Солонгост суралцах хүүхдийг сонгон шалгаруулна

“Боловсролын шуудан” төрийн бус байгууллагаас БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн институтын “Ёнжэ” ахлах сургуульд үнэ төлбөргүй суралцах шалгалтыг удахгүй зохион байгуулах ажээ. Шалгалтыг англи хэл, математик, хими, физик гэсэн хичээлүүдээр авах юм.

Шалгалтын асуултыг БСШУЯ-наас бэлтгэн өгөх юм байна. Сонгл” шалгаруулалтыг олон улсын буюу A, В, C,D, F гэсэн үнэлгээрээр авах гэнэ.Шалгаруулалтад ахлах ангийн 10,11 дүгээр ангийн сурагчид болон гоц авьяастай 8-9 дүгээр ангийн сурагчид хамрагдах боломжтой аж.

Эхний шатанд шалгарагсад ирэх сард авах хоёр дахь шалгалтад хамрагдаж “Ёнжэ” ахлах сургуулийн багш нарын ярилцлагад орсноор эцсийн дүн гаргах аж. Тэнцсэн сурагчдыг үнэ төлбөргүй сургахаас гадна дотуур байр, хоол, ном, сурах бичиг гээд бүхий л зардлаа даалгаж төгсөх жилдээ АНУ-ын их дээд сургуулийн тусгай сургалтад хамрагдах боломжтой юм.

“Боловсролын шуудан” ТББ нь анх удаа энэхүү сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Франц, Солонгос, Япон зэрэг улсад монголын багачуудаас суралцуулахаар зорьж байгаа юм байна. Эл шалгаруулалтад оролцохыг хүссэн сурагч “Өдрийн шуудан” сонинд хэвлэгдсэн анкетыг бөглөн мандатаа авах боломжтой.

Дашрамд дуулгахад “Ёнжэ” ахлах сургууль нь гоц авьяастан бэлтгэдэг Солонгосын шилдэг сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэл дээр явагддаг гэнэ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих