Ассанжийг барьцаагаар суллахаар шийдвэрлэжээ

МОСКВА. /ИТАР-ТАСС/. WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг 240 мянган фунт стерлингийн барьцаа төлсөн тохиолдолд суллаж болно хэмээн Лондоны шүүх мягмар гарагт зөвшөөрсөн байна. Гэхдээ түүний өөр газар руу зорчихыг нь хязгаарлах ажээ.
Ассанжийг энэ сарын 7-нд Британийн нийслэлд баривчилсан бөгөөд тэрбээр мөн өдөр Вестминстерийн шүүхээр орсон билээ. Уг шүүх нь сэжигтнийг аль нэг оронд шилжүүлэхтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэдэг ажээ. Тэр үед тэрбээр Шведийн эрх баригчдын тавьсан хүсэлтийн агуулгыг нийтэд дэлгэсэн байна. Гэсэн хэдий ч шүүх түүнийг барьцаагаар суллахыг зөвшөөрөөгүй юм.
Швед улс Австралийн иргэн 39 настай Ассанжийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэн түүнээс байцаалт зорилгоор өөрийн оронд шилжүүлэх авахыг оролдсоор байгаа юм. Харин Ассанж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийг нь улс төрийн учир шалтгаанаар гэмт хэрэгт буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Мягмар гарагт Ассанж дэмжигчдэдээ хандан WikiLeaks сайтад шинэ баримт бичиг нийтлэхийг хязгаарласан дарамт шахалтаас “өөрийн ажлыг болон ажилтнуудаа хамгаалахыг” уриалсан мэдэгдэл гаргажээ. “Visa, Mastercard, Paypal болон бусад компани нь АНУ-ын гадаад бодлогоо хэрэгжүүлэх хэрэгсэл гэдгийг бид мэднэ” гэж уг бичгээр хийсэн мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт үл мэдэгдэх этгээдүүд WikiLeaks-тэй харилцаагаа тасалсан Visa, Mastercard болон Paypal-ын сайтуудад халдсан байна. Энэ оны турш WikiLeaks сайтад Америкийн Ирак, Афганистанд явуулж буй улс төрийн бодлогод сөргөөр нөлөөлөх нууц баримт бичгүүдийг нийтэлсэн юм. Тэрчлэн олон арван мянган дипломат захидлуудыг дэлгэсэн билээ.
З.Амгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих