АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад 10 орны төрийн тэргүүн оролцож байна
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт 7 дугаар сарын 15-ны өглөөний 9.10 цагт Улаанбаатар хотноо “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. Уулзалтад оролцох зочдыг угтан авах ажиллагаа 07.00 цагт /Улаанбаатарын цагаар/ Шангри-Ла цогцолборын угтах талбайд албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нарыг өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн угтан авлаа.
“АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна. Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна.
Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна.
Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Уулзалтыг нээж, зохион байгуулагч орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Дэлхийн бүх улс түмний анхаарлын төвд байгаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад Монгол Улс, монголын ард түмэн нэн өндөр ач холбогдол өгч байгаа билээ. Чухамдаа дэлхийн эдийн засгийн бараг гуравны хоёрыг бүрдүүлдэг АСЕМ-ын гишүүн орнуудын тэргүүн нар өнөөдөр Улаанбаатар хотод маань хуран цуглараад байна. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд монголчууд бид Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойг тэмдэглэж байгаа түүхэн тэмдэглэлт ойн жил бид энэхүү Дээд түвшний уулзалтыг өөрийн орондоо хүлээн авч байгаагаараа онцлог юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгчийн нээлтийн үгийн дараа Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Мьянмарын Ерөнхийлөгч, АСЕАН-ы зохицуулагч Тин Киав, Европын Холбооны зохицуулагч, Словакийн Ерөнхий сайд Роберт Фико, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд, NESA-гийн зохицуулагч Мурраи МкКүлли нар тус тус үг хэллээ.
Нээлтийн ажиллагааны дараа АСЕМ-ын дөрвөн дагалдах хурлын дүнг танилцуулав. Үүнд, Ази-Европын Парламентын түншлэлийн уулзалт (АСЕП), Ази-Европ түмний чуулга (AЕПФ), Ази-Европын Бизнесийн чуулган (АЕБФ), Залуучуудын Модел АСЕМ-ын зохион байгуулагчид үг хэлж хурлын үр дүн, Дээд түвшний уулзалтын баримт бичигт тусгуулах санал санаачилгаа уламжлав.
URL: