Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Хөвсгөлийн загасыг Оросууд машин машинаар ачиж байна
Хөвсгөл аймгийн Ханх сум ОХУ-тай хил залгадаг. Тус сумын нутагт байрлах Туртын хилийн боомтоор Оросууд олноороо орж ирж, ямар ч хяналт, зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээний загас барьж байна гэдгийг Хөвсгөлийн хойд сумдаар аялаад ирсэн хүн хэллээ. Мөн баримт болох зураг ч авсан байна.
Оросууд хөвсгөлийн онгон дагшин байгалиар дур зоргоороо аялан, байгаль орчныг бохирдуулан, их хэмжээний загас агнасаар байгаа юм байна. Өнгөрсөн жил гэхэд л 8000 орчим орос иргэд ирж зөвшөөрөлгүй загасчилж, аялсан гэх судалгаа байна.
Доорхи зурагт байгаа Оросууд Уртрагийн давааны Хороо гол дээр байгаа юм байна. Монгол Улсын хуулиар гадаадын иргэд загасчлахдаа Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамнд хураамж төлж, зөвшөөрөл авах хуультай.
Гэтэл энэхүү хууль хөдөө орон нутагт огт хэрэгждэггүй талаар Хөвсгөлийн Ханх сумын иргэд ярьжээ. Тухайлбал Оросуудад загасчлах зөвшөөрөл олгох гэхээр хот орж, яаманд хандахаас нааш бүтдэггүй аж. Тиймээс аялагчид нэг зөвшөөрөл авахын төлөө хот явахгүй нь мэдээж болж байгаа юм. Үүнд орон нутгийн байгаль орчныхон болон Мэргэжлийн хяналтынхан ч анхааарал хандуулах янз алга.
Монголын Швеицар гэгддэг Хөвсгөл нуурын эргэн тойрон Ханх сумын нутаг Оросуудын хагас бүтэн сайн өдрүүдээр ирж архиддаг, загасчилдаг хогоо хаядаг газар болсон байна. Ядахдаа тэднийг хилээр орж ирэхэд нь хогийн уут тарааж буцааж ууттай хогийг нь хураан авч хяналт тавьж хэвшүүлмээр юм. Манай улсын байгалийн баялагаас өнгөрсөн жилүүдэд Оросууд хичнэээнийг авч, хэдэн арван саяар тоологдох хөрөнгө зөөж буйг таашгүй байна. Энэ нь төлөвлөлт, зохион байгуулалтгүй, эх орныхоо баялагт эзэн болж чаддаггүй манайхны буруу биз. Ядаж хуулиа хөрсөн дээр буулгах шаардлагатай байна шүү дээ. Хууль чинь хөрсөн дээр буугаагүйгээс болоод, Оросууд хөвсгөлийн загасыг машин машинаар ачаад байна.
Г.Наран
- 1
- 2
- 3
- 4
URL: