Монголын орос тагнуулч хар лам Петр
Үнэн алдарт шашинтны хар лам Петр Ромын пап ламд бараалхан Монголд дагаар орох тухай ятгаж байсан тухай янз бүрийн материал интернетээр ихээр цацагдах болжээ. ОХУ-ын “Лента”цахим хуудсанд хар лам Петрийн тухай юу гэж бичсэнийг толилуулъя.
Апокалипсисийн морьтнууд
2000-аад оны эхээр эрдэмтэд католик Европ болон Монголын эзэнт гүрний эхэн үеийн харилцааны талаархи урьд өмнө мэдэгдээгүй байсан цөөнгүй гар бичмэлүүдийг илрүүлжээ. Хамгийн сүүлд гэхэд 2008 оны арванхоёрдугаар сард “Sotheby’s” дуудлага худалдаанд “Tractatus de ortu Tartarorum” буюу “Тартаруудын мандан бадарсан тухай трактат” зэрэг гүн Девоны бүтээлүүдийн эмхтгэл тавигдсан байдаг.
Тэрхүү трактатыг цөвүүн цагт бичжээ. 1240 онд Монголын цэрэг Оросыг галдан шатаагаад католик ертөнцийн хилд тулж ирсэн байв. Үүнээс ердөө жилийн дараа монголчууд Унгар, Хорват, Герман болон Польшийн цэргийг бутцохисон ч өрнө зүгийг зорьсонгүй, гэнэт гарч ирснийхээ нэгэн адил Евразийн өргөн уудам газар нутгийн гүнд дахин замхран алга болжээ. Нүүдэлчдийн шатаасан хотуудаас ирсэн дүрвэгсдийн зүрх шимшрүүлэм ярианууд Европын элитийг “Апокалипсис буюу сүйрлийн морьтонгууд”-ыг эргэн ирэхийг айж мэгдэн хүлээхэд хүргэжээ.
Хэрхэх вэ? Монголчуудтай тохиролцож болох уу? Монголчууд руу элч төлөөлөгчид илгээвэл бүгдийг нь шалтгаангүйгээр цаазалчихдаг болов уу, яадаг бол?
Чухам ийм нөхцөл байдалд 1244 онд Ромын пап лам IV Иннокентий болон түүний кардиналуудын өмнө Оросын хар лам Петр гэгчийн хэлсэн үгийг буулган Монголын эзэнт гүрний тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дээрх “Трактат”-ыг бичжээ. Мэдээлэгчийг орос үндэстэн гэсэн нь санамсаргүй зүйл биш. Орос лам нар, тайж нарын зарцууд, олзлогдсон дархан, мужаанууд монголчуудын тухай мэдээлэл өгөх бараг цорын ганц эх сурвалж болж байв (Плано Карпини хүртэл их хааны ордонд голчлон тэд нартай харилцдаг байжээ).
Петр эрдэм номтой хүн байсныг түүний монголчуудын үүслийн тухай дэлгэрэнгүй яриа нь илтгэнэ. Тэрээр үнэн алдарт шашинтнуудын сайн мэддэг апокалипсисын тухай VII зууны текстийг ишлэж байжээ (Патарын хуурамч Мефодийн “Сүйрлийг илчлэхүй”). Тэнд хуучин гэрээнд гардаг Гидеоны бутцохин Эфриб цөл рүү хөөсөн измаилиуд эргэн ирж, царцааны нүдлийн адил 49 жилийн турш ертөнцийг тарчлаах тухай гардаг аж. Хуурамч Мефодий христийн шашинтны төсөөлдөг ертөнцөд бүх Ойрхи дорнодыг эзлэн авсан лалын шашинтан арабуудын тухай ийн анхааруулсан байдаг. Гэвч дундад зуунд бусад нүүдэлчин үндэстнүүдийн байлдан дагууллыг ч уг ухагдахуунд хамруулжээ (XI зууны кипчакууд, XIII зууны монголчууд).
Петр түүнчлэн монголчуудыг ромынхон болон латинуудтай аймшигтайгаар тулалдахад бэлдэж буй тухай ярьсан аж (“Сүйрлийг илчлэхүй”-д измаилиудыг ромуудын хаан бутцохих тухай өгүүлдэг).
Харин үүний дараа цоо шинэ тэс өөр мэдээлэл өгчээ. Тэрээр, измаилиудын 12 хаадын нэг “Татар хаан”-ы удам Циркан их хот Орнакийн захирагч Курцеусийн өдөөн хатгалгаар ард түмнээ цөлөөс гаргасан гэсэн байна. Энд тэмдэглэхэд, Ургенч хотын хорезмшах Ала Аддин II Мухаммед 1218 онд Чингис хааны илгээсэн олон арван элч нарыг цаазласан юм.
Урвагч түшмэл
“Трактат”-ын бусад материал монголчуудын хоол хүнс, шашин шүтлэгийн тухай товч тайлбарыг эс тооцвол үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Нэг нь өрнөдийнхнийг сэргээн бадрааж Монголын хааны өргөө рүү элч нараа явуулахад хүргэхэд чиглэсэн бол нөгөөх нь Монголын цэргийн дийлдэшгүй сүр хүчийг магтан дуулсан ажээ. Гэвч Петр тэдгээр мэдээллийг өөрөө цуглуулаагүй, тэрээр “Цирканы охинтой гэрлэсэн” ч худал хэлэн хааны өргөөгөөс хөөгдсөн Халаладан гэгч түшмэлийн өөрт нь хэлсэн зүйлд тулгуурлажээ.
Оньсого мэт Халаладан гэгчийн гажуудуулаагүй жинхэнэ нэр хэн болохыг эрдэмтэд тогтоож чадаагүй юм. Монголын элитийн амьдралын тухай гол эх сурвалж болдог Рашид-Ад-Дин Чингис хааны таван охины (их хатан Бөртэгээс гарсан) тухай өгүүлэхдээ Халаладаны тухай юу ч дурсаагүй аж. Гэхдээ их хаанд түүхэн эх сурвалжид дурдаагүй цөөнгүй өөр охид байжээ. Монголын язгууртан түшмэлийг ямар нэг буруу үйлдлээс нь болж хөөнө гэдэг ховор боловч байж боломгүй зүйл биш. Харин Халаладаны мэдээллүүд түүнийг “улс төрийн дүрвэгч” бус эзлээгүй нутаг оронд зориудаар илгээсэн, хүн ардад нь ташаа мэдээлэл тараах үүрэгтэй тагнуулч байсан байж болзошгүйг харуулна. /www.polit.mn/
Тэрээр нүүдэлчид Ромын пап ламыг дэлхийн дээд удирдагч гэдгийг олж мэдээд түүнийг харахыг хүссэн гэж ярьсан гэнэ (Intellexerunt etiam papam esse maiorem de mundo et omnibus modis volunt eum visitare). Бүх дэлхийг захирахаар аян дайн хийж буй монголчууд ингэж хүснэ гэдэг эргэлзээтэй. Ромын элч төлөөлөгчдийн тэргүүн Асцелин 1247 онд их хааны Перс дэх захирагч Бачу ноёнд бараалхахдаа пап ламыг ертөнцийн дээд захирагч болох тухай ярьж эхлэхэд, монголчууд хилэгнэн яриаг нь тасалсан байдаг билээ. Дээрх зальжин хүсэлтийн жинхэнэ утгын тухай хэлэхээ түр азная.
Улмаар Петр (Халаладаны үгийг давтан) нүүдэлчид хүн алах, хулгай хийх, худал хэлэх зэрэгт маш хатуу хууль цаазтайг, мөн Загалмайлагч Иоанныг шүтэж хаа сайгүй гэгээн дүрийг нь залдаг тухай өгүүлжээ. Хар лам монголчуудын тусдаа гэрт авч явдаг, харийн бүх элч мөргөх ёстой Чингис хааны хөргийг тэгж эндүүрэн хэлсэн бололтой.
IV Иннокентий болон кардиналууд Петрээс, “Монголчууд энхийн гэрээ хэлэлцээрээ сахин мөрддөг үү?” гэж сонирхжээ. Хар лам үүнд, эсрэг тал гэрээг сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол сахидаг гэжээ. Элч нартай хэрхэн харьдцаг вэ гэхэд тэрээр, “Хүндэтгэлтэй хандан хүсэлт саналыг анхааралтай авч үзэн хариу өгөн буцааж илгээдэг” гэсэн байна.
Айлгах зорилготой худал
Энэ бүхэн өрнөдийнхөнд таатай мэдээ байв. Харин дараа нь айдаст автуулах мэдээллийн ээлж иржээ. “Монголчууд хэр хүчтэй вэ?” гэж асуухад Петр “Тэд европынхноос хавьгүй илүү хүч тэнхээтэй” (fortiores nobis sunt et agiliores) гэж хариулжээ.
Харин Монголын цэргийн тооны талаар Петр тодорхой зүйл хэлээгүй ч монголчуудтай бүх үндэстэн, шашныхан нэгдэн нийлснийг тэмдэглэжээ. Мөн Монголын армиуд египетууд, туркууд (селжукууд), унгарууд болон польшуудын эсрэг гурван фронтоор амжилттай байлдаж буйг хэлсэн байна.
Петр нүүдэлчдийн зэвсэглэлийн тухай ярихдаа тэднийг эрхий мэргэн харваачид гээд эрэмгий дайчин эмэгтэйчүүд нь морь унан эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн тулалддагийг ч дуулгажээ. Мөн монголчуудын ширэн хуягийг сум нэвтэлдэггүй гэсэн байна. Үүнээс гадна хот цайзын хана хэрэм нураах зориулалттай маш оновчтой харвадаг хүнд төхөөрөмжүүдтэй гэжээ. Эцэст нь монголчууд бүх дэлхийг өөртөө захируулах зорилготой гэсэн аж (volunt sibi totum mundum subiugare).
Улмаар “дүрвэгч” Халаладаны худал мэдээлэл бүр илэрхий болж эхэлдэг. Монголчуудын тэнгис, гол мөрөн гатлах чадварын тухай асуухад Петр монгол цэрэг гол мөрнийг мориор туулдаг, харин тэнгисийн аянд зориулан гурван боомтод флот байгуулж буйг дуулгажээ. Гэтэл монголчууд анхны флотоо (хятад, солонгос далайчидтай) үүнээс 30 жилийн дараа л Японыг эзлэх зорилгоор (тэр нь бүтэлгүйтсэн) бий болгосон билээ.
Тэгэхээр, Халаладан Петрт гарцаагүй сүйрлээс аврагдахын тулд латинууд хааны өргөөнд элчээ явуулахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэд хүргэх тийм л мэдээллийг өгсөн гэлтэй. Ромын пап ламыг хүндэлдэг, Загалмайлагч Иоанны хөргийг залдаг тухай дэндүү утгагүй мэдэгдэл нь монголчууд христийн шашинд тааламжтай ханддагийг илтгэх ёстой байв. Гэхдээ мэдээж Петр/Халаладан элч илгээсэн улс орон сайн дураар дагаар орох анхны алхмаа хийсэн гэж нүүдэлчдэд ойлгогддог байсныг хэлэлгүй өнгөрчээ.
Монголчуудын орос тагнуулч уу?
Цагаач түшмэл Халаладан Петрт юу ч ярьсан гэлээ, католикуудын удирдлагатай чухам орос лам л өөрөө уулзсан. Түүний удам угсаа, энэхүү үйл явдалд гүйцэтгэсэн үүрэг ихээхэн сэжигтэй.
Түүхчид Петрийн тухай ямар нэг тодорхой зүйл (тэр дундаа үнэхээр архиепископ хэргэмтэй байсан эсэхийг) одоо хэр олж мэдээгүй байна. Гар бичмэлийн нэгэнд түүнийг Belgrab хотынх гэжээ. Тэрээр Киевийн Белгородын епископ байж байгаад Бат хаан өмнөд Оросын нутгийг цөлмөсний дараахи замбараагүй байдлын үеэр Киев болон бүх Оросын митрополитын туслах болсон байж болзошгүй юм. /www.polit.mn/
Парисын Матвейн түүхэн тэмдэглэлд Петр төрөлх нутгаа орхиод 1244 онд монголчуудтай хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө, тусламж авахаар Ромын пап дээр ирсэн гэжээ. Гэтэл нүүдэлчид Киевийг 1240 оны арванхоёрдугаар сард сүйтгэсэн. “Дүрвэгч” лам дөрөв шахам жил хаана, юу хийж байсан хэрэг вэ? Монголчуудын илгээсэн тагнуулч юм биш биз? Ийм асуултууд өөрийн эрхгүй гарч ирнэ.
Түүнийг тагнуулч байсан байж болзошгүйг дараахи баримтууд илтгэнэ. Нэгдүгээрт, Чингис хаан ба түүний хүрээлэл буддын, даогийн, лалын, христийн гээд бүх шашны лам нарыг хүндэтгэдэг байв. Монголын удирдлагын сайн сайхны төлөө залбирдаг шашны зүтгэлтнүүд хүн амын татвар, цэргийн болон хөдөлмөрийн үүргээс чөлөөлөгддөг байжээ.
Хоёрдугаарт, хамгийн чухал нь монголчууд авъяаслаг харийнхныг ашиглаж чаддаг байсан юм. Тэд нэн ялангуяа эзэнт гүрнийх нь дагуул болоход улс орнуудын хаад, бусад нөлөө бүхий хүмүүсийг ятгаж чаддаг зуучлагчдыг ихэд үнэлдэг байлаа. Жишээ нь, Өгэдэй хаанд хүндтэй алба хаших болсон Персийн үнэт чулууны наймаачин Шамс Ад-Дин Умар Казвиниг дурдаж болно. Тэрээр Селжукийн султан II Кей-Хосровтой уулзан монголчуудад дагаар орсноор дордох зүйл үгүй, татвар ч туйлын бага хэмээн худал хэлээд ятгаж дөнгөсөн гэдэг. Үүнээс болж султан сонор сэрэмжээ сулруулсан бөгөөд түүний арми 1243 онд Бачугийн цэргийн гэнэтийн дайралтад өртөн бут цохиулжээ.
Архиепископ Петр Ромын папын ордонд дээрхтэй адил ухуулагч, худал мэдээ түгээгчийн үүрэг гүйцэтгэсэн байж болох юм. Ромын паптай уулзсаны дараа орос хар ламын тухай ямар ч эх сурвалжид дурдаагүй нь (жинхэнэ дүрвэгч байсан бол уг нь Европт үлдмээр) тийм байж болохыг мөн илтгэнэ.
Хэрэв Петр Монголын тагнуулч байсан бол тэр даалгавраа гайхамшигтай сайн биелүүлжээ. Тэрээр католикийн сүмийн дээд удирдлагад монголчууд бол эсэргүүцээд нэмэргүй, хуурамч Мефодийн зөгнөн хэлсэн “апокалипсисийн дайчид” мөн гэж итгүүлж дөнгөсөн. Дээр нь IV Иннокентий Петрийн Монголын арми байгаа гэж хэлсэн тэр л нутгууд руу гурван өөр элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг илгээсэн байдаг.
Угтаа Орос хар ламын яриа л Ромын папыг монголчууд руу элч төлөөлөгчид явуулахад хүргэжээ (папын ширээнд заларсан эхний хоёр жилдээ IV Иннокентий Монголын аюулыг ухамсарлаж байсан ч элч илгээх алхам хийхээс айж байжээ). Дахин сануулахад, нүүдэлчид энхийг хүсэн элч илгээсэн улсыг эзэнт гүрэнд нь дагаар ороход бэлэн гэж ойлгодог байсан билээ.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: