Монгол бөхийн дэвжээ ёс бус юм аа
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Гэхдээ зарим жилүүдэд гардаг маргаантай шүүлт энэ наадмыг ч бас баллаад хаячихлаа. Хоёрхон бөхийн асуудлаас болж нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх дөхлөө. Унасан, унаагүй бөхийн тухай ярихаар Увс, Халх хэмээн жалга довны үзлээр талцууллаа. Манайхан мэднэ дээ, Америкт сагсанбөмбөгийн багууд мужаараа, Англид хөлбөмбөгийн багууд хотоороо хуваагддаг ч манай жалга довны үзэл шиг хот, муж эсвэл хар, цагаан арьс хэмээн ялгаж талцдаггүй. Камерын удаашруулсан бичлэгээр бүхнийг шийддэг. Энэ нь ч хамгийн зөв. Харин манайх камераар бичлэг хийх мөртлөө, камерын бичлэг хамаагүй хэмээн нутгийн дүү, танил тал, хамаатан садан, худ ураг эсвэл ямар нэгэн далд байдлаар холбоо сүлбээтэй засуулуудын шийдвэрийг гол болгосоор байна. Нөгөө Монгол бөхийн шинэчлэл, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхана гэсэн яалаа. Энэ мэтчилэн засуулуудаар шүүлгэж өнгөрсөн харанхуй бүдүүлэг үетэйгээ зууралдсаар байх уу, эсвэл авахыг нь аваад хаяхыг нь хаяад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах уу.
Жилдээ ганцхан болдог наадмаа, бөхийн барилдаанаа булхай, луйваргүй үзэх тийм хэцүү юм гэж үү. Ерөөсөө Монгол бөхөд техникийн дэвшил, дүрэм журмын шинэчлэл хэрэгтэй байгааг олон нийт хэлдэг. Тэгээд ч Монгол бөхөд шинэчлэх, шийдэх ёстой олон асуудал байна, дүрэм, журам, техникийн дэвшил гээд олон асуудал бий гэдэг. Дээрээс нь байгаа дүрэм журмуудыг нь тодорхой болгох, өчигдөр оройны барилдаан шиг бүхэл бүтэн улсаар хүлээлгэдэг, унаагаа хүлээн зөвшөөрдөггүй, ард түмнээр барьцаалж байгаад, дарга цэргийг сандаргаж байгаад дахин барилддаг явдлыг нэг тийш нь болгох ёстой. Миний бие Увсын хүн биш, Архангайн ч хүн биш, ашиг сонирхлын зөрчилгүй, гуравдагч талын байр суурьнаас асуудалд хандаж байна. “Шуу хүрвэл тохой хүрсэн, шилбэ хүрвэл өвдөг хүрсэн” гэж аав минь хэлж билээ. Тэр x байтугай гарын ар хүрсэн бол унасанд тооцож явсан дүрэм, журам бий. Гэсэн ч 6 сая нүд харсаар байтал булхайтай шийдвэр гаргаж, тохойлдсон хүнийг туг тойруулчихлаа. Архангай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өвдгөөрөө улаан нялга болтлоо уначихаад босч ирээд засуул, хөл цэцтэйгээ нийлж байгаад туг тойрчих гээд байна” хэмээн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ард түмний сонголтыг үл ойшоосон, нөгөө “хахууль авдаггүй, худал хэлдэггүй” гэх хар машиныг үгүйсгэсэн Ардчилсан намынхныг шүүмжилж билээ. Гэтэл Архангай нутгийн бөх Р.Пүрэвдагва тохойгоороо улаан нялга болж уначихаад босч ирээд засуул, хөлийн цэцтэйгээ нийлж байгаад туг тойрчихлоо ш дээ. Хамгийн үнэн юм юу байдаг гээч, хар машин биш шууд дамжуулж буй камерын дүрс бичлэг байдаг юм. Энэ чинь нөгөө хахууль авах боломжгүй, худал хэлэх боломжгүй зүйл юм шүү дээ. Харамсалтай нь, харанхуй хоцрогдсон байдлаар шүүлтээ явуулж, камерын бичлэг, удаашруулсан дүрс хамаагүй гэх Монгол бөх, түүний дэвжээ үнэхээр ёс бус юм аа.
Ирэх жилийн наадам даанч хол байна даа гэж манайхан зүгээр ч нэг хэлдэггүй. Энэ жилийн наадмын бөхийн барилдааныг ирэх жилийн наадам хүртэл ярьдаг, ярих юмтай байдаг монголчуудын хувьд тэрхүү ярианы гол сэдэв нь П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын барилдаан байх нь. Гэхдээ өнгөрснийг эргүүлж болдоггүй, эргүүлэх ч гэсэнгүй, түүх түүхээрээ үлдэнэ. Түүх бидэнд өнгөрсөн дэх алдаа, оноог минь сануулахын тулд байдаг. Тиймээс өнгөрсөн дэх алдааг хойшид дахин давтахгүй байх хуулийн төсөл гарна, батлуулна хэмээн найдна. Энэ удаагийн УИХ-д Монгол түмний хайртай гурван их аварга сууж буй, тэр дундаа зөвхөн бяр чац ихтэй бөх л даваа авах боломжтой болгож өөрчилж, уран барилдаан гарах нөхцөлгүй болгосон дүрэм журмыг А.Сүхбат аварга эргэн нэг харна гэдэгт итгэнэ. Монгол бөхийн ёс бус үйлдэлд гомдож зодог тайлж явсан хүний хувьд зовлонг нь дэндүү мэдэх “жижиг” Сүхбат аварга одоо л нэг “Нууцхан сэтгэлийн үнэн”-гээ дэлгэж, Монгол бөхийн ариун ёс, шударга ёс, эв эеийг цогцлооход хувь нэмрээ оруулна байгаа. Эсвэл энэ мэт хуушууртай ч хуудуутай наадмаа үзсээр байх уу.
Нинж
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Би 3 -дагч аймгийн , ашиг сонирхолгүй хөндлөнгийн үзэгч хүн. Үнэхээр шударга байхын төлөө дуугарахад, Пүрэвдагва түрүүлж тохойлдсоныг зурагтын удаашруулсан бичлэгээр харсан. Заргач гээд айгаад ахин барилдуулж болохгүй шүү дээ. Наадмын салбар хороо, бөхийн холбоо ахин сайтар нягтлах хэрэгтэй. Цолыг нь хурааж ч болно биз дээ
шударга байх ухаан сэтгэл дутаж байна даа зайлуул!!! энэ барьц сонгодгийг өөрчилж дурмэндээ өөрчлөлт оруулах цаг нь аль хэдийн болсон шүүдээ … ер нь монгол бөхийн холбоо гэлтгүй бүх түвшинд өөрчлөлт хийж шударга ёсыг тогтоохгүй ширэн нүүрлээд эргүү царайлаад сууцгаагаад байх юмдаа өөрсдөөсөө байга гэхэд залуу үеээсээ гадны хүмүүсээс ичээсээ
унаагүй юм бол яагад дахиад барилдсан юм болоо би ч гэсэн өөрөө ховд аймгийн хүн гуравдагч талаас нь харж байна,дараа нь өсөрхөөд ч байгаа юм шиг барилдаан болгон дээр бие биенээ амалцгаагаад л энэ монголчуудыг талцуулсан бөхөө барилдуулахаа больчихооч дээ