Сэрэмжлүүлэг: Хайран гурван хүүхэд, харамсалтай байна
Ийм харамсалтай хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газарт Г /эр.8н/, Д /эм.5н/, Д /эр.3н/ нар худагт унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Худагт унаж амиа алдсан хүүхдүүд нэг айлын хүүхдүүд бөгөөд тоглож байгаад ийнхүү золгүйгээр унаж амиа алджээ. Гурвын гурван сайхан үрсээ алдсан аав ээж, ах дүү хамаатан саданд нь ямар байх нь ойлгомжтой. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу мэт л санагдаж байгаа даа. Хайран сайхан үрсээ харанхуй худагт унагааж алдана гэж хэн санах билээ дээ.
Хүүхдүүд худагийн ойролцоо тоглож байсан гэдгийг харсан эх сурвалжууд хэлж байгаа юм. Хөдөөны хүмүүс болсон хойно л урьдах ажилдаа түүртэж ажил ихтэй байсан байх хэмээн аав ээжид нь буруу өгч болохгүй юм. Гэхдээ л хүүхдүүдээ ойр ойрхон холоос ч болов харж, дуудаж байхгүй яав даа гэж халаглаж байна. Уг мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Өнгөрсөн сард гэхэд бага насны дөрвөн хүүхэд усанд очин унаж живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн түүчнлэн зургаан настай хүү асаагуур асааж цаас шатааж байгаад нүүрсний амбаар шатаасан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, ЧД-9 хороо “Дэнжийн … тоотод гал гарч байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага НОБГ-ын галын шинжээчийн хамт шалгахад Тус тоотод суух иргэн Б /эр.24/-гийн нүүрсний амбаарыг ЧД-9 хороонд суух О /эр.6н/ нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаасан хэргийг ЧДЦХ-1 шалгаж байна. Энэ мэтчилэн юмны учир мэдэхгүй, дэггүй дүрсгүй хүүхдүүд хэрэг тариад байна. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн асран хамгаалагч нарын хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас болж ийнхүү бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хэргийн золиос болох цаашлаад амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох хэрэг гарсаар байна. Бараг өдөрт л 1-3 хүүхэд зам тээврийн осол, эсвэл өөр төрлийн гэмт хэрэгт өртөж амиа алдах хэрэг гарсаар байна.
Ер нь бол санаатай биш санамсаргүй байдлаар хүүхдүүд амиа алдах хэрэг нэмэгдсэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Учир мэдэхгүй бага насны хүүхэддээ дагуулж гадуур гарахдаа анхаарлаа тавьж сур. Дээр нь бага насны хүүхдүүдээ гэртээ харгалзахгүй хүнгүйгээр үлдээхгүй байх, аюул тарих эд зүйлсээ хол тавихыг цагдаагийн болон онцгой байдлын газраас байнга анхааруулсаар байхад анзаараггүй байдлаас болж хүүхдүүд алтан амиа алдсаар байгаад харамсч байна.
Эцэст нь хэлэхэд ээж аавуудаа нялх балчир үрсдээ тэр дундаа 3-6 насны хүүхдүүдэдээ онцгойлон анхаарал хандуулаачээ. Хийсэн үйлдлийнх нь ард амаа барьж, толгойгоо шаахаас өмнө анхаараал болгоомжтой байж сураач ээ. Эрүүл саруул төрүүлсэн үр хүүхдүүдийн чинь гэрэлт ирээдүй эцэг эхчүүдийн гарт байгаа шүү гэдгийг битгий мартаарай.
О.Сайхан http://www.zaluu.com/read/7e9e7d0a
URL: