Сонгуулийн тойргуудыг дахин хуваарилна
УИХ-ын нэгэн “эрхэм” гишүүн сонгуулийн тогтолцооны тухайд “Барилдах гэж байгаа хүнд дүрэм ямар байх нь хамаагүй шүү дээ, барилдаж л таарна. Барилдахгүй хүнд дүрэм ямар байх нь бүр ч хамаагүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хувьд сонгуулийн тогтолцоо, дүрэм ямар байх нь хамаагүй, сонгуульд орох нь л чухал гэсэн үг. Учир нь тэд сонгууль зохион байгуулах явцыг зөвхөн улстөрчид, намууд буюу нэр дэвшигчдэд, тэднийг гаргаж ирэхэд зориулагдсан зүйл гэж одоо хэр нь итгэсээр яваа хэрэг. Сонгууль шударга явах эсэх, сонгогчдын эрх ашиг, тэдний өгсөн санал парламентад тусгалаа олох эсэх нь огтхон ч падгүй хэмээн үгүйсгэсээр байна гэсэн үг.
Тэгвэл сонгуулийг яах гэж явуулдгийг нөхдүүд мэдэх үү. Иргэд өөрсдийн итгэл үзүүлсэн төлөөллийг гаргаж, түүгээр дамжуулан төрийг удирдах гэж. Тэр төр нь харин өөрийг нь бүрдүүлж байгаа албан тушаалтнуудад бус, өөрийг нь сонгож байгуулсан ард иргэдэд үйлчлэх ёстой юм. Тэгэхээр Сонгуулийн хууль ямар байх нь сонгуульд нэр дэвшиж байгаа намууд, нэр дэвшигчдээс илүү иргэдэд, тэдний эрх ашигт хамаатай гэсэн үг.
Өнгөрөгч даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгээс сонгуулийн тогтолцоог 28:48 буюу мажоритари давамгайлсан холимог хувилбараар сонгож, энэ байр суурь дээрээ хатуу зогсохоор шийдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Хоёр намын саналын зөрүүг тэнцүүлэхээр 38:38 хэмээх дундын хувилбарыг оруулж ирээд уг санал нь дэмжигдэх хүртэл Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа гэж байсан Ардчилсан намынхан ч бас л дахин буулт хийх бололтой. Ерөнхийдөө МАН-ын санал болгосон 28:48 гэсэн хувилбараар тогтолцооныхоо асуудлыг шийдэх тухай хоёр намын бүлгүүд ярилцаж тогтжээ. Яаж ч хүчлээд Ардчилсан нам УИХ-д 28 суудалтай, харин Ардын намынхан 45-уулаа болохоор яалтай билээ. Нэг шуударвал дангаараа суугаад ч хуулиа баталж чадах л хүмүүс.
Гэхдээ Ардчилсан намын бүлгийнхэн Ардын намынханд хийж буй энэ буултынхаа хариуд хэр таарсан “нөхөн төлбөр” шаардаж байна. Энэ бол сонгуулийн тойргийг дахин хуваарилж, нэг мандатад ноогдох хүн амын тоог тэнцвэржүүлэх явдал. МАН-ын бүлгийн санал болгож буй хувилбар нь мажоритари 48 суудлынхаа 12-ыг хотод, 36-г орон нутагт өгөх тухай гэдгийг бид өмнө мэдээлсэн. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд арай ахиухан суудлыг нийслэлд нэмэрлэх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, тойрог тус бүр дэх буюу нэг мандатын ардах хүн амын тоог тэнцүүлэх.
Одоогоос 10 жилийн өмнө буюу 2000 оны сонгуулиар Төв аймаг 100 мянган хүн амтай, дөрвөн тойрогтой байж. Одоо ч гэсэн дөрвөн мандаттай нэг том тойрог. Тэгсэн хэрнээ хүн амынх нь тоо 80 мянга хүртлээ буурсан байдаг. Нэг мандатын ард 20 мянган хүн байна гэсэн үг. Дундговь аймаг гэхэд 38 мянган хүнтэй, хоёр мандаттай. Харин Баянзүрх дүүрэг 2010 оны тооллогоор 275 мянган хүнтэй байсан хэрнээ 40 мянган хүнтэй Налайх дүүрэгтэй нэг тойрог болдог ч дөрвөн мандаттай. Нийслэлийн энэ тойрогт нэг мандатны ард 80 мянган хүн байна гэсэн үг.
Уг нь 76 мандатаа хүн амынхаа тоонд хуваагаад үзвэл нэг мандатад ноогдох хүний тоо 30 мянга орчим л байгаа юм. 30 мянган хүнийг УИХ-ын нэг гишүүн төлөөлөх ёстой гэсэн үг. Тиймээс Ардчилсан намынхан шинээр хийх тойргийн хуваарилалтыг энэ тоонд дөхүүлэхээр зүтгүүлж байгаа юм байна. Гэхдээ мэдээж засаг захиргааны хуваарь энэ тэрийг нь оролцуулбал бага зэргийн хөдөлгөөн орох байх л даа. Ямар ч байсан ирэх сонгуулийн дүн, парламентад намуудын эзлэх суудал сонгогчдын өгсөн саналтай дүйж гарах ёстой гэдэг нь эхний шаардлага. Сонгуулийн хууль улстөрчдөд бус сонгогчдод ашигтай байх ёстой гэсний учир энэ.
Гэхдээ сануулахад тойрог хуваарилах нь сонгуулийн хуультай хамаагүй, УИХ-ын тогтоолоор баталдаг зүйл. Тиймээс УИХ-ын тогтоол ямар байхыг нөгөө намтайгаа урьдчилж тохиролцохгүйгээр хуулиа батлах юм бол Ардчилсан намынхан дахиад л шороо самраад хоцрох нь тодорхой. Нийслэлд ноогдох мандатын тоог нэмэгдүүлэх тухай энэ саналыг МАН-ын бүлэг лав учиргүй баярлан хүлээж авахгүй л болов уу. Тэгэхээр дахиад нөгөө хэрэгждэггүй гэрээгээ байгуулдаг ч юм уу, ядахдаа л сонгуулийнхаа хуульд “Тойргийн хуваахдаа хүн амын тооны тэнцвэрийг хадгална” гэдэг заалт ч юм уу лав байх ёстой биз.
Ардчилсан намын бүлэг МАН-ын тулгаж буй 28:48-ыг хүлээж авах болсон бас нэг шалтгаан нь мажоритари болон пропорциональ санал хураалтын дүнг хоорондоо “гүйдэг” байхаар хийж байгаа гэнэ. Тус намын ажлын хэсэг дээр яригдаж буйгаар бол намууд 28 биш 76 нэр дэвшигчтэй “лист” гаргаад түүнийхээ 48-ыг нь мажоритари тойргууд руу явуулах аж. Хэдийгээр тэд тойрогт очоод унасан байлаа ч намын жагсаалтад дээгүүр бичигдсэн /эхний 28-д гэсэн үг байх/ бол түүгээрээ парламентад орно гэсэн үг. Энэ нь тухайн намын нүүр царай болж, олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч, нэр дэвшигчид намдаа ч, өөртөө ч давхар санал цуглуулахын зэрэгцээ мажоритари жижиг тойрог дээр очоод уналаа гэхэд намын жагсаалтад дээгүүр бичигдсэнээрээ өөртөө ч эрсдэлгүй болж байгаа хэрэг. Улс төрийн намууд ч нэр дэвшигчдийнхээ шүүлтүүрийг нэлээд сайн ажиллуулах, зөв эрэмбэлэх шаардлага гарна. Сонгогчид мэдээж жагсаалтад дээгүүр бичигдсэн нэрсийг л харж над санал өгнө шүү дээ. Улстөрчдийн хувьд ч одооноос эхлээд хэлж ярьж байгаа зүйл, хийж байгаа үйлдэлдээ илүү хариуцлагатай байхыг сануулж буй хэрэг.
Энэ мэтийн өөрчлөлтүүд Сонгуулийн хуулийн эргэн тойронд яригдаж байна даа. Дээрх төсөл, төлөвлөгөөнүүдийг өнөөдөр намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэх сурагтай. Ерөнхийдөө УИХ дахь хоёр намын бүлгийнхэн Сонгуулийн хуулиа энэ долоо хоногт, оройтлоо гэхэд ирэх долоо хоногт багтаагаад дуусгачихья гэсэн яриа хөөрөөтэй байгаа юм байна. Тэгж чадах эсэхийг дуусгасан хойно нь л харья.
Б.СЭМҮҮН
“Ардын эрх” сонин
URL: