Наадмын бэлтгэл хангагдаж байна уу

527

Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө 13 хоног үлдээд байна. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр зэрэг тэгш ой тохиож байгаагаараа энэ жилийн наадам онцлогтой. Мөн УИХ болон нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль, АСЕМ-ийн дээд төвшний уулзалт гээд томоохон үйл явдалтай ч давхцаж буй. Энэ жилийн наадмын онцлог хийгээд  бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг уншигчдадаа багцлан хүргэе.

Нийслэлчүүд 2.9 тэрбум төгрөгөөр наадна

Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталсан. Өнгөрсөн 2014 онд 2.2 тэрбум, 2015 онд 2.9 тэрбум төгрөгөөр наадах төсвийг баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталж байсан юм. Дашрамд энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг компанийн зүгээс цэнгэлдэхийн тохижилтод нийт  90 гаруй сая төгрөгөөр засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа аж.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 6-наас худалдаалж эхэлнэ

Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ өмнөх жилийнхэтэй ижил байх аж. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.

М.Наранбаатарын шийдэл ямар байх бол?

Энэ жилийн наадмын нэгэн онцлог нь наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулан тавих найруулагчийг сольсон явдал юм. Өмнөх жилүүдэд МУГЖ Д.Сосорбарам найруулагчаар ажиллаж байсан бол энэ жилийн сонголт нь Н.Наранбаатар байлаа. Н.Наранбаатарын хувьд “Гамлет”, “Ромео, Жульетта” зэрэг дэлхийн сонгодогууд жүжгүүдийг энэ цаг үед театрын тайзнаа амилуулсан авъяаслаг залуу найруулагч юм. Тэрээр нээлтийн ажиллагаанд нэрт зураач асан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” зургийн сонин сайхан өгүүлэмжтэй хэсгүүд, Модун Шанью 40 морин цэрэг, 400 явган цэрэгтэй гарч ирэн, Хүннү гүрний сүр хүчийг үзүүлэх гэнэ. Их Монгол Улсыг байгуулсан түүхийг үзүүлэхдээ гэрэгэ, өртөө, Их хуралдай, торгоны зам, тэмээн жингийн цуваа “ашиглах” бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийн бадрангуй хэмнэл дор олон зүйлийг харуулах болсноо Баяр наадмын комиссийнхонд танилцуулсан байна. Дашрамд, төрийн хүндэтгэлийн концертийг Г.Цогтгэрэл найруулахаар болжээ.

Нийт 9 хоног амарна

Өнгөрсөн 2014 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадмын өдрүүдэд тав хоног бүх нийтээр амардаг болсон. Тодруулбал долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд нийтээр амрахаар хуульчилсан юм. Тэгвэл энэ жилийн тухайд 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд эргэн ажилдаа цуглахаар таарч байна.

Хүй долоон худаг наадамд бэлэн үү?

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй машины зогсоол гаргахаар бэлтгэсэн байна. Мөн 300 суудлыг шинээр байрлуулсан талаар албаныхан мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварыг чанартай хийх, Хүй долоон худаг дахь морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа, үйлчилгээний газруудын зүлгийг одооноос усалж, халцгай хэсгийг зүлэгжүүлэх, мөн наадам болтол тэнд ямар нэг тэмцээн уралдаан зохиохгүй байхыг Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болгоод буй. Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг эхлүүлж, зүлэгжүүлэлтийг хийж эхлээд байгаа аж. Наадам болтол Хүй долоо худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй юм.

Аймгуудын наадам хэзээ болох вэ?

Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэхээр товлосон байна.  Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд наадмаа зохион байгуулахаар болжээ.

Эх сурвалж: zaluu.com       Д.ЖАРГАЛ   http://www.zaluu.com/read/7cb5943c


URL:

Сэтгэгдэл бичих