ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭГДЭЛ
2016.06.20 Москва хот
2016 оны 6 дугаар сарын 20-нд монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр монголын дипломат их хэмжээний тамхи зөөж байгаад баригдсан гэсэн мэдээ тархсан байна. Уг хэрэгт холбогдогч хувь хүн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр 2012-2015 онд ажиллаж байгаад эх орондоо бүр мөсөн буцаж, өндөр насныхаа тэтгэвэрт суусан юм байна.
Гэтэл ийм эзэн тодорхой, хөндлөнгийн хэргийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайдын нэр хүндэд нялзаан, улс оронд болж буй парламентын сонгуулийн сурталчилгааны кампанит цаг үеийн үйл явдалтай холбон башир зорилго агуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна.
Болчимгүй, баримт нотолгоогүй ийм мэдээлэл нь хоёр орны харилцаанд ч сэв суулгах уршигтайг зориуд анхааруулан дээрх хэрэгт Москва дахь Элчин сайдын яам учир холбогдолгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
URL: