Р.Пүрэвдагва: Манай Архангайнхан сайхан наадлаа. Тэр дунд миний амжилт бий

8

-Үндэсний их баяр наадамдаа одтой сайхан барилдаж Монгол Улсын арслан цол хүртсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Намайг барилдаж байхад сэтгэлзүйн их дэмжлэг үзүүлж байсан наадамч олондоо талархаж яваагаа илэрхийлье.

-Начин гэж дуудуулж нэг хэсэг явсан одоо арслан гэж хэлүүлэх сайхан байгаа биз?

-Би угаас надад арслан цол ээлтэй юм байна гэж ойлгодог. Анх 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. 2010 онд Хэнтий аймагт болсон Зүүн бүсийн наадамд түрүүлж хурц арслан болов.Энэ маань надад их урам өгч барилдсаар 2012 онд улсын наадамд тав давж улсын начин болсон бол хоёр жилийн дараа улсын заан Б.Батмөнхөөр тав давж начин цолоо баталсан.

Тэр жил одоогийн арслан Н.Батсуурийг харцага цолтой байхад нь зургаагийн даваанд сонгуулаад унаж байлаа. Тэгвэл өнгөрсөн жилийн даншиг наадамд түрүүлж даншгийн арслан болсон.

-Харин түүнээс хойш тийм сайн барилдсангүй гэж бөх сонирхогчид өөрт чинь хандаж ярьдаг байлаа?

-Өө тийм үү. Нээрээ ч даншгийн арслан шиг барилдаагүй азнасан байх. Миний барилдаан ер нь хоёр ижлийн мөчлөгтэй юм шиг санагдаад байгаа юм. Өмнөх амжилтуудаа багцлаад үзэхэд. Энэ жил харин гайгүйхэн барилдчих байх гэж өөртөө итгэж байсан. Зоригтой, өөрийн бодсоноо биелүүлж барилдахыг хичээсэн. Тэр хүслээ ч хангалаа.

-Энэ жил тэгш ойнууд давхцаад 1,024 бөх барилдахтай уялдаад өндөр зорилго тавьсан гэж ойлгож болох уу?

-Тийм биш. 1,024 бөх барилдана гэхээр зарим хүмүүс эхний даваанууд л лав зөөлөвтөр байх юм шиг боддог.

Тэгвэл аймаг, сумдын наадам хойшлоод Монголын бүх хүчтэнүүд нэг дор цугларсан болохоор тийм байдал огт үгүй байсан. Бод л доо. Хоёр, гурвын давааны төгсгөлд аймгийн хүчтэй арслангууд хоорондоо тулсан шүү дээ. Өрсөлдөөн тун ширүүн байсан.

-Өөрийн чинь хувьд ч хүчтэй өрсөлдөгчид таарсан даа. Тийм ээ?

-Даваа бүр л хэцүү байлаа. Бүгдэд нь хүчээ шавхаж санаснаа хийж барилдсан. Дөрөв, тав, зургаагийн даваанд аймгийн хүчтэй арслангуудыг давсан. Харин долоод гарьд Б.Гончигдамба намайг амласан. Ноднинданшиг наадамд бид хоёр үлдэж би давсан болохоор хийх л юмаа хийнэ гэж бодож гарсан. Тэгээд ч давсан.

-Наймын даваанд П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан. Энэ тухай наадамчдын яриа одоо хүртэл тасраагүй л байна. Ямар үйл явдал болов гэдгийг өөрөөс чинь сонирхмоор байгаа юм…?

-Бид хоёр яалт ч үгүй хайнцсан. Цэц ч тийм шийдвэр гаргаж дахин барилдахад би барьц сонгож арсланг хаясан. Болсон үйл явдал Монгол бөхийн дүрмийн дагуу өрнөсөн Тэрнээс этгээд хачин зүйл болоогүй.Дахиж барилдах явц удааширч бид хоёрын барилдааны талаар янз бүрийн дүрс бичлэг олонтоо цацагдсанаас бас цаг оройтсоноос наадамчид жаахан тэсвэр алдсан тал бий байх. П.Бүрэнтөгс арслан бид хоёрын хооронд хувийн ямар нэг маргаан байгаагүй.

-Тэсвэргүйдлээ гээд шөнийн 00:00 цаг болох гэж байхад цэнгэлдэх дүүрэн л байсан шүү дээ. Түүгээр ч барахгүй “Пүрэвдагва, Пүрэвдагва” гэсэн уухай цэнгэлдэхийг өргөх шахаж байсан. Энэ байдал танд ямар санагдсан бэ?

-Спортыг хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөлдөггүй шүү дээ. Намайг дэмжиж уухайлсан их цуурай давалгаалсан явдал надад маш их урам хайрласан. Үүнийг нь ч би давчихаад дэвээнийхээ үеэр илэрхийлж чадсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь монголчууд маань надад итгэл өгч байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Өндөр даваанд хүрч барилдах замыг минь олон түмэн засч өгсөнд бэлгэшээж явна.

-Есийн буюу арслангийн даваа бүр хэцүү байв уу?

-Улсын арслан Н.Батсуурийг хаяж арслан болсондоо их баярласан. Улсын наадамд түрүүлээд үзчихсэн хоёр арслантай хоёр даваанд дараалан таарч амжилттай барилдсан. Ний нуугүй хэлэхэд жаахан цуцсан шүү.

-Нутгийн хүчтэй бөх Ч.Санжаадамбатай үзүүр, түрүүнд үлдээд гарахдаа юу бодсон бол Та…?

-Архангай нутгаас минь аварга, арслан төрөх нь гэж баярласан. Тэгээд цуцсан дүр үзүүлэлгүй сайхан барилдъя гэж бодсон. Даанч Ч.Санжаагийн маань од нь гийгээд яах ч аргагүй хүчтэй байсан. Түүнээс биш би арслан болсон гэж тайвширсандаа унасан гэвэл үгүй. Түрүүлэх бөхийн өм Ч. Санжаад маань илүү байж.

-Өөрийн чинь хувьд энэ жилийн бэлтгэлээ онцгой сайн хийсэн үү?

-“Бөх бэлэгт” дэвжээнийхэн маань энэ жил Дуган хадны амралтад бэлтгэл сургуулилтаа базаасан. Бэлтгэл сайхан болсон. Бөхчүүд бүгд л өнгөтэй харагдаж байсан.

Цол авна, ахиулна, үзүүрлэнэ, түрүүлнэ гэсэн зорилготойгоор нэг цул хамт олон болж бэлтгэлээ хангасан. Манай дэвжээ өнгөрсөн хавар тэргүүнээ өөрчилж сая УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Мөнхбатаар удирдуулах болсон.

-Таны барилдааныг харахад би дийлнэ. Хэнийг ч хаяна гэсэн өөдрөг сэтгэл зүй харагддаг. Цаг ямагт өөрийгөө хурцалдагтай чинь холбоотой болов уу?

-Миний өөрийгөө хурцалдаг итгэл сэтгэл маань барилдах явцад илэрдэг юм байх л даа. Аливаа спортод хор шар гэж байх л ёстой. Энэ нь муу юм биш. Зөвхөн барилдах явцад тэр нь илрээд дараах нь огт мартагддаг зүйл.

-Та манай сонинд ноднин нэг ярилцлага өгөхдөө “Би аварга болно” гэж тун зоригтой хэлсэн бий. Саяын наадмаар үзүүр, түрүүнд гарах үед чинь таныг хэлсэндээ хүрэх нь ээ гэж бодсон.

-Эр хүн зорьсондоо гэж үг бий. Зорилготой явж байж амжилтад хүрдэг ч гэдэг. Одоо надад аваргын даваа л үлдсэн. Тиймээс цолоо ахиулахын төлөө хичээх л болно.

-Хэдхэн хоноод шинэ үеийн даншиг наадам болно. Энэ наадмын анхны арслан нь Та. Уг наадамд аваргын даваа чинь хүлээж байгаа гэж болно доо?

-Даншигийн болон төрийн наадмын арслан цол хослуулж авлаа. Сайхан байна. Даншигтаа барилдана аа.

-Танд аварга болохын ерөөл өргөе!

-Баярлалаа. Ерөөлөөр болтугай.

Д.Цэрэннадмид   Ikon.mn


URL:

Нэр: ЦЭЭГИЙ Огноо: 26 July 2016

ЛУЙВАРДАЖ ЯЛЧИХААД САЙХАН БОЛЛОО Ч ГЭХ ШИГ

Сэтгэгдэл бичих