“Монгол Шуудан” банкийг хууль бусаар татан буулгасан гэв

Одоогоос хоёр жилийн өмнө “Монгол шуудан” банкны хяналтын багцыг “Хадгаламж” банк худалдан авч, хоёр банк нэгдэхээр болсон. Гэвч үүнийг нь хууль бус үйлдэл гэж үзээд зарим хувьцаа эзэмшигчид гомдол гаргажээ.

“Монгол шуудан” банкны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал, ТУЗ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн Д.Оюунсүх нар өөрсдийн хяналтад байсан багц хувьцаагаа “Хадгаламж” банкинд 2009 оны есдүгээр сард худалдсаныг нь захиргааны хэргийншүүх хууль бус үйлдэл гэж тогтоожээ.

Үүний дараа Монголбанкнаас хувьцаа худалдах, худалдан авах энэ үйлдэл нь хууль зөрчсөн гээд зөвшөөрөл олгоогүй байхад мөн оны аравдугаар сард хоёр банк нэгдэх тухай мэдээлэл гарсан юм. Улсын дээд шүүхээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хоёр банкны нэгдэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзээд “Монгол шуудан” банкны хувь нийлүүлэгчдийн 2009-2010 оны хурлын шийдвэрийг хүчингүй болгожээ.

Мөн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хийгдээгүй байхад хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сард дахин зарласан нь “Монголшуудан” банкийг албан хүчээр татан буулгаж “Хадгаламж” банктай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлээ баталгаажуулахыг хүсч байна гэж зарим жижиг хувьцаа эзэмшигчид мэдэгдэж байгаа юм.

Жижиг хувьцаа эзэмшигчид жилд 10-15, харин ТУЗ 3645 хувийн ногдол ашиг авдаг аж. Мөн тайлангаа буруу мэдээлж байжээ. “Монгол шуудан” банкийг үүсгэн байгуулагч, жижиг хувьцаа эзэмшигчид болох Н. Батсайхан, Т.Цэцгээ, А.Минж нар 17 жилийн бодит ногдлоо авах эрхтэй гэдгээ энэ үеэр хэллээ.

Б.Марал-Эрдэнэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих