Энэ сонгуулийн эцсийг зурвал…
Энэ зуны ид халуун сонгуулийн сурталчилгааны үеэр нэгэн нэр дэвшигчид тун ойрын хүн нь нэлээн бухимдалтайгаар дараах зөвлөгөөг өгч байлаа. “…Та одоо болио. Манай АН өнгөрсөн 4 жил ийм тийм сайхан шийдвэрүүд гаргалаа. Ингэж тэгж сайн ажиллалаа гээд газарт буухгүй хүнээс хол юм битгий яриад бай… Зөвшөөрөхөөс яриагаа эхлэл дээ. Та бүхний амьдрал хүнд байгаа.Иргэдийн амьжиргаа хүндэрсэн… Үүнд бид түшээд, манай төр бас буруутай… Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ маш их уналаа. Эдийн засагт ордог мөнгө үнэхээр байхгүйтэй адил боллоо гээд учраа хэлчих л дээ.. Та бүхний амьдрал ямар болсныг ойлгож байна. Би худлаа яримааргүй байна гээд хэл дээ. Өөдөөс чинь хараад сууж байгаа хүмүүс яаж амьдрах вэ гэж зовж байгааг хуваалцаж зовлонд нь ойрхон юм ярь л даа. Би ч гэсэн сонсоод бухимдмаар юм яриад байна ш дээ. АН-ын энэ жилүүдэд хөл дээрээ босчихсон байсан миний бизнес гэхэд л хүндрээд байна. Үйлчлүүлдэг хүн улам цөөрөөд байна. Тэгэхэд үнэнээс хол намынхаа гоё тайланд хамаг яриагаа битгий бараад байгаач ээ. Уулзалт бүр чинь агаарын яриа болж хүнээ холтгоод байна ш дээ…”
Маргаашийг улам гоё болгон зураглахаар улайрч байсан АН-ын сонгуулийн төв штабынханд, тэр үеийн төрийн өндөрлөгүүдэд нь энэ зөвлөгөөг дуут мессежээр явуулчихмаар санагдаж билээ.
Өнгөрсөн 4 жилийн турш бөөгнөрсөн гомдлыг 18 хоногийн мэргэн шийдвэрүүдээр баллуурдах гэсэн АН-ын дээд түвшинд гаргасан сонгуулийн тактикууд муйхар байлаа. Японд дадлагажигч ажилчин гаргах нь биелэж болох гэнэтийн шийдвэр байж болно. Харин Эрдэнэс ТТ-н хувийг буцаах эрхтэйгээр худалдах боломжоор халхавчилж 100 мянгыг данс руу нь хийгээд түүндээ иргэдээ дугаарлуулж эхэлсэн нь дэндүү басамжлал болж ирсэн. Сонгуулийн компанит ажлын талаасаа энэ нь 4 жилд амьдрал нь яаж уруудсаныг нь иргэдэд сануулсантай адил мэдрэмжийг төрүүлсэн. Араас нь ахиулан амжуулж Эрдэнэтийг Оросоос авчихлаа гэсэн цочир мэдэгдэлээр сурталчилгаагаа хаачихав. Сүүлийн 7 хоногт намуудын санал асуулгын дүн ойролцоо гарсанаар АН зүгээс амлалтын аархлаа бүр хэтрүүлсэн ба энэ нь басамжлал болж сонгогчидод хүрсэн. Хэдийгээр яг тогтоогдоогүй ч АН-ын нэр дэвшигчийн тусгай унаагаар зөөлгөж замдаа амлалт авсан ч хаалтны цаана ороод МАН-ыг дугуйлсан сонгогчдын “мэргэн” дугуйлалт АН-ын сонгуулийн сурталчилгааны алдааны өнцгийг харуулна. Мөн өнгөрсөн 4 жилд нь өгсөн “муу” дүнгээ баталгаажуулсан сонголт боллоо.
Үүний оронд АН сонгуулийн сурталчилгаагаа уучлалт гуйхаас эхэлсэн бол өөр байх байлаа. Хэлсэндээ хүрч оффшоруудаа нэр дэвшихийг хориглон, чуулганаа завсарлуулахгүй үргэлжлүүлж, эрсдэлтэй ч зарим нэг тэрслүүгээ намаасаа хөөчихөд ч алдах юмгүй л байсан. Тэртээ тэргүй дотоод зөрчил нь дээд цэгтээ хүрч тэсрэхээр халчихсан байсан нам шүү дээ. Энэ бүхэн бол маш өнгөц буюу сонгуульд амжилт гаргахын төлөөх тархи угаасан өдрүүдийн тухай яриа.
АН өөрийн ялагдлыг аль эрт хөрснөө буулгасныг дүгнэх таамаглах хүн олон байсан. Туршлагатай тулхтай гэдэг улстөрчид, шударга гэж байсан бие даагчид тус тусдаа нүүдэл хийн МАН-ын зүг хөсгөө ачаалж байхад АН хар буйран дээр үлдэж болох таамаг идэвхжиж хоёр нүүртнүүд МАН-ын үнэмлэхээ дэрэн дороосоо гаргаж ил барьж алхаж эхлэв.
Монголын төрд билэгдлийн тоо гээчийн оруулж ирсэн анхдагч “Бөө” гишүүн асан Н.Батбаяр “…Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон нь 1981 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгосонтой” холбон тайлбарласан шиг хамгийн сүүлд АН-ынхан ҮХЦ-ийн шийдвэрээр халхлан сонгуулийн хуулиа өөрчилсөн нь МАН-д 65 суудлаа бэлэглэсэн шийдвэр байсан. 888 бондын хуваарилалт, 99 гишүүнтэй парламент, өрийг өглөг болгох хуулийн төсөл зэрэг нь нэг улстөрчийн үзэл бодол мэт боловч олон нийтэд АН-ын төр барьж буй хошин шог дурсамж болж үлдсэн юм.
Сонгууль савалгаатай битүүрч 47 хувийн санал авсан АН хуулийн гээгдлийг амсаж 9 суудалтай үлдлээ. “Нам маань ялчихлаа, яахуу” гэсэн мессеж нисэлдэж нам тавиулсан АН-ыг өрөвдөх бус тавлах халамцуухан хатуурхал үргэлжилсээр. Нэртэй устай, үйл үйлдэл нь тод үлдсэн төрийн эрх атгасан хэдэн архагуудаасаа болж бүтэн намаараа арын эгнээнд шилжлээ. Орон нутагт жирийн гишүүд нь дахин хэдэн жил ч юм адлагдах дүр зураг тодорч ирэв. Жижиг тойргоор сонгуульдсан нь арай гэж өнгө нь арилж байсан жалга довны хуваагдал, намчирхсан талцааныг дахин сэргээсэн нь хамгийн хортой нь юм.
Энэ сонгуульд МАН сайн менежментээр ялсан бус ард түмэн ухаалаг гэдгээ харуулав. Хоёр томыг ойрхон ялуулж хамтран төр бариулах дундын хувилбараар хийсэн сонголт нь МАНАН үүсгэж мөд сарнихааргүй болсон. Үүнийг өнгөрсөн 8 жилд уруудаж буй амьдрал, унтарахаар уугиж буй ардчиллын утаанаас ард түмэн мэдэрсэн.
Хэрвээ гээд харцгаая. АН ялсан бол. Үгүй дээ дахиад ердийн олонх болсон бол… Х.Баттулга нар нүүрсчдийн намынхан гэсэн хоч зүүлгэсэн хэдтэйгээ нэхэн үзэж, баасан гарагийн гэнэтийн баривчилгаа, АТГ-д бие биеэ өгсөн хар хэрүүлийн тойрог яагаад ч намдахгүй. Тавантолгой, төмөр замыг шийдэхийн төлөө Их хуралд гишүүн сонгосон мэт дээд түвшинд алалдаан яаж өрнөдгийг гайхсан доод хязгаарт хүрсэн ард түмний цөхрөл үргэлжлэх магадлал бас өндөр байсан.
Гэхдээ туйлшрах хэрэггүй. Нийт сонгогчдын 47 хувь нь АН-ын зөв эхлэл санаачилгыг дэмжиж саналаа өгсөн. АН бүтээн байгуулалтыг тунхаглаж өөрсдөө амьдарч сурья гэсэн. Консервений лаазаа хийж чадахгүй байж коммунизм байгуулах гэдэг басамжлалыг үгүйсгэж дотооддоо өөрийгөө болгоод байх үйлдвэрлэгч улс болох суурийг тавьсныг баллуурдах зохисгүй. Эцсийн дүндээ АН-ын бүлэглэлүүдийн жийлцээн зөвхөн намаа ялагдуулаад зогссонгүй. Монголын Ардчиллын хөрсийг хуулах дөхлөө. Ахиулан хийхийн өмнө алдаагаа засах шинэчлэлээ төрийн ордны гадна хийхийг ард түмэн санууллаа. Ахин давраахгүй гэсэн хатуурхлаар АН-ын олигархуудыг төрөөс холтгосон сонголт хийжээ. Хоёр Жавхлан, гурван Энхболдтой энэ парламентад дөрөв дэх Энхболдод суудал өгсөнгүй.
Энэ сонгуулийн эцсийг зурвал “Эвээ эвдвэл гэрээ нурааж. Гэрээ нураавал төрөөс хөөгдөх” санамжийг духан дээрээ бичүүлсэн улстөрчдийн ээлжит тангараг өргөлт байлаа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/ Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/470695.htm
URL: