АН мафийн бүлгийн тогтолцоогоо халж чадах уу?
Дөрвөн жил эрх мэдэлтэй байсан АН наадам хийгээд АСЕМ-ын өмнө улстөрийн байр сууриа алдаж, дөрвөн жилийн дараа дахин эргэн ирж чадах уу гэдэг асуултыг өөрсдөдөө хэдийнэ тавьж суугаа гэхэд болно. Тэгвэл АН өнөөдөр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хийхээр болсон гэх мэдээлэл байгаа юм. Харин нарийн товлосон цагийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын шинэчлэлийн асуудал дээр хамаг анхаарлаа хандуулна гэгдэж буй. УИХ-д есөн суудалтай болж, эрх мэдлийн эрэмбэ нь хойшилсон АН-ын даргын албанаас З.Энхболд хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн. Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргын түр орлон гүйцэтгэгчийн статустай сонгуулиас хойш хэдэн өдөр болж буй. Цаашдын өдрүүдэд АН шинэчлэлийн их аяныг утгаар нь өрнүүлж, үр дүнд хүрэх үү гэдэг нь анхаарал татсан сэдэв мөн юм.Тэрчлэн АН-ын акулууд болох Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нарын гаргасан уриалгад өгүүлсэн асуудлуудыг намын бусад гишүүд нь хэрхэн хүлээж авч, ажил хэрэг болгох вэ гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно.
Дээр дурдсан нөхдүүд хэлэхдээ “Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй.
Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ.
Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна.
Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна.” гэхчлэн өгүүлсэн байсан. Чухам тэдний үгс хаа хүрэхийг, бусад нь хэрхэн тусгаж авахыг АН-ын ирээдүйгээс харж болох биз ээ.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мафи нь уриалга гаргагчид өөрсдөө шүү дээ. Алтанхуяг, Энхболд нараас илүүтэй Үүлийн нийслэл дэхь шуналт үйлдлүүд, Элбэгдоржийн захиалгат баривчилгаа, Жастин Каплагийн орголт, Сайханбилэг,Баярцогт нарын МСS болон Рио-д давуу тал олгосон олон үйлдэлд ард түмэн дургүйцсэн. АН-д олны итгэл хүлээсэн, нэр цэвэр Амаржаргал, Эрдэнэбат нарын лидерүүд бий. Одоо тэдэнд АН-ыг өг. Үүл нар санаачлагыг гартаа авах гэж уриалга гаргаж байгаа юм. Бүү горьд