Үхэл агуулсан хөх савнууд-7
Улаанбаатараас гарч, Өвөрхангай орох зам дагуу хэд хэдэн газар мөнөөх хуванцар, цэнхэр сав харагдлаа. Гүүтэй айлууд ийн зам бараадуулан савтай айргаа зарахаар тавьсан нь энэ. 300-гаад километр явж Өлзийт сумын малчин И.Сугарынд очив. Эднийх сумандаа нэлээд малтай өрхийн тоонд ордог.
Тиймдээ ч зуны цагт ахиухан цагаан идээ базаадаг юм билээ. Гэрийн баруун, зүүн хатавчинд 120 литрийн багтаамжтай гурван ч цэнхэр сав байх аж. Сугар айргаа бүлэх зуураа “Энэ жил овоо олон гүү унагалсан болохоор айраг багтахгүй шахуу л байна. Заримдаа залуус айл хэсэж хурууддагсан. Наадам болж байгаа болохоор ирэхгүй нь дээ” хэмээн бувтнах аж.
Цэнхэр сав хортой гэж дотроо бодож суусан ч аягалж өгсөн айргийг амсахаас өөр арга байсангүй. Ингээд тэссэнгүй “Танайх энэ том цэнхэр савнуудыг хаанаас худалдаж авсан бэ. Хортой гэдгийг нь эрүүл мэндийн байгууллага шинжилгээгээр баталчихаад байгаа. Та тэр талаар сонссон уу” гэж анхааруулсан аястай хэлтэл, гэрийн эзэн “Олон удаа сонссон. Уг нь хамаатны залууг Орос явахад нь 40 литрийн бидон тавыг захисан юм.
Тэгсэн олон бидон хилээр гаргах арга алга гээд авчирсангүй. Манай сумын удирдлагууд олон хүүхэд төрүүлсэн одонтой ээжүүдийг хүлээж авч уулзахдаа 10 болон 40 литрийн бидон өгсөн байсан. Төмөр гэсэндээ арай цэвэрхэн, бөх харагдаж байна билээ.
Химийн органик нэгдлүүд агуулсан хог хаягдал, хар тугалга, кадмийг аюултай гэсэн ангилалд оруулжээ
Одоо бидон олдохгүй бол хөхүүр л хийлгэж авъя гэж бодоод байгаа. Манай суманд хөхүүр хийдэг хүн ганц хоёр бий л дээ. Ер нь манай сумынхан энэ савыг хортой гэдгийг бүгд л мэддэг болсон. Тэгээд сүүлийн үед айлууд хөхүүр их хийлгэж байгаа. Гэхдээ хуванцар сав чинь янз бүрийн тоотой байдаг юм биш үү. Тэр тооноосоо хамаараад айраг, сүү хийж болно, болохгүй гээд байсан байх” гэж ярилаа.
Уг нь ундны усны зориулалтын сав хийдэг компаниуд байдаг. Гэвч Монголд ундны усны зориулалтын сав үйлдвэрлэдэг гэдгийг мэддэг хүн хөдөө бараг алга. Хойд хөршид үйлдвэрлэдэг 40 литрийн бидон сураглаж сууна билээ. Химийн бодисоор бохирдсон хуванцар савыг түлхүү хэрэглэдэг учраас хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ өндөр гарсан байдаг.
Тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хот, хөдөөний 800 гаруй хүүхдийг шинжилгээнд хамруулахад хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 6.8 мкг/дл. Харин хөдөөний хүүхдүүдийнх 10.5 мкг/дл байжээ. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.8 дахин өндөр гэсэн үг. Тус байгууллагын тогтоосон хэмжээгээр бол таван мкг/дл-ээс ихгүй байх ёстой юм байна.
Иймээс л хөдөөнийхнийг стандартад нийцсэн ундны усны саваар хангахад анхаарах нь чухал байгаа юм. Юутай ч эхний ээлжинд хуванцар сав хортой гэдгийг тархинд нь суулгаж чадсан. Иймд одоо хуучин савыг нь халж, устгах шаардлага тулгарч байна.
Засгийн газраас баталсан “Сав, баглаа, боодол үндэсний хөтөлбөрт химийн бодисоор бохирдсон савыг устгах талаар нарийн тодорхой заалт тусгаагүй байгаа. Гэхдээ аюултай хог хаягдлын жагсаалтад химийн органик нэгдлүүд агуулсан хог хаягдал, хар тугалга, кадмий бичигджээ. Түүнчлэн хавдар үүсгэгч, үр удамд болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлөгч бодисыг аюултай гэсэн ангилалд оруулсан байна.
Тиймээс арьс, ширний үйлдвэрүүд хийгээд уул уурхайн тэсрэх бодисын сав болох хуванцар хөх сав нь дээрх аюултай хог хаягдлын жагсаалтад зүй ёсоор орж байна. Нөгөө талаар Гааль, татварын ерөнхий газар импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг бүртгэдэггүй, зөвхөн ямар бодис вэ гэдгийг нь тайландаа бичдэг гэсэн тайлбар өгсөн.
Тус байгууллагын статистикч Б.Баярмаа “Манай байгууллага химийн бодисын нэршлээр нь тэмдэглэл хөтөлдөг. Бас сар бүрийн тайланд кадмий, формальдегид гээд тухайн бодисын нэрээр л оруулж ирсэн хэмжээг нь бичсэн байгаа. Түүнээс төдөн килограммын хуванцар, тийм өнгийн савтай гэсэн тэмдэглэл хийдэггүй.
- БОХНАЖЯ аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудлыг нь шийдэж өгөхгүй гацаажээ.
- Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.8 дахин их гарчээ.
- Гаалийн ерөнхий газар импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг бүртгэдэггүй.
- Хэрэглэсэн бодисын савыг бүртгэлжүүлээд устгах нь хамгийн зөв гарц хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн экспорт, импортын барааны мэдээллийг Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн жагсаалтад заасан код болон хэмжих нэгжийн дагуу гаргадаг. Иймд барааны мэдээллийг савлагаагаар гаргах боломжгүй” гэлээ. Түүний энэ тайлбар манай улсын хэрэглээний савны тооцоо судалгааг нарийн гаргахад ихээхэн цаг хугацаа шаардагдах ажил гэдгийг нотолж буй. Тэгэхээр байгууллагуудын хэрэглэсэн бодисын савыг бүртгэлжүүлээд устгах нь хамгийн зөв гарц хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Гэвч устгалын асуудал яригдахаар бас нэгэн зовлон гарч ирдэг. Тэр нь аюултай хог хаягдлын устгалын цэг өнөөг хүртэл байгуулаагүй явдал. Багахангай дүүрэгт байрлах Оросын цэргийн ангийн орчимд аюултай хог хаягдлын цэг байгуулахаар ярилцаж байсан ч бүтэлгүйтсэн.
Одоо бидон олдохгүй бол хөхүүр л хийлгэж авъя гэж бодоод байгаа
Монгол Улс 1996 онд “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-ийг соёрхон баталсан түүхтэй.
Энэхүү конвенцийн хоёрдугаар зүйлийн тав дахь тодорхойлолттой нийцүүлэн Аюултай хог хаягдал устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж бүхий төвлөрсөн цэг байгуулах талаар Засгийн газраас дэмжсэн. Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох судалгааны материалуудыг Унгар улсын “Коернизеттехнологи” компани боловсруулан хүлээлгэн өгсөн тухай мэдээлэл ч хэвлэлээр гарч байсан.
Аюултай хог хаягдлын цэг байгуулах ТЭЗҮ ч хэдийнэ бэлэн болчихоод байгаа талаар үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх багийн гишүүн хэлсэн. Гол нь хаана байгуулах вэ гэдэг асуудал дээр гацчихаад байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан газрын асуудлыг нь шийдэж өгөхгүй гацаажээ. Уг нь аюултай хог хаягдлын цэг байгуулчихвал химийн бодисоор бохирдсон савыг хэрэглээнээс халж, ирээдүй хойчийнхоо эрүүл мэндийг хамгаалахад том хувь нэмэр оруулна.
Харин энэ ажил хэзээ урагшлах талаар тус яамныхан тайлбар өгөхгүй байгаа. Уул, уурхай, арьс, ширний үйлдвэрийн хаягдал болж буй хуванцар, цэнхэр савыг устгаснаар малчид химийн бодисоор бохирдсон сав худалдаж авах боломжгүй болох юм. Иймээс л аюултай хог хаягдлын цэг байгуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа билээ.
Цэнхэр савыг устгадаг болчихвол малчид авч хэрэглэхгүй
Бид химийн бодисоор бохирдсон савыг хэрэглээнээс халахад багагүй ажил хийж буй “Заша өвс төв” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Химийн бодисын савыг иргэдэд хэрэглүүлэхгүй байлгахын тулд устгах ёстой гэж та хэлж байсан. Ер нь аюултай хог хаягдлын цэг байгуулах зайлшгүй шаардлагатай юу?
-Манай “Заша өвс төв” төрийн бус байгууллага иргэдийн эрүүл амьдрах эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Иймд хуванцар савыг хортой гэж зарласан цагаас хойш цөөнгүй ажил хийлээ. Ингэснээр үндэсний хөтөлбөр батлуулахад ихээхэн түлхэц өгсөн гэж бодож байна. Мөн танай сонин ч гэсэн том хувь нэмэр оруулсан. Одоо аюултай хог хаягдлын цэг байгуулчихвал бүх ажил цэгцэрнэ. Би БОНХАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй байсхийгээд л уулздаг. Судалж байна, удахгүй шийдэгдэх байх гэсэн хариу хэлдэг юм.
Аюултай хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраар хоёр ч удаа хэлэлцсэн юм билээ. Тиймээс хуульд хуванцар савны талаар тодорхой заалт орж байгаа болов уу. БОНХАЖЯ ажлын хэсэг байгуулаад гурав, дөрвөн газар нарийн судалгаа хийж эхэлсэн тухай ярьж байсан. Олон улсын шаардлагад нийцсэн газар сонгож байгуулна гэж ярьдаг. Үндэсний хөтөлбөрт аюултай хог хаягдлыг устгах менежментийг сайжруулах тухай тусгасан байсан.
Тиймээс цэнхэр савыг устгадаг болох байх. Хураагаад л шууд устгахгүй бол ард түмэн хэрэглэсэн хэвээрээ л байна. Үндэсний хөтөлбөр гаргасны хэрэг ч гарахгүй шүү дээ. “Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэж олон газар стандартад нийцсэн сав үйлдвэрлэх үйлдвэр байгуулна гэсэн мэдээлэл сонсогдоод байгаа. Үнэндээ Монгол Улс хүний эрүүл мэндэд хортой сав хэрэглээд 20 жил болчихлоо. Одоо устгах цаг нь болсон.
-Төр засгийн түвшинд асуудлыг хэр хурдан шийдвэрлэж өгөхөөр байна вэ?
-Өмнөх Засгийн газрын үед би олон байнгын хороонд хандсан. Төв аймгийг эхний ээлжинд хуванцар савгүй болгох аян өрнүүлэх төлөвлөгөө боловсруулсан юм. Иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажил болохоор энэ Засгийн газар ч гэсэн дэмжих байх.
Одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах байх. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын тогтоол гаргасанд үнэхээр баяртай байна. Сүү, цагаан идээний чиглэлээр төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байсан болохоор хүнсний бүтээгдэхүүний савыг стандартад нийцүүлэх юмсан гэж олон жил хөөцөлдөж байна. Энэ жил л биеллээ олох нь.
-Та малчдад хөнгөлөлттэй үнээр стандартад нийцсэн сав өгөх хэрэгтэй гэж байсан. Энэ асуудлыг салбарын яам хэрхэн хүлээж авдаг вэ?
-Малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй байдаг тул хөнгөлөлттэй үнээр хэрэгтэй гэсэн саналыг манай байгууллага гаргаад байгаа. Стандартад нийцсэн сав зах зээлд 300- 400 мянган төгрөгийн үнэтэй байдаг болохоор тэр бүр худалдаж авахад амаргүй шүү дээ. Тиймээс төр үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.
Б.Гандолгор
Засгийн газрын мэдээ
URL: