Буддын шашин ба айл гэр
Шинэ байранд орсноор тухайн айл гал голомтоо шинээр үүсгэж байгаа хэрэг билээ. Аливаа байх сууцанд шинээр орохдоо ариулах үүднээс хүмүүс сүсэг бишрэлээрээ ном уншуулдаг. Ер нь хүн гэдэг амьтан үргэлж муу зүйл, атгаг санааг сэтгэлдээ тээж явдаг учраас тэр муу муухай бүхэн биеллээ олохоос эмээж, лам залж ном айлтгуулдаг учиртай. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн засал гэж ойлгож болно. Мөн Монголчууд шинэ гэрт орсны дараа газар, уул усны аюулаас хол байх үүднээс бурхан багшийг хамгийн анхны айлдсан ном болох “Дашзэвэг”-ийг уншуулдаг. Айл гэрт хүний үйлдэхүйгээс үл шалтгаалах ямар ч гай гамшиг тохиолдож болох тул эдгээрээс зайлсхийх, түүнчлэн газар лусыг номхотгох үүднээс ном уншуулдаг бөгөөд тэрхүү ном нь үүд, хоймор, галын сахиус гэх мэт орон гэрийг хамгаалдаг сахиуснуудад даалгавар болж очдог.
Хуучин байр сууцанд орохдоо ном айлтгадаг учир нь хоёр зүйлд буй: Эхнийх нь, өөрт төрж буй атгаг муу санаагаа дарахын тулд, удаахь нь, шүглэсэн ад тотгорыг хөөн зайлуулж, нухчин дарж, ирээдүйд учирч болох аюулаас зайлсхийхийн тулд юм. Бас муу хүнд байр сууцаа зарах нь хэмээн сэтгэлээ сэвтээх хэрэггүй.
Бид од гарагсаас гадна лусын эрхшээлд байдаг. Лус гэдэг нь бидний оршин буй газар, уулын эзэд болох савдгийг усаар эрхшээн захирч байдаг юм. Тиймээс асар их усны гүйдэлтэй газрыг номхотгох үүднээс лусаас зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Эсвээс, лус газраа өгөхгүй ба тухайн газарт барьсан барилгыг нурааж аюул учруулах болно. Тэр ч байтугай эрт үед олон сүм хийд ямар нэгэн шалтгаангүйгээр нурж сүйрч байсан түүхтэй. Энэ нь лусд айлтгаагүйтэй холбоотой байсан юм.
Шинэ байшингийн газрыг очироор хөнддөг. Очир, хонх бол арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, билэг нь хонх бөгөөд юуг ч зүсэх чадвартай очир алмас эрдэнийг билэгдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгадаг. Очир асар их хүчийг агуулдаг учраас лусын эздээс зөвшөөрлийг авч чаддаг. Харин хонхны дуу нь бурхны чихэнд уянгалаг сайхан аялгуу болон хүрдэг бол ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг нь хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж очин атгаг муу санааг нь хагалан бутраадаг. Хонхны дуугаар дарж үлдэн хөөж чадаагүй ад зэтгэрийг очироор нухчин дардаг. Тиймээс хонх очир хоёр нь тусдаа үл байхын тухайтад ажээ.
Орчин үеийн суурин соёл иргэншилд шилжсэнээс хойш байшин барилгыг янз бүрийн байрлалтайгаар барих болсон билээ. Хүмүүс том өрөөний эсрэг талыг хоймор гэж ойлгодог. Харин үүнээс үүдэн бодис болоод агаарын солилцооны урсгал өөрчлөгдөж тархи толгойн өвчин үүсэх шалтгаан болдог тул буруу юм. Ертөнцийн зүг чигт тулгуурлан хоймроо тодорхойлох хэрэгтэй. Манай ард түмэн дорнын их соёлтой учраас ертөнцийн зүг чигт онцгой ач холбогдол өгч ирсэн. Нар зүүн зүгээс манддаг учраас гэрийнхээ үүдийг тэр зүгт харуулдаггүй, дэлхийн тэнхлэгийн гол руу чиглүүлж барьдаг. Хоймор гэдэг нь гэрийн үүдний эсрэг тал гэдэгтэй уялдаатай ойлголт биш бөгөөд сайн зүг буюу хойд зүгтэй холбоотой юм. Түүнээс гадна өвөг дээдсээс хоймрыг бурхан зүг хэмээн хүндэтгэж үздэг байсан. Гэрийн эзэн мөнх бусыг үзүүллээ гэхэд бурхан зүгт залж толгойг нь хойш харуулан гэрийн баганы хооронд байрлуулдаг учиртай ажээ. Бас хадагны тухайд хэлэх зүйл их бий. Хадаг хэмээх үг нь төвдөөр өнгө гэсэн утгатай бөгөөд шунал, уур, мунхаг, атаа, харам гэсэн 5 хор байдаг. Хадагны өнгө нь 5-н хорыг дарах чадалтай бурхдыг билэгддэг бөгөөд 5 өнгийн хадаг байлгах нь 5 бурхны өнгөөр муу болгоныг арилгаж, сайн сайхан бүхнийг оршоож, хуруулахыг зорьж байгаа хэрэг ажээ. Монголчуудын тухайд эртнээс цэнхэр өнгийн хадаг голлон хэрэглэж заншсан. Насны буян арвижуулах арвай боосон хадаг тоононоос уях нь гэрийн орон зайг хамгаалж байгаа хэлбэр. Тэрхүү арвайтай хадаг нь салхи шуурганаас гэрийг хамгаалж, хүндийн төвийг доош нь чиглүүлэн газрын татах хүчтэй холбож өгдөг.
Монгол айлын хувьд шашны эд зүйлийг байршуулах тусгай булантай байх хэрэгтэй. Ихэнхи хүмүүс “Би бурхан шүтдэггүй” хэмээн бурхныхаа ая тухыг боддоггүй. Бурхан шүтнэ гэдэг Ганданд очин, бурханд мөргөн, ном уншуулахын нэр биш ажгуу. Зарим нь бусдын хэл амнаас эмээхдээ Ганданд мөргөөд байдаг. Хүн гэдэг амьтан Шороо, Хий, Ус, Гал зэрэг 4 махбодиос ангид явахгүй, тэдэнтэй учирч байж л хүн төрлийг олдог. Тиймээс хүн болоход нөлөөлсөн 4 махбодио шүтэхгүйгээр сайн явна гэдэг юу л бол. Үнэндээ сэтгэлээ ариусгаагүй, бурхныг ойлгож хүлээж аваагүй цагт бурханд мянга мөргөөд нэмэргүй. Зарим хүн алжаалаа тайлах үүднээс загасчлах зэргээр ан хийж байдаг. Хамгийн гол нь хүн хэм хэмжээгээ мэддэг байх хэрэгтэй юм.
Бурхан багшийг гэртээ залвал хамгийн ээлтэй. Харин батлан хамгаалах яам, шүүх, цагдаагийн байгууллагуудад залдаг “Цагдаа” бурхан гэж нэрийддэг Жамсран бурханг гэртээ байрлуулж болох юм. Учир нь Жамсран бурхан айл гэрийг хулгай дээрэм, худал хуурмагаас хамгаалдаг. Бурхнаа залахын тухайд аливаа хүнд үнэхээр сүслэх сэтгэл байвал бурхнаа хаа ч байрлуулсан болно. Энэ нь бурхан хамгийн гол чиний сэтгэлд байх ёстой гэсэн үг юм. Өөрийн шүтдэг бурхнаа түрийвчиндээ хийнэ гэдэг бол буруу. Бурхан гэдэг хүний биеийн бүсэлхийнээс дээш оршиж байдаг ариун эд. Тэгэхээр хүмүүс үүн дээр анхаарах хэрэгтэй. Бурхан таны гэрт хүндтэй газар байрлах, эсвэл бөгсөн доороо хавчуулж явахын аль нөхцөлд нь ивээлээ илүү хайрлах болоо?
Монголчууд эд баялаг урин дууддаг хэмээн “Баян Намсрай” бурхныг дээдлэн шүтдэг. Намсрай бурхныг шүтэж, түүнд тангараг өргөн гуйсан л бол хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Намсрай бурхныг шүтчихсэн юм чинь гээд ажилгүй архайж суун, алт мөнгө аяндаа урсаад ороод ирнэ гэж бодож болохгүй. Намсрай бурхныг шүтэж баясгахын зэрэгцээ хөдөлмөрлөх хэрэгтэй юм.
Маанийн зургаан үсгээс бүрдсэн зүрхэн тарни буюу “ум ма ни бад ми хум” гэдэг нь энгийнээр тайлбарлахад “Бадамлянхуа дээр заларч байгаа бурхан багш мандтугай” гэсэн утгатай. Мааниас илүү ном үгүй, махнаас илүү хоол үгүй гэж ярьдаг. Маань унших тоолонд хүний насаараа хураасан нүгэл нимгэрч байдаг. “Ум аа хум” гэсэн тарни байна. Энэ нь хамсүмийн хорвоогийн бүхий л бузрыг арилгадаг. Хамсүм гэдэг нь бидний амьдарч буй замбуу тив, түүнтэй зэрэгцэн оршиж буй дүрстэй, дүрсгүй 3-н ертөнцийг хэлнэ. Бидний билгийн чадал дутмагаас тэр ертөнцөд очиж чадахгүй. “Ум аа Хум” бол гурван том бурхны зүрхэн тарни. Тарнийг хэлснээр бүх зүйл ариусна. Тиймээс хүмүүс та бүхэн хоолоо идэхдээ ум аа хум хэмээн уншваас хоол ундны дээж Бурхан, эцэг эхэд өргөгдөж, бузар нь ариусч хорлолгүй болно.
Монгол гэр бол хүний, оршихуйн дээд сэтгэлгээ ажгуу. Түүнд их учир байдаг. Байшингийн тухайд түүний булан тохойд ад зэтгэрүүд их үүрлэсэн байдаг. Монгол гэрт бол тийм зүйл байгаагүй. Гэрийн үүдийг нэг сөхөхөд шинэ агаар орж ирэн, гэр доторхи агаарыг солилцоонд оруулдаг сайн талтай, гайхамшигт орд. Гэрт бас булан тохой байхгүй болохоор тэнд уугиулсан арц, хүж бүх орон зайнд хүрч, үүрлэсэн зэтгэрийг устгаж байдаг. Тиймээс орон сууцны булан тохойг арц, хүжний утаагаар сайн утах нь зүйтэй. Басхүү зул өргөхөд учир бий. Зулын ад донгийн хорлолыг устгаж шатаахын тулд өргөнө. Нас барсан хүний сүнс 49 хоногт барсэрэд, жирсэрэд төрлийг аваад өнгө, дүрс, үнэрээр хооллон эргэлдэж байдаг. Энэ үед сүнсийг янз бүрийн ад донгууд дагадаг. Тиймээс сүнсийг муу заяанд төрүүлэхгүйгээр түүнийг дагалдан яваа ад донгуудыг зул шатаан устгана. Зулын муу ёрын хүчийг шатаан устгах хүч нь дэлийн буюу шар тосондоо байдаг. Учир нь байгалын болон амьтны гаралтай энэ тоснууд жинхэнэ буяны өргөл болно. Устгана гэдэг нь ад донг шинэ төрөлд нь оруулж байна гэсэн үг. Яагаад сайн төрөлд оруулж байна гэхээр бидний хэл, бие, сэтгэлээрээ өргөсөн мөргөл, буяны цогц нь ийнхүү сайн замд хөтлөх чадвартайд оршино. Нүгэл, буян гэдэг бие, хэл, сэтгэлээс л үүдэлтэй юм. Тэгэхээр өнгөрснийхөө хойноос асаасан тэрхүү зул, сүнс хойд төрлөө олох зам мөрийг гэрэлтүүлж байдаг буяны зориулалттай. Хамгийн гол нь зул өргөхдөө бие, хэл, сэтгэлийн төлөөллөөс өргөж байна гэж бодох хэрэгтэй. Цөгц нь бие, зулын гол нь хэл, тос нь сэтгэлийн илэрхийлэл юм. Зулыг ургамлын, бас өөхөн тосоор өргөх бус, харин шар тосоор өргөх нь зүйтэй. Зул байнга өргөх нь орчныг ариусгах сайн талтай. Зулыг сар бүрийн шинийн 8, 10, 15, 25, 29, 30-нд өргөж байх хэрэгтэй. Учир нь Гомбо, Намсрай, Лхам, Жамсран зэрэг ертөнцийг сахьсан сахиуснууд энэ үед заларч ирдэг. Хэрвээ энэ үед зул өргөвөл таны тахисан бурхан баясна. Бурхныг хүмүүс хаа хол байгаа хэмээн төсөөлдөг боловч үнэндээ бидний дэргэд байдаг.
Хүрд олон номын цогц болдог. Хүрд нэг эргүүлэхэд олон мянга, саяар уншигдаж байх тийм их хэмжээний номыг багтаасан байдгаараа гайхамшигтай. Мөн хүрд зогсолтгүй эргэлддэг учир хийд, орны дээр залдаг болсон. Хүрдийг нэг эргүүлснээр олон мянган маань уншигдаж, тэр чинээгээр хүний нүгэл нимгэрнэ. Хүрдний хэмжээ томрох тусам түүнд агуулагдах номын багтаамж ихэсдэг.
Эрхиний тухайд: эрхи бол нэг ертөнцийг орлож байгаа юм. Голоор нь гүйж байгаа утас Бурхан багшийн төв үзэл. Харин нар зөв эргүүлэн маань хэлэх тоолонд нэг хүнийг муу заяанаас нь гэтэлгэнэ гэсэн билэгдэлтэй. Мөн бурхан болсон хүмүүсийг муу заяанд хүргэхгүй байх зорилготой. Эрхи олон янз. Тэр дотроо мундаг хутагт хувилгаадын гэрээслэлийн дагуу тэдний гавлын ясаар бүтээгдсэн эрхи хамгийн том байр суурьтай. Мөн тарни тоолж их хүч чадлыг өгдөг эрхи байхад маань хэлж эргүүлэх ёстой эрхи ч бий. Эрхийг 108, 21, 55 зэрэг олон янзын тоогоор хийдэг байна.
URL: