байгаад ухаан алдчихсан. Нэг сэргэтэл Оюутны хотхоны хажуугийн далан дотор хэвтэж байсан. Намайг ухаан алдангуут үхчихлээ гэж бодоод чирч аваачаад хаясан юм билээ. Ухаан ороод гэртээ иртэл бүгд юу ч болоогүй юм шиг нам унтаж байсан.

-Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Би өөрийн гэсэн гэр орон байхгүй болохоор энэ газраас хөөчих байх гэж айгаад цагдаад хандаагүй. Манай аав энд надтай хамт амьдардаг юм.

-Аав тань тухайн үед гэртээ байгаагүй юм уу?
-Байгаагүй.

-Ааваас тань өөр харж хандах хүн байгаа юу?
-Байхгүй ээ. Ээж маань алга болоод хэдэн cap болсны дараагаар хаяг тогтоох газраас нас барсан гэсэн мэдээ ирсэн. Одоогоор аав, нөхөр, нөхрийнхөө аав ээжтэй хамт амьдарч байна даа. Ми¬ний бие муу байхад «Хан талст» худалдааны төвийн түрээслэгчид мөнгө нийлүүлж эм тариа авч өгөөд, эмнэлэгт үзүүлсэн. Тэр хүмүүст л их баярлаж байна.

Ингээд бид архинаас болж ухаан мэдрэлээ алдаж, бие давхар эхнэрийнхээ амь насанд хүрэх шахсан С.Дарьсүрэнтэй уулзахаар зорьсон юм. Гэсэн ч «Хан талст» худалдааны төвд түүнтэй хамт ажилладаг хүмүүс нь өмөөрч, хаацайлаад ярилцах боломж олгосонгүй. Бидний хувьд С.Дарьсүрэнгийн мууг үзэхийн тулд түүнтэй уулзах гэсэнгүй. Зөвхөн гашуун усны гай барцад ямар байдгийг л өөрөөр нь яриулах гэсэн хэрэг. Гэхдээ С.Дарьсүрэнг эрүүл ухаантай хүн биш гэдгийг ганцхан эхнэр нь ч биш хамт ажилладаг хүмүүс нь ярьдаг юм билээ. Ямартай ч ар¬хинаас үүдэлтэй аймшигт гэмт хэргүүд шил дараалан гарсаар байна.

Чинбатын Бямбадулам
сурвалжлагч

ugluunii sonin


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих