Хүрмэн нүүрснээс нефть гаргаж, боловсруулах үйлдвэр байгуулна

Манай улс дотоодын нефть бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 90 гаруй хувийг нэг улсаас хангадаг. Энэ нь алдаатай байсан нь мэдэгдэж, өнгөрсөн тавдугаар сард нефть бүтээгдэхүүний хомсдолд орсон. Тиймээс Засгийн газраас нефтийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Түүнчлэн манай улсад хамгийн элбэг байдаг хүрмэн нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргах технологийн үйлдвэр байгуулах талаар яриа, хэлэлцээрүүд явагдаж байгаа юм байна. Энэ тал дээр АХБ-наас арилжааны зээл авах талаар яригдаж байгаа аж. Хүрмэн нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргах технологиор Герман улс дэлхийд тэргүүлдэг юм байна. Тиймээс манай улсад албан ёсоор айлчлахаар болоод байгаа ХБГУ-ын Канцлер Ангела Меркелд айлчлалын хүрээнд тодорхой санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ хүрмэн нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нарийн гаргачихвал АХБ-наас тодорхой хэмжээний санхүүжилт олгоход бэлэн байгаа гэлээ. Нөгөөтэйгүүр төсөл үнэхээр үр ашигтай байвал АХБ-наас ямар нэгэн хязгаарлалт тогтоолгүйгээр шаардлагатай санхүүжилтийг гаргахад бэлэн байгаа аж. Засгийн газраас эхний ээлжинд урьдчилсан ТЭЗҮ-ийг Германы мэргэжлийн компаниар хийлгээд байгаа бөгөөд цаашид батлагдвал санхүүжилт хайж эхлэх юм байна. Дашрамд дурьдахад, хүрмэн нүүрснээс нефть гаргах үйлдвэр байгуулахад дор хаяж 1.8 тэрбум евро шаардлагатай байдаг бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг зөвхөн АХБ хариуцах боломжгүй аж. Тиймээс Засгийн газраас энэ тал дээр АХБ, Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагын дэмжлэгийг авч ажиллах юм байна.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих