Хэрэглээнд шилжсэн хувьцаа

324

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэд цалингаасаа гадна хувьцааны мөнгөтэй түрийвч хоосонгүй л явж байна. Учир нь “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас бонд гарган иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авч байгаа. Хувьцаагаа худалдахаар бүртгүүлэх иргэдийн дугаарлалт банкинд тасрахгүй үргэлжилж байна.

 

Ингэхдээ Засгийн газрын 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэрийн хүрээнд хувьцаагаа зарахыг хүсч буй иргэд өөрсдийн үйлчлүүлдэг аль ч арилжааны банкинд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очин, маягт бөглөж хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаж байна. Үүний дагуу арилжааны банкууд, Монголбанк, НХҮЕГ-ууд хамтран хувьцааны мөнгийг хүүхдийн мөнгө олгодог зарчмаар тулгалт хийж, Монголбанкаар дамжуулан арилжааны банкин дахь иргэдийн дансанд мөнгийг нь хийж эхэллээ.

 

Харин хувьцаагаа худалдсан иргэдийн мөнгө шинэ долоо хоногийн ажлын эхний өдрөөс дансанд нь шилжлээ. Иргэдийн хувьцааны 30 хувь засгаас тогтоосон ханшаар 300 мянган төгрөг хүрч байгаа. Энэ мөнгөө иргэд 100 мянган төгрөгөөр  3 хувааж авна.

 

Харин энэ мөнгийг иргэдэд нэмэргүй, эдийн засагт нэрмээстэй арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. “Тээр жил иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг олгосон. Энэ иргэдийг дэлгүүрийн лангуун дээр үрсэн байдаг. Үүнтэй адил хувьцааны хувийн тодорхой хэсэг нь гурван долоо хоног дараалан лангуун дээр үрэн таран хийгдэнэ” гэж шүүмжлэх хэсэг байна.

 

Үнэхээр ч бэлэн мөнгөний хомсдолд орсон иргэд хувьцаагаа худалдсан мөнгөө гурав хувааж аваад хэрэглээндээ зарцуулах нь тодорхой. Гэхдээ “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэгчээр талхаа таллан авч байгаа гэх нэн эмзэг өрхүүдийн амьжиргаанд 300 мянган төгрөг авна гэдэг “гэнэтийн орлого” л гэсэн үг. Тэд сарын хэрэглээгээ энэ мөнгөөр өлхөн хангачихна. Нэгэнтээ төрөөс хувьцаа олгож, зарах уу, өсгөх үү өөрсдөө шийд гээд өгсөн. Засгийн газар иргэд хүсвэл 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах санал тавьсан. Түүнээс бус албан хүчээр иргэн бүр хувьцааныхаа тодорхой хувийг төрд худалдах шийдвэр гаргаагүй. Нөгөөтэйгүүр эдийн засаг сайжирч хувьцааны ханш өсөөд ирэх үед анх худалдсан үнээрээ Засгаас эргээд худалдан авч болно гэсэн заалтыг тусгаж өгснийг олон нийт анзаарсан биз.

 

Засгийн газрын энэ удаагийн шийдвэр амьжиргааны төвшин доогуур гэлтгүй олон нийтэд хандсан бодитой ажил болж байгаа нь өнөөдөр харагдаж байна. Дөрвөн жил “Таван толгой”-г цаасан дээр амилуулснаас бус амьдрал дээр хэрэгжээгүй байсан. Тиймээс иргэдийн хувьцааг амилуулж чадсангүй гэж сөрөг хүчин төдийгүй олон нийт шүүмжилсээр ирсэн. Цаашлаад иргэдийн 1072 хувьцааг худалдан авахаар бүртгэл хийсэн тохиолдол ч гарсан. Одоо ч “Иргэдийн 1072 хувьцааг бүртгэн, эргэлтэд оруулна” гэсэн  зар мэр сэр харагдаж байдаг.

 

Харин хувьцаагаа худалсан иргэд энэ мөнгөө хэрхэн зарцуулж, өсгөж болох саналыг тавьсан байсан. Хувьцааны мөнгөө банкинд жилийн 15-16 хувийн хүүтэй хадгаламж болгох, дотоодын болон гадаадын хувьцаат компанид хөрөнгө оруулж ханшийн зөрүүнээс ашиг олох, ногдол ашиг хүртэх, компанийн эзэмшигч болох боломжийг санал болгожээ. Харамсалтай нь өнөөдрийн тухайд иргэд хувьцааны мөнгөө шууд хэрэглээндээ зарцуулж байгаа нь нууц биш. Энэ удаад зөвхөн 18 наснаас дээш насны иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авахаа мэдэгдсэн. Сонгуулийн цикльтэй давхцсан гарсан энэ шийдвэрт хүний эрх зөрчиж, хүүхдийн хувьцааг худалдахыг хориглосон байна гэх иргэний гомдол гарч, Цэц рүү хандаж улс төржилт явагдлаа.

 

Мөн хямарч байгаа эдийн засагт ачаа нэмлээ гэсэн шүүмжлэл байнга дагалдаж байгаа. Харин Сангийн сайд Б.Болор “Хувьцааг иргэдээс худалдан авснаар төсөвт дарамт болохгүй” гэдгийг удаа дараа тайлбарласаар ирлээ. Хувьцаа худалдан авснаар төсөвт ачаалал хэр ирсэн эсэхийг оны төгсгөлд, эсвээс шинэ парламент бүрдэж,  төсвийн тодотголыг хэлэлцэх үед  бодитой яригдах биз. Өнөөдрийн тухайд сонгуулийн сурталчилгаатай зэрэгцсэн хөөсөрсөн ярианд бодит дүгнэлт хийх боломжгүй байх. Ямартай ч хувьцаа худалдан авалтаар өргөн хэрэглээний бараа таваарын үнэ ханш хөдөлж, инфляцид нөлөөлнө гэж эдийн засагчид тооцоолж байна.

 

Н.Энхлэн

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/469922.htm


URL:

Сэтгэгдэл бичих