Улаанбаатарт удирдагчид чуулж, Турк болон Францад цус урсав

1344

Олон улсын анхаарлыг хамгийн их татсан үйл явдал Монгол Улсад боллоо. Тайландын нийслэл Бангкок хотноо 1996 онд анхлан зохион байгуулагдаж, Ази, Европын эрх баригчдын уулзалтын гүүр болсон “АСЕМ”-ын Дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 15, 16-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Уулзалтад дэлхийн 51 орны удирдагч, төлөөлөгч оролцжээ. Уулзалтад Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер болон Германы Канцлер Ангила Меркел зэрэг Евро бүсийн лидерүүд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татав.

 

Улаанбаатар хотноо болсон “АСЕМ”-ын уулзалтаар 100 гаруй хоёр талт уулзалт зохион байгуулагдсан байна. БНХАУ-ыг тэргүүлэн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян оролцсон бөгөөд тэрбээр Өмнөд Хятадын тэнгис буюу маргаантай арлын асуудлаар Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фуктэй уулзаж, уг асуудлыг хэрхэх талаар хэлэлцжээ. Мөн 2009 оноос хойш гацаад байсан БНХАУ-аас Камбожид үзүүлэх тусламж уг уулзалтаар бүрэн шийдэгдсэн. Бээжин, Камбожид 600 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр тохиролцлоо.

 

Ази болон Европын удирдагчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, терроризм, салан тусгаарлах үзэл, газар нутгийн маргаан, шилжих хөдөлгөөн, цаг уурын асуудлаар голлон ярилцсан бол Европын удирдлагууд Украины зүүн хязгаарын талаар хэлэлцэв. Европын холбооны хүсэлтээр Улаанбаатар хотноо ирсэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Германы Канцлер Ангила Меркел нар Украины асуудлаар ярилцжээ. Уг уулзалт хаалттай болсон юм.

 

Монголын Засгийн газар түүхэн 20 жилийн ойтойгоо учран золгоод буй “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтад ихээхэн ач холбогдол өгч ажилласан билээ. 2018 онд болох 12 дэх удаагийн “АСЕМ”-ын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдана. Уг уулзалтад Европын холбоо ихээхэн ач холбогдол өгч, аюулгүй байдлыг сайтар хангахаа Улаанбаатар хотноо болсон “АСЕМ”-ын уулзалтын үеэр мэдэгджээ.

 

 

Уулзалтын эхний өдөр Францын Ницца хотноо террорист халдлага гарсан нь Улаанбаатар хотноо чуулаад буй олон орны удирдагчдыг уй гашууд автуулав. “АСЕМ”-ийн уулзалтын эхэнд удирдагчид Ниццагийн халдлагаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэн нэг минут дуугаа хураажээ. Францын Үндэсний баяр болох Бастиллийн баяраар Ницца хотын иргэд төв талбайдаа цугларч, ёслолын буудлага үзэж байх үеэр цагаан өнгийн ачааны машинтай жолооч иргэд рүү дайрсан билээ. Ёслолын буудлага зохион байгуулагдах үеэр их дуу чимээтэй байсан учир иргэд сонор сэрэмжээ алдсан байж. Цагдаагийнхан ачааны машины жолоочийг буудан аюулгүй болгосон юм. Уг халдлагаар 84 хүн амиа алдаж, 256 хүн гэмтжээ. Халдлага үйлдсэн эр Тунис гаралтай Францын иргэн болохыг тогтоосон юм. Францчууд гашуудаж байхад Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ницца хотын халдлагыг захиалсан тухайгаа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Гэхдээ Францын эрх баригчид халдлагын цаана тус бүлэглэл байгаа эсэхийг нарийн тогтоох хүртэл хуурамч мэдээлэлд иргэдээ автахгүй байхыг уриалсан юм.

 

Ерөнхийлөгч Франсуа Олланд халдлагын дараа орон даяар тогтоогоод буй онц байдлынхаа хугацааг 90 хоног сунгахаар болсноо зарласан. Тэрбээр мөн олон улсыг терроризмтэй тэмцэхийг уриалсан билээ. Ницца хотын халдлагын дараа “АСЕМ”-ын уулзалтаар яригдах ёстой зарим сэдэв өөрчлөгдөж, удирдагчид терроризмын талаар өөр өөрсдийн байр сууриа хүргэж, хэт даврагч болон салан тусгаарлагч нартай хэрхэн тэмцэх төлөвлөгөөг хэлэлцсэн билээ. Европын холбооны зөвлөлийн дарга Дональд Туск “Бид Улаанбаатар хотноо болж буй уулзалтаар уг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Бид терроризмийг нухчин дарахгүй бол дэлхийн энхтайван аюулд орох болно” гэв. Тэрбээр мөн барууны орнуудаас гадна Азийн зарим улсад террорист халдлага гарсныг цохон тэмдэглэжээ.

 

Уулзалтын хоёр дахь өдөр Туркийн Анкара хотноо “Үндэсний энхтайван” гэх цэргийн бүлгэм  шөнийн 23.00 цагийн орчимд Туркийн “TRT” сувгаар дамжуулан төрийн эргэлт хийж буйгаа эрх баригчдаа мэдэгдсэн билээ. Цэргүүд Туркийн “CNN” агентлагийн байрыг эзэлж, Анкара болон Истанбул хотын зарим хэсэгт хяналтаа тогтоожээ. Дэлхийн томоохон хэвлэлүүд болох Америкийн “CNN”, Британийн “BBC”, Оросын “TASS” агентлаг “Европын удирдлагууд Улаанбаатараас мэдэгдэж байна” хэмээн мэдээлж, тэдний байр суурийг олон улсад дамжуулж байсан юм. Канцлер “Туркийн эрх баригчид цус урсгахгүйгээр тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй” гэсэн бол Туск “Төр засгаасаа урвасан бүхэн хариугаа амсах болно. Туркийн Засгийн ямагт ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган эх орноосоо урвасан цэргүүдийн эсрэг ард түмнээ тэмцэлд уриалсанаар тус улсад эмх замбараагүй байдал газар авчээ. Уг үйл явдлын улмаас 256 хүн амиа алдаж, 1400 орчим хүн гэмтэж, бэртжээ. Засгийн газрын цэргүүд төрийн эргэлт хийхийг санаархсан таван генерал, 29 хурандаа болон 1563 цэргийг баривчилжээ. Удирдлагууд нь баригдсаны дараа Истанбул хотын зарим хэсэгт хяналтаа тогтоогоод байсан цэргүүд зэвсгээ хаян бууж өгчээ. Ойролцоогоор 3000 гаруй цэрэг төрийн эргэлт хийхээр санаархсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Турк 76 сая хүн амтай юм.  Засгийн газрын цэргүүд 24 цагийн дотор эх орныхоо эсрэг буу чиглүүлсэн урвагчдыг баривчилж, хяналтад орсон бүс нутгуудыг бүрэн чөлөөсөн тухайгаа мэдэгдэв.

 

Анкара болон Истанбулын нөхцөл байдал хэвийн болсон талаар Ерөнхийлөгч Эрдагон мэдэгджээ. Тэрбээр тусгаар тогтнолоо хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулсан ард түмэндээ талархал илэрхийлж “Хэрвээ ард түмэн босогчдын эсрэг тэмцээгүй байсан бол өнөөдөр Турк ямар нөхцөл байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна” хэмээн Истанбул хотноо болсон уулзалтаар ийнхүү хэллээ. Төрийн эргэлт хийхээр санаархсан цэргүүдийн ард исламын номлогч Фетхуллах Гюлен байсан гэх мэдээллийг албаныхан өгчээ. “Түүнийг эмх замбараагүй байдлыг далимдуулан төрийн эрхэнд гарахыг санаархсан” хэмээн буруутгав. Анкара болон Истанбул хотноо иргэд ардчиллаа хамгаалахыг эрх баригчдаасаа шаардан, тайван жагсаал зохион байгуулсан байна.

 

Улаанбаатар хотноо удирдагчид энхтайвны талаар ярилцаж байхад Турк болон Францад цус урсав.

 

Б.Дэлгэрцэцэг   Эх сурвалж: Shuud.mn  Линк:http://www.shuud.mn/content/read/471180.htm


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих