Сулхан Орос ба Хошуу цорвойн Кремлийг гуйх үлгэр

527-146768628010858005_624576537664534_5255595707585677532_n

Орост хосгүй чадвартай, эрч хүчтэй, эрүүл саруул удирдагч (В.Путин) заяасан. Гэвч уулаасаа эдийн засаг нь буруу тогтолцоотой, далд эдийн засаг зонхилсон, байгалийн баялгийн экспорт, зэвсгийн наймаагаар төсвөө бүрдүүлдэг тул яаж ч гарц хайгаад бүтэх магадлал нэн эргэлзээтэй. Дээр нь АНУ, өрнөд ертөнц тэр чигтээ Оросын эсрэг хориг тавьсан.

Оросын төв банкны өөрийнх нь мэдээгээр бол эдийн засаг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх үзүүлэлтээрээ ёроолдоо тулж очжээ. Тэр ёроолоос дээшээ гарч ирнэ гэдэг урьдчилан таамаглах аргагүй гэнэ.
Путины багийн банкир гишүүд-хатагтай Эльвира Набиуллина, Герман Греф нарын ярьснаар, газрын тосны үнийн уналт 2015 онд Оросын эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн байна. Хэрэв өсөлтийг хангая гэвэл нэг баррель газрын тосны үнийг 45 ам.доллараас буулгахгүй байх ёстой аж. 2016 оны эхний улиралд Оросын ДНБ 1.2, өмнөх 2015 онд 3.7 хувиар унасан гэв.
Путиныг тойрсон эдийн засагчдын дунд хуваагдал үүсчээ. Нэг хэсэг нь, 1) гэхдээ дэмжлэггүй хэсэг нь АНУ-тай сөргөлдөхөө больж, Крымээс татгалзаж, Украинд геополитикийн тоглолт хийхгүйгээр өрнөдтэй нөхөрлөж эдийн засгаа сэргээх; 2) дэмжлэгтэй хэсэг нь Хятадтай хэт ойртож, юу байгаагаа өгч эдийн засгаа сэргээх. Үүнээс өөр сонголт Орост үгүй болж таарчээ.
Ялангуяа Сангийн сайд асан Алексей Кудрин Кремльд элдэв санал тавьж тулгах боловч тэр нь агаарт цацсан хөөс мэт замхарна. Оросын эдийн засгийн хөгжлийн төлөө өрнөдийн улс гүрнүүдтэй харилцаагаа сайжруулахыг Путины багийнхан одоогоор няцааж байна.
Дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй нягт харилцан ажиллахгүйгээр Орос орон хөгжихгүй ээ гэсэн философийг А.Л.Кудрин ягштал номлол болгочихжээ. “Оросыг устгах гэсэн, нураах гэсэн ямар ч улс орон дэлхийд байхгүй” хэмээн түүнийг ярих тусам нь байна, бүр аюултай хэмжээнд байна хэмээн Путин ба цэрэг-аж үйлдвэрийн хамслынхан, генералууд тас гэдийх аж.
“Бид өнөөдөр өрнөдтэй мөргөлдөөнтэй байгаа нь их гунигтай байна. Энэ бол мухардалд оруулах зам. Харамсалтай нь, сулхан Орос өөрийгөө тойруулж шинэ холбоотон нэгтгэж чадахгүй. Технологийн салбарт өрсөлдөж чадахгүй, цэрэг дайны хүч боломжоо ч алдаж гүйцнэ”. Энэ бол Кудрины цөхрөлийн үгс.
Түүний өөдөөс Шадар сайд Аркадий Дворкович Кремлиэ төлөөлөн эдийн засгийн номлол айлдаж байна. Оросын бүс нутгийн элдэв төслүүд, эдийн засгийн онцгой бүсүүд, бүс нутгийн технологийн паркуудад Хятадын хөрөнгө оруулагчид ногоон гэрлээр орооч ээ гэж тэрээр уриална. Өнгөрсөн хаврын байдлаар Орост хөрөнгө оруулъя хэмээсэн гадаадын 166 хүсэлт-мэдэгдэл ирсэн. Гэхдээ түүний дотор Хятадынх наймхан байсанд нь тэрээр туйлын ихээр харамсаж буй юм.
Орос-Хятадын худалдааны эргэлт унасаар 90 тэрбум ам.доллар гэж гарсан. Эргэн сэргээж 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэсэн байхын тулд Дворковичийн үзэхээр Орос дахь Хятадын бизнесийн сонирхлыг өдөөх, түүхий эд-газрын Тос, байгалийн хий авдагийг нь өөрчлөх. Мөн хамтарсан үйлдвэрүүд Орост олныг байгуулж, төлбөр тооцоог рублиэр хийдэг болох гэхчлэн нөхцөл шаардлага дэвшүүлжээ.
Тэр бүү хэл, Оросын Төрийн Дум эх оронч багаа хуулж хаян газар нутгаасаа Хятадад өмчлүүлэх талаар яриад эхлэв. Оросын Алс Дорнодын бүс нутагт Хятадын хэд хэдэн үйлдвэрийг шилжүүлэн байршуулах санал дэмжигдлээ. Эдийн засгийн 12 салбарт, тухайлбал хөлөг онгоцны үйлдвэр, суурь машин, тоног төхөөрөмжийн үйлдвэр, эрчим хүч, хими, төмөрлөгийн үйлдвэрүүд Зүүн хойд Хяхадаас нүүж хил даван Оросын Дорнод Сибиры тухлах аж.
ОХУ-ын Алс Дорнодыг хөгжүүлэх яамны албан ёсны мэдээгээр бол экологийн цэвэр цэмцгэр байдлыг хангавал Хятадын ямар ч үйлдвэр Орос руу шилжин байрлаж болно. Оросууд аль болох улсын үйлдвэрийн газруудыг нэрлэж байгаа бол хятадууд хувийн ба төрийн компаниудаа хослуулан нэр заажээ.
Цаашлаад Хятадын үйлдвэрүүд Оросын нутагт татварын тусгай хөнгөлөлт эдэлнэ. Нутгийн захиргааны зүгээс найрсаг сэтгэлэээр угтана. Үр дүн нь Алс Дорнодын нутаг дэвсгэрт экспортын чиглэл бүхий хамтарсан үйлдвэрүүд олноороо буй болох гэнэ.
2015 оны зургадугаар сард ОХУ-ын ХААЯ-наас гаргасан нэгэн лут шийдвэр бий. Тэр бол Өвөр Байгальд 100 мянга гаруй га нутгийг хөдөө аж ахуйн зориулалтаар Хятад компаниудад 50 жилээр түрээслэх явдал. Чухам энэ үеэр Оросыг хэсэг хэсгээр нь тасчин зарах нь уу гэсэн хардлага явж байлаа. Гэтэл Төрийн Думын холбооны зөвлөлийн зүгээс Оросын ХААЯ-ны эл шийдвэр дэмжигдээд баяр хүргүүлээд гараад ирэх нь тэр.
“Хятадууд Оросыг мөлжихөөс өөр олигтой юу хийв” гэсэн хэрүүл Москвад үргэлжиллээ. Харин Хятад хэргээр тэгэх гэсэн юм шиг Оросын геополитикийр чухал хөзөр болох BRICS (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) гэх эвслийг нураахаар далдуур элдэв юм сэдэж байна гэх хардлага Оросоос цухалзав.
Financial Times сонины мэдээгээр бол тэр BRICS-ийг нь TICK (Тайвань, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос) гэх шинэ эвсэл орлон гарч ирж нураах аж. Учир нь Орос, Бразил хоёр хоёул рецесст орсон. Энэ хоёр улс BRICS-ийн локомотив хэдийнэ байхаа больсон, BRICS-ийн актив нь 800 саяас 100 сая ам.долларт хүртлээ унасан явдал тийнхүү нураагдах үндэс болжэз.
БРИКС нь хойшид хөгжиж буй зах зээлийн механизм байхаа болилоо. Өмнө нь тэгж нэрлэгдээд хэдэн жилийг элээсэн, одоо шинэ дэг журам хэрэгтэй хэмээн Copley Fund Research гэдэг судалгааны байгууллага лүндэгдэв. Харин тэр БРИКС-ийн оронд тэр TICK гэх шинэ эвслийн жин аажмаар өсчээ. TICK (Тайвань, Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос) гэх шинэ эвслийн хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалтын сангийн өсөлт нь 2013 онд 40 хувьтай байсан. Харин одоо 54 хувь болж, хамаг актив нь өсчээ.
Оросыг ганцаардуулах, БРИКС нурах үйл явц Номхон далай дамжсан худалдааны түншлэл (Trans-Pacific Partnership) буй болохтой давхцан явагдах нь зүй тогтолт үйл явдал арай ч биш байх. Ийм түншлэлийн хэлэлцээр байгуулахыг Барак Обама 2015 оны аравдугаар сард зарласан. Энэ хэлэлцээрт нэгдсэн АНУ, Япон болон Номхон далайн хоёр эргийн, өмнөд хэсгийн улс орнууд Оросын худалдааны 10 гаруйхан хувийг бүрдүүлдэг гэхээр чухал биш ч юм шиг.
АНУ уг түншлэлээ зарлахдаа л Орос, Хятад хоёрыг урьсан. Энэ бол 2015.11.02-ны өдөр. Орос хариуд нь Дэлхийн худалдааны байгууллагаас Номхон далайн транс худалдааны түншлэл юугаараа давуу юм бэ гэх хачин асуулт тавьж, хариу шаардсан юм.
Номхон далайн транс худалдааны түншлэлд орсноор Орос бүрэн эрхт байдлаа алдана гэх хардлагын няцааж Оросын профессор Алексей Портанский тулхтай тайлбар хийжээ. Нэгэнтээ чөлөөт худалдааны бүсүүд байгуулагдах бол Ази руу чиглэсэн Орост юуных нь аюул болох билээ хэмээн тэрээр ярьж байна.
Эрдэмтдийнхээ үгийг унтраая гэсэн шиг дараахан нь Оросын Төрийн Думын дарга Сергей Нарышкин бүр ч эсэргүү мэдэгдэл хийв. Атлантын далай дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл (Transatlantic Trade and Investment Partnership), Hoмхон далай дамжсан худалдааны түншлэл (Trans-Pacific Partnership) хоёр бол хаалттай бүтэц, Дэлхийн худалдааны байгууллагын үүргийг хэтдээ булаан авах бэлтгэлтэй хэмээн тэрээр хардав. 2013 оны долдугаар сараас Европын Холбоо нь Атлантын далай дамжсан худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл байгуулахаар хэлэлцээ нээлттэй хийж эхэлсэн.
Дэлхий дээр хамгийн томд тооцогдох татваргүй барааны бүс байгуулах тухай ярьж байна. “АНУ+Европын Холбоо + Канад, Мексик, Швейцарь, Лихтенштейн, Норвег, Исланд=820 сая хүн ард” гэсэн тэнхлэгээр дэлхийд хосгүй том чөлөөт худалдааны орон зай үүснэ. Дээр нь Ази-Номхон далайн түншлэл наанаас нь угтана. Газрын зураг дээр өнгөөр ялгавал Евразийг, тодорхой хэлбэл Оросыг хоёр талаас нь бүсэлсэн байдалтай харагдах биз.
Тэглээ гээд энэ нь Оросыг устгах гэсэн төлөвлөгөө биш. Гэтэл Төрийн Думын Олон улсын хэрэг эрхлэх хорооны дарга Алексей Пушков “Нэгэн хэт их гүрний явцуу зорилгыг хангах оролдлого” хэмээн хардав. Орос нөхдийн үздэгээр энэ бол Номхон далай дамжсан худалдааны түншлэл гэдэг нь ерөөсөө Орос, Хятадын нөлөөг хязгаарлах, АСЕАН, АПЕК-ийн альтернатив механизм болж таарах гэнэ.
Хардаад буй тэр эвсэл нь манай Азид бол Ази-Номхон далайг дамнасан чөлөөт худалдааны асар том орон зай гарч ирэх болж байна. Хэлэлцээрт 2016.02.04-нд Окленд хотноо гарын үсэг зурсан. Дэлхийн ДНБ-д Номхон далайн транс худалдааны түншлэлийн орнууд 38-40 хувь, дэлхийн нийт худалдааны дөрөвний нэгийг эзэлнэ. Уг нь ийм түншлэлийг АНУ Оросын эсрэг санаж сэдээгүй юм. Гэтэл оросууд тэгсэн гэж хардаад хаалгаа хаагаад авлаа.
Түүхээс үзвэл 2003 онд гурван улс буюу Шинэ Зеланд, Сингапур, Чили нь үүнийг санаачилжээ. 2005 онд Бруней тэдэн дээр нэмэгдэж орсон. Араас нь дөрвөн улс орж, 2006 он гэхэд тэр түншлэлийн эвслээ зарласан. Цаашаа сэвгүй түүх үргэлжлээд эдүгээ 16 гишүүн улстай болоод байна. Оросын ойрын холбоотон болох Вьетнам энэ түншлэлд байдаг.
Энэ тухайд өрнөдтэй сөргөлдөхөө больж, Крымээс татгалзаж, Украинд геополитикийн тоглолт хийхгүйгээр өрнө-дорнотойгоо зэрэг нөхөрлөж эдийн засгаа сэргээе гэх талынхан хошуу цорвойн Кремлийг гуйх бөлгөө.
Г.Гомбо
Проф/PhD/

URL:

Нэр: Зочин Огноо: 6 July 2016

Оросын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд иймэрхүү байдлаар дүн шинжилгээ хийх нь манай засгийн газрын эрх барьж буй хэсэгт буруу мэдээлэл өгөх үр дагавартай юм даа. Хамгийн гол нь тэд ямар салбарт ямар бодлогоор амжилтанд хүрч байгаа, ямар асуудлуудыг шийдвэрлэхдээ ямар бодлогын алдаа хийж байна тэндээс манай улсад ямар хожоо гарах гээд бид тэр том зах зээл рүү хэрхэн яаж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх талаар бодол санаагаа уралдуулах хэрэгтэй юм шигээ. Түүнээс бус барууны бодлого хамгийн зөв гээд магтаад, бусдыг муулаад ухаантай царай гаргах хэрэггүй бус уу.

Сэтгэгдэл бичих