Үерийн аман дээр 2500 гаруй айл өрх амьдарч байна
Уржигдар шөнөөс эхлэн орсон бороо өчигдөр хүртэл үргэлжлэв. Ойрын хэдэн өдөртөө усархаг үргэлжилсэн бороотой гэж онцгой байдлын газар болон Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсаар байгаа. Арав гаруй цаг тасралтгүй шивэрсэн бороо Нийслэлийн бэлэн байдлыг шалгаж, инженерийн байгууламжид муу дүн тавьсан юм.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын төвийн замууд гэр хороололыг бүхэлд нь усанд автуулж, үерт орсон айлууд онцгой байдлын аврагчдыг сандаргав. НОБГ-т “Үеэрт автлаа, усанд боогдлоо, усанд урслаа” гэсэн дуудлага их ирсэн байна. Ялангуяа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт олон айлууд үерт авсан байна. Ус зайлуулах хоолой байхгүйгээс болж хотын төвөөр дүүрэн ус тогтож, иргэд уртын харайлтаар хичээллэв. Байгаль дэлхий өөрийгөө угааж, үргэлжилсэн бороо орсны буруу биш, үерийн аман дээр буусан айлуудын буруу болж байгаа юм.
Үерт автсан айлуудын ихэнх нь үерийн аман дээр зөвшөөрөлгүй буужээ. Зарим нь газар олдохгүй учир аргагүй эрхэнд үерийн аман дээр хашаа хатгасан гэж ярьж байна. Тиймээс тэдгээр айлуудыг нэн даруй нүүлгэх шаардлагатай, нүүх ч ёстой гэдгийг НОБГ-аас удаа дараа анхааруулан сануулсаар байна. Гэвч айлууд өөрсдийн хайхрамжгүй хариуцлагагүй байдлаасаа болцгоож ийнхүү хашаа хороо гэр орноо үерт автуулж, эд хөрөнгөөрөө хохироод байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд үерийн аман дээр буусан 2500 гаруй айл байгаа гэсэн судалгаа байна. Тиймээс тэдгээр айлуудыг хугацаа алдахгүй нүүлгэн шилжүүлэх ёстой хэмээн онцгой байдлын газраас мэдээлж байгаа юм.
О.Сайхан
URL: