“Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг: Одоо намайг рекэтлэнэ гэвэл хоншоор нь дутна

“Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэгийг урин оролцуулж байна. Монголын нэр төртэй, дуулиан шуугиантай гэх бүхий л хүний “дотрыг” уудлан гаргаж чаддаг тэрээр сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд үнэхээр манлайлагч нь билээ. Сэтгүүлч Б.Ганчимэг “Бүүр түүр”, “Ярилцъя”, “Он жилүүд минь”, “Урдынхаараа би өвлийг угтана”, “Би ч гэсэн буруутай” “108 асуулт хариулт”, “Goodbye My Love” зэрэг номууд бичиж олны хүртээл болгосон юм.
Таныг мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээнийхэнд хүлээн зөвшөөрөгдөх болсон тэр үе ямар шат байв?
-Би 96 оны арванхоёрдугаар сард төрийн төв хэвлэлд анх орсон. Гэхдээ олон сар дадлагын хүүхэд явсаан. Том том сэтгүүлчдийн кофе, тамхи, архинд гүйгээд л. Бүх шатаа дамжиж байж найман сарын дараа жинхэлж байлаа. Тэгээд 28 мянган төгрөгний хагас цалинтай болсон доо. Хоёр жилийн дараа төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины Оны шагналыг Л.Түдэв гуайтай хамт авч байсан. Тэр мөчөөс эхэлж би мэргэжлийн сонины ертөнцөд ийм хүүхэд гарч ирлээ гэдгээ зарласан юм. Тэрнээс хойш би “Өдрийн сонин”-ы шилдэг бичлэгт олгодог шагналыг есөн удаа, Монголын шилдэг сэтгүүлчийн цомыг хоёр удаа авсан байдаг. Миний амьдралд олдсон хамгийн том, хэн ч маргахын аргагүй шагналууд л даа. Хамгийн шудрага бөгөөд зарчмын дагуу шалгаруулдаг систем өдөр тутмын сонины редакцийн гал тогоонд л явагддаг.
-Таны “Цэцгийн зун шиг ээжийгээн би цэцгэн дундуур хөтлөөд алхана” уянгын нийтлэл үнэхээр гайхалтай болсон санагддаг?
-Гэхдээ тэр “Ээж бид хоёр” гээд өмнөх нийтлэлээ гүйцээгүй. Ер нь бол уянгын сайн нийтлэлийг нэг л хийдэг юм билээ. Аавын тухай бичихэд “Аав бид хоёр” гэдэг нийтлэлээ хэзээ ч давахгүй юм байна гэдгээ сая энэ нийтлэл дээр
ээ мэдэрсэн л дээ. Гэхдээ хүмүүсийн сэтгэлд их хүрсэн юм шиг билээ. Сонин эргүүлэхэд л дандаа бараан мэдээнүүд байдаг болохоор уянгын нийтлэл дээр хувирч харагдах нь миний уншигчдад гоё байсан байх. Хааяа бас өөртөө байгаа бололцоонуудаа харуулж, аархмаар санагддаг ш дээ. Би уянгын нийтлэл дээр ингэж хувирч чадна, сурвалжлагын төрөл дээр ийм байж чадна, эрэн сурвалжлах чиглэлд ийм хэмжээний ажиллаж, гар хөлөө энэ хүртэл сунгаж чадна гэдгээ харуулмаар үе байдаг л даа.

-Гэхдээ таны хувьд өрсөлдөөн бараг байхгүй биз дээ?
-Яагаад өрсөлдөөн байхгүй гэж. Чи ч гэсэн миний өрсөлдөгч шүү дээ.

-Уянгын нийтлэлийг тийм ч амар биччихдэггүй байх. Та ямар үед бичдэг вэ?
-Сэтгэлзүйн хувьд тайван, ер нь бүх тохироо нь бүрдсэн үед л бичнэ. Удаан бодож, сэтгэлээ хөглөж байж л бичнэ. Уянгын нийтлэлийг “өнөөдөр сууж байгаад биччихнэ” гээд хүмүүс ярихаар би “яанаа ямар амархан юм бэ” гэж бодоод гайхаад байдаг юм. Гэхдээ би мэргэжлийн талын зөвлөгөө хүнд өгөөд байдаггүй. Яагаад гэвэл манай залуучууд одоо бүгдээрээ өөрсдийгөө мундаг, юу л бол юу хийж чадна гэж үздэг, өөр
төө их итгэлтэй нийгмийн хүмүүс. Гэхдээ л манай өдөр тутмын сонинууд бол үнэхээр зүрх алдмаар шүү. Тав, зургаан жил гүйчихээд “өнөөдөр намайг яаж ч чадахгүй” гэж бодож болдоггүй. Хэнийг ч нэг л өдөр эрэг дээрээ гаргаад шидэхэд бэлэн тийм харгис, бардам салбар. Зарим хүүхдүүд “би бараг л энэ сонинг авч явж байна” гэх ухааны юм боддог шиг байгаа юм. Яана даа л гэж боддог. Надад ч бас тийм оддын өвчин туссан үе байсан. Би л мундаг, би л тэр сонинг авч яваад байгаа юм шиг боддог л байлаа /инээв/. Тийм хүүхдүүдийг харахаар… хайрладаг юм гэхдээ. Ийм үе байдаг даа гээд л.

-Залуу сэтгүүлчдийг засч залруулж, зөв тийш залах нь та нарын хийх ёстой ажил биш гэж үү?
-Тэр бол редакцийн удирдлагуудын хийх ажил.

-Ахмад сэтгүүлчдийн хувь нэмэр ч их байх гэж боддог юм?
-Уучлаарай, би ядаж дөчин наснаасаа хойш л ахмад сэтгүүлчдийн тоонд ормоор байх юм /и
нээв/. Би өөрөө айлын ганц охин, хоёр ахтай. Жоохон аминчхан өссөнтэй минь холбоотой байж магадгүй. Намайг хүмүүстэй туршлагаа хуваалцдаггүй, адайр зантай, ганцхан өөрийгөө л боддог гээд бас шүүмжилдэг л юм. Үнээн, үнэн. Би хэнд ч зааж зөвлөдөггүй. Би сонинд хэнийхийг ч биш, ганцхан өөрийнхөө л материалыг алдаагүй байлгах гэж санаа зовж, уншдаг. Яагаад гэвэл тэр уншигч чинь надтай л хариуцлага тооцно гэдгийг чи өөрөө мэднэ. Тийм болохоор би багаар ажиллах чадвар муутай.

-Хэдийгээр сэтгүүлч хүн аль нэг нам, улс төрийн үзэл бодолд автахгүй байх ёстой гэдэг ч таны нийтлэлүүдийг анзаараад байхад ардчиллын үнэр байнга ханхалдаг?
-Би өөрөө ардчиллын бүтээгдэхүүн байхгүй юу. Социалист нийгэмд би хүүхэд ахуй насны төлөвшлөө өнгөрөөгөөд яг бүхнийг эхлэх тэр үед Монгол оронд ардчилал ирсэн. Тэгээд их мөрөөдөмтгий, хөдөө буйд амьдарч байсан залуухан эмэгтэйд нийгмийн шинэ хувьсал өөрчлөлт, цоо шинэ баатрууд үнэхээр өвөрмөц сэтгэгдэл төрүүл
нэ биз ээ. Би ер нь иргэнийхээ хувьд сонгуульд санал өгөхдөө үргэлж л ардчилсан хүчний төлөөллүүдэд саналаа өгсөн байдаг юм. Харин энэ жил бол би Булган аймагт саналаа өгсөн. МАХН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нарын төлөө. Энэ хоёр хүнийг хувь хүнийхээ хувьд үнэхээр бодитой дэмжиж оролцсон.

-Яагаад гэнэт үзэл бодлоо өөрчлөх болов?
-Манай Булганд өрсөлдөж байгаа улстөрчдөөс тэр хоёрыг ялах буюу тэр хоёртой ойртох магадлалтай хүн нь Ардчилсан намаас
Я.Эрхэмбаяр л байсан. Нөгөө талаар би иргэний хүнийхээ эрхээ эдэлсэн гэх үү дээ. Манай зарим сумынхан их гайхаж хүлээж авсан л даа. Гэхдээ сонгуулийн үеэр ерөнхий утгаараа би ардчилсан хүчнийг, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байсан. Ер нь сүүлийн хоёр сонгууль дээр тэнцвэртэй ажилласан байна лээ. Ялангуяа хоёр голлох хүчинд.

-Цаана нь мөнгөний асуудал байгаа юу?
-Яг сонгуулийн үеэр улс төрчид хамгийн эелдэг болдог ш дээ. Ард түмний өмнө ч, сэтгүүлчдийн өмнө ч. Айхтар мөнгө хийсэн сэтгүүлчид сонсогддог л юм билээ. Би нэр хүндтэй сэтгүүлч учраас дандаа хүмүүсийн шүүлтээр орж байдаг. Миний ажиллаж байгаа сонины редакцийн удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр би ажиллана шүү дээ. Тохиролцоогүй тохиолдолд би хувиараа хэнийг ч дэмжих эрхгүй. Хэнтэй ч эдийн засгийн харилцаанд орох боломжгүй. Бүх зүйл редакцийн удирдлагуудын хяналтанд. Тохироо гэж байдаг бол тэнд л болдог байх. Сонин бол талбайгаа хэнд ч сул тавьж өгөхгүй. Ялангуяа сонгуулийн үед.

-Гэхдээ сүүлийн үед сэтгүүлчдийн нэр хүнд их унаж байгаа. Захиалгаар үнэн худал юм бичдэг гэх мэтээр уншигчид их л муугаар ярих болж?
-Үгүй байлгүй дээ. Би олон жил ажилласан сэтгүүлч хүний хувьд эсэргүүцэж байна. Харин ч эх орон, улс үндэстнээ гэж дуугарах хүмүүс нь сэтгүүлчид болчихсон, бүх үүрэг нь сэтгүүлчдийн нуруун дээр ирчихсэн юм биш үү. Уучлаарай, би бол тэгж л харж байна. Өнөөдөр хэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд орилж байгаа юм, хэн буудуулсан иргэдийн эрх ашгийн төлөө дуугарч байна, хэн гадныхны даварсан эрх мэдлийг хязгаарлаж өгөөч ээ гэж бичиж байгаа юм. Сэтгүүлчид шүү. Уучлаарай, тэр парламентын танхимд чинь тийм ч их эх оронч хүмүүс цуглаагүй байдаг юм ш дээ. Би сайн мэднэ. Тийм болохоор бидний ажиллаж, амьдарч байгаа орчныг мэдэхгүйгээр “сэтгүүлчдээс хамаг юм боллоо” гэж хэлж байгаа хүмүүстэй би эвлэрдэггүй. Бид нарыг шүүх байтугай өөрсдөө толинд харахаасаа ч ичмээр нүгэл үүрч яваа улсууд өнөөдөр бид нарын ёс зүй, төлөвшиж ядаж байгаа салбар луу
маань дураараа нулимахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй.

-Анзаараад байхад та шүүмжлэлд их эмзэг юм шиг санагддаг?
-Би тайзны од биш учраас намайг хүмүүс шүүмжлээд, миний тухай асуудал болгож
нэг их тавьж байсныг санахгүй байна.

-Таныг захиалгын юм бичдэг гэж дайрсан телевизийнхэн рүү айхтар ширүүн хандсан нэг удаагийн ярилцлага байдаг?
-Тэр бол улс төрийн захиалгаар, миний иргэний болоод сэтгүүлчийн эрх лүү шууд халдахаар нь би тэгж хандсан. Гэхдээ би сүүлд нь уучлалт гуйсан. Би ер нь их уучлалт гуйх дуртай, хамгийн түрүүлж буулт хийдэг хүн
ш дээ. Харин над руу сэтгүүл зүйн нялхас нэр, зүсээ нууж байгаад дуртайгаараа нулимж байдаг юм биш үү.

-Та өөрийн “Нийтлэлчийн булан” сайт дээрээ өөрийнхөө нийтлэл, ярилцлагуудыг сэтгэгдэлгүйгээр авдаг болсон байсан?
-Тэрний хувьд бол намайг системтэйгээр олон жил доромжилсон л доо. Тэр нь дандаа эмэгтэй хүний хувьд намайг эмзэглүүлмээр. Өөрөөр хэлбэл миний авъяас билэгтэй биш миний анатомитой орооцолддог л доо. “Энэ бүдүүн Ганчимэг зайлвал Монголын сэтгүүл зүй цэвэр ариун болно” гээд л.
Тэгж доромжлуулж, гэр бүлдээ ч, өөртөө ч сэтгэл санааны дарамт авч байхаас залхсан. Би бас шалгуулсан. Дандаа миний ойр дотны, бүр гэр бүлийн харилцаатай, хамт ажилладаг, ойрын хүмүүс маань намайг доромжилсон байсан. Харин би энэ тухай хэнд ч ярьж байгаагүй юм. Ойр дотныхондоо ч хэлээгүй. Тэгээд би бүр шоконд ороод зуны хоёр сар ажлаа таслаад алга болж, ганцаараа нутагтаа очиж сувилуулсан юм. Хоёр дараалан осолд ороод би бараг үхэхээ шахсан л даа.

Дээр нь би шилжилтийн насны охин хүүхэдтэй. Өглөө хичээлдээ очиход нь ангийнх нь хүүхдүүд “танай ээжийг тэгж бичиж, ингэж бичиж” гээд байсан нь миний төгсөх ангийн охинд их нөлөөлөөд байсан. Тийм болохоор би өөртөө сэтгэл зүйн хувьд нэг иймэрхүү жижигхэн бололцоог олгож болно биз дээ. Зарим уншигчид маань “яахав дээ, таныг зуун хүний арав нь л зүхдэг байхад үлдсэн нь дэмжиж байдаг шүү дээ. Та ямар амархан сэтгэлээр унадаг юм” гэж байсан. Гэхдээ энэ сэтгүүл зүйд зүтгэсэн миний арван хэдэн жилийн амьдрал тийм ч амар байгаагүй ш дээ. Би олон болох болохгүй юмны дундуур явж байсан. Нэр хүндээ цэвэр аваад явахсан гэж хичээгээгүй биш хичээсэн. Аль болохоор олон нийтийн талд дуугарч явах юмсан гэж, аль болох юмны зөв талд түүчээлж явах сан гэж хичээж байсан. Тэр тоолондоо би мэргэжлийн чадвараа ахиулж, мэргэжлийн тавцан дээрээ арай утга учиртай орших юмсан гэж зүтгэсэн. Тийм болохоор тэр зэргийн дайралтыг зогсоох эрхийг өөртөө олгож болно гэж үзсэн юм. Хулчгардаа ч биш… Гэхдээ яахав сэтгэгдэл баймаар байвал би нээж болно. Хоёрдугаарт миний зочдыг доромжлоод байсан байхгүй юу.

-Энэ ярилцлагын доор сэтгэгдэл авахыг та зөвшөөрөх үү?
-Чи өөрөө л мэд.

-...
-Би уг нь бурхан гээд далдын хүч, хараал жатга гэдэг юманд итгэдэггүй хүн. Өөртөө хүчгүй хүмүүсийн аргаа барсан ажил гэж боддог байлаа. Гэтэл хүн яг өөрөө хөдөлж ч чадахгүй, эрүүл мэнд нь хэцүү байдалд орсон үедээ агаарт аврал эрж самарддаг юм билээ. “Надад туслаач ээ, би амьдралынхаа хаана нь алдаа гаргасан юм бэ. Би яагаад олон сараар эмнэлэгийн орон дээр хэвтэж байгаа юм бэ” гээд бодохоор л… Манай наян настай ээж “чи хүний мууг үзсэн хэрэгтэй, хэрэггүй юм бичиж байж ийм байдалд хүрлээ” гэж дүгнэсэн ш дээ /инээв/. Тэгээд би бараг хагас жил бичээгүй. Тэгсэн уншигчид маань “таныг орон зай чинь үгүйлэгдэж байна” гээд л намайг нэхэж эхэлсэн. Тамирчнаар бол одоо л миний бие халаалт гүйцэж байна. Ямар л бол ямар ярилцлага,
ямар л бол ямар ажлын ард гарчихмаар байна.

-Нилээн хэдэн ном гаргасан. Ойрын үед ном гаргах төлөвлөгөө байгаа юу?
-“
Миний ярилцлагын шилдэг фигурууд” гэсэн ном маань дуншиж байна. Эдийн засгийн хямрал болоод спонсорын асуудал дээр жаахан тийм байна. Би энэ номоо нилээн олон жил ярьсан. Тийм болохоор бэлтгээд хамгийн шилдэг гэсэн ярилцлагуудаа багтааж хийж байгаа. Миний номны редактороор чөлөөт хэвлэлд маш амжилттай ажиллаж байсан, нэрт сэтгүүлч Р.Даваажав ажиллаж байгаа. Тэр хүн “энэ ном ярилцлагуудаас гадна тухайн цаг үеийнхээ түүхийг давхар өгүүлж байна” гэж хэлсэн. Миний Асашёрюү аваргатай хийсэн ярилцлаган дээр мэргэжлийн задаргаа хийж байгаа юм билээ. Би уг нь дуучин Б.Сарантуяа эсвэл цэцийн дарга Ц.Бямбадоржтой хийсэн ярилцлаган дээр маань задаргаа хийгээсэй гэж хүсч байсан юм. Тэгтэл Асашёрюү аваргын ярилцлага редакторт маань илүү таалагдсан юм шиг байна лээ.

-Тэр үнэхээр сайхан ярилцлага болсон байсан шүү.
-Сүүлийн хэдэн гараагүй ярилцлага гэж манай мэргэжлийн ертөнцийнхөн үзэж байгаа. Би өөрөө ч мэргэжлийн их том таашаал авсан. Долоо хоног л ниссэн гэх үү дээ. Уншигчид хийгээд манай мэргэжлийн талбарынхан үнэхээр гайхамшигтай хүлээж авсан. Надтай нэг үе бичиж байгаа бүх сэтгүүлчид, судлаачид баяр хүргэсэн. Ирсэн мессэж захидал бүхэн надад үнэхээр үгээр өгүүлшгүй том таашаалыг авчирсан.

-Таны ярилцлага сайн болдог нууц нь юундаа байна. Таны ур чадвар, нэр хүндтэй холбоотой юу эсвэл, зочин тань сайн ярьдаг хүмүүс байна уу?
-Ер нь зүв зүгээр сууж байгаад тачигнатал инээ
ж байгаад өөрийнхөө багийг хуулуулах хүн байдаггүй шдээ. Ялангуяа монгол хүн өөрийгөө их нуудаг. Миний ажлын технологитой хамаатай байх аа. Магадгүй, цөөхөн хувь нь миний мэргэжлийн нэр хүндтэй холбоотой байх. Мөн цөөхөн хувь нь цаад ярилцагчийн ярих чадвартай холбоотой байх.

-Дуучин Т.Ариунаатай хийсэн ярилцлага чинь их л ширүүн дайралттай болсон санагддаг?
-Т.Ариунаатай би олон удаа ярилцлага хийж байсан. Тэр удаа “
Uptown” сэтгүүл надад захиалга өгсөн. Өндөр ч үнэ төлсөн. Тиймээс тухайн сэтгүүлийн захиалгыг би бас хүндэтгэсэн. Т.Ариунаагаас урьд өмнө гарч байгаагүй өөр зүйл л шавхаж гаргахыг хичээсэн дээ. Т.Ариунаагийн галзуу фэнүүдэд нь би харгис санагдсан байх. Тэрийг үгүйсгэхгүй. Магадгүй гэр бүлийнхнийг нь ч эмзэглүүлсэн байх. Тэрийгээ бол хүлээн зөвшөөрч байна.

-Ярилцлагуудаас чинь харахад улс төрчидтэй бүгдтэй нь танил мэт, тэдэнтэй дотно юм шиг санагддаг?
-Гэхдээ Т.Ариунаагийн ярилцлаган дээр ярилцсан хүмүүстэйгээ дотно гэж харж байгаа харилцааг чинь би байхгүй болгоо биз дээ. Хоёрдугаарт сэтгүүлч хүнд найз байдаггүй
юм. Энэ чинь найзгүй хүний ажил. Ялангуяа улс төрчидтэй би найз гэвэл худлаа. Харин ч надад дургүй улс төрчид олон байдаг.

-Таны бичлэг, ярилцлагуудаас яагаад ч юм утга уянгын зохиол уншиж байгаа юм шиг мэдрэмж аваад байдаг?
-Хүмүүс намайг гаднаас минь хараад аймаар эршүүд гэж дүгнэдэг байх. Би уг нь эмэгтэйлэг зантай хүн ш дээ, ер нь бол. Эмэгтэй л хүн юм чинь эмэгтэйлэг л байхаас яахав дээ. Намайг болохоор бүдүүн хадуун ийм юм чинь энэ ерөөсөө тэрэг шиг амьтан гэж боддог шиг
байгаа юм. Элдэв дайралтын дараа миний даралт ихсээд, уйлаад, гомдоод л… тийм үе байсан л даа. Би гомдомхой, тунимхай, их зүрх алддаг байсымаа. Одоо харин би айхгүй шүү.

Би анх олон жил ажилласан “Өдрийн сонин”-оосоо гарчихаад мартаж чадахгүй их хэцүү байсан. Одоо бол нэг их бодогддоггүй ш дээ. “Үндэсний шуудан” орон гэр минь болсон.

-Юу танд тийм зориг өгөв?
-Би өвдөөд л… “Би ямар нэг газар хадагдчихсан биш дээ, тэгээд ч миний дор олон залуус ажиллаж байна, тэдэнд боломж олгоё” гэж бодсон. Би ямар ч сайн юм хийсэн угаасаа л энэ түвшинд ажилладаг гэсэн нэг тийм ямар ч алга ташилтгүй бөгөөд ямар ч шүүмжлэлгүй зогсонги байдалд орчихсон байсан. Тийм болохоор өөрийгөө сугалж авъя, хоёрдугаарт шинэ сонинд хүчээ өгье гэж шийдсэн. Тэгээд би өөрийнхөө хуучин эрхлэгч Ж.Мягмарсүрэнтэй зөвлөхөд “Чи сайн бодсон бол тэг ээ. Тэгээд ч чи ямар таньж мэдэхгүй хүний хүн дээр очиж байгаа биш. Бас л чиний эрхлэгч шүү дээ. Сайн сайхныг хүсье” гэж хэлсэн. Нөхрөөсөө салчихсан юм шиг эмзэг, уйлмаар санагдаад л. Өдрийн сонины хажуугаар явахад аймаар хэцүү байдаг байсан, эхлээд. Энд орж ирээд хүмүүстэ
й дасахгүй, ажиллах технологи маань зөрчилдөөд, өглөөний хуралд нь ч дасахгүй их л хэцүү байсан.

-Тэгтлээ их ээнэгшдэг сонин юм аа?
-Харин тийм. Би чинь ер нь нэг суудал дээр суувал суугаад л байна, нэг хувцас өмсвөл өмсөөд л байна. Нэг найзтай бол тэрэнтэйгээ гучин жил зууралдаж байх жишээтэй. Тийм л хүн. Гэхдээ найз нөхөд гэвэл лав л тэр улс төр орчмоос надад цөөхөн найз байгаа. Хэрэгтэй үедээ л сэтгүүлчид рүү харж инээмсэглэдэг улсууд шүү дээ. Би тэрийг маш сайн мэднэ.

-Ер нь олон сэтгүүлч өдөр тутмын сонинд ажиллахаас халширдаг байх?
-Уучлаарай, би бол бичдэг л хүнийг сэтгү
үлч хүн гэж хэлнэ. Зүгээр нэг чалчдаг, хэдэн сонины тойм харж байгаад “тойм” гээд л телевизээр бүлт бүлт үсрээд байгаа сэтгүүлчдийг би сэтгүүлч гэж үзэж чаддаггүй. Надад мэргэжлийн талын амбиц их байдаг болохоор манай мэргэжлийнхэн ихэнхдээ дургүй байдаг л даа.

-Таны наад байр суурь чинь телевизийнхнийг их гомдоодог байх даа?
-Гэхдээ
телевизэд эрүүл хүмүүс байдаг. Сая би МҮОНТВ-ийн найруулагч Го.Бадарчтай ярилцлага хийсэн. Хүмүүс янз бүрээр хүлээж авч байна билээ. Гэхдээ тэр хүнд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх байгаа. Миний ярилцлагын зочин хэн ч байж болно. Нэг удаа би “Гала” хамтлагтай ярилцлага хийсэн юм. Тэгсэн би уншигчдад алуулахаа шахсан шдээ. “Очиж, очиж энэ хоёр мамтай ярилцлага хийхдээ яахав” гээд л. Би гэхдээ ойлгоогүй. Уучлаарай, би траншейний хүүхэдтэй ч ярилцлага хийж явна, шоронгоор ч явна. Сонин. Түүнээс биш байдаг л 76 дээрээ очоод л байдаг л юм яриулаад байж яах юм бэ. Уйтгартай ш дээ.

-Сэтгүүл зүйн хувьд?
-Сэтгүүлч бид нар өөрсдийгөө бас хүндэтгүүлж баймаар юм. Сэтгүүлчиддээ хайртайгийн хувьд хэлмээр байна. Биднийг захын дуучин хар шар сониныхон гэж загнаад л, тэрийг нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авч тавиад л баймааргүй байна. Би ийм хачин тогоо руугаа нулимсан юманд дургүй. Шүүхээрээ л чимээгүй яваг л дээ. Бид нарт сурвалжлах үйл явдал зөндөө байна. Сэтгүүлчийн эсрэг мэдэгдэл гаргахаар бүх сонингууд шүүрч аваад л тавьчихдаг юм. Яах юм бэ, татгалзаж болдоггүй юм уу. Тэр мэдэгдэл нь зуун мянган төгрөг л биз дээ.
Сая Р.Эмүжин рүү баахан дайрлаа. Мэдэгдлийг нь сонинууд тоож авч хэрэгсэхгүй, хаях ёстой.

-Сэтгүүлч хүн цаанаасаа заяагдсан байх ёстой юм болов уу?
-Нэг талаас тийм. Гэхдээ цаанаасаа үнэхээр төрчихсөн сэтгүүлч ховор байдаг.

-Та бол төрчихсөн хүн үү?
-Би мэдэхгүй байна. Гэхдээ би авъяаслаг сэтгүүлч. Авъяас ч бас хүн бүхэнд заяахгүй байх гэж боддог шүү. Би Цогтсайхан, Батбаяр ах нарын рейтингийг мэргэжлийн сониныхон эвдэж чадаагүй байгаа гэж боддог. Өнөөдрийн нийтлэл
үүд Баабарын арга зүй дээр л явдаг. Бүгд л хуулж байгаа. Баабарын л арга зүй ноёлж байна. Харин бичлэгийн хийц зэргээрээ “алмас” Батбаяр, Цогтсайхан ах хоёрын рейтинг хэвээрээ байдаг юм. Тэрийгээ мэдэхгүй өөрийгөө нийтлэл бичдэг гэж бодоод байгаа бол хэцүү л байна. Харин ярилцлагын төрөл дээр надад өрсөлдөгч байхгүй. Би бардам хэлнэ.

-Таны хувьд ярилцлага хийж болох бараг л бүх хүнтэй ярилцлчихлаа. Цаашдаа яах бодолтой байна?
-Харамсалтай нь тэгчихлээ шүү. Хүн гэдэг чинь дуусашгүй сэдэв юм чинь яахав дээ. Гэхдээ би цаашдаа сурвалжлагын төрөлд түлхүү ажилладаг юм уу гэж бодож байгаа. Сурвалжлага бол сэтгүүл зүйн гайхалтай төрөл. Баримтыг чөлөөтэй баяжуулах бололцоотой. Сурвалжлагын төрөл зогсонги байгаа юм шиг санагддаг.

-Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?
-Би бол ер нь шөнө гурваас өмнө унтаж чаддаггүй. Өөртөө байгаа багахан авъяасаа юм уншиж л тордохгүй бол хүмүүс шиг Удирдлагын академи яралзтал төгсөөд диплом аваад шуугиад байх боломж алга. Хүссэн хүсээгүй би багшийн ажил руу шилжинэ гэж боддог. Сэтгүүл зүйн чиглэлээр багшилна.
Ер нь сэтгүүлч хүний амьдрал хувийн талаасаа их золиослогддог л доо.

-Таны хувьд аль хэдийнээ золиосолчихсон биз?
-Тэр бол өнгөрсөн л дөө. Би сайн эзэгтэй ч биш, сайн эмэгтэй ч биш. Гэртээ ямар ч үүрэггүй хүн болохыг манай ээж
, гэр бүлийнхэн хангалттай хэлнэ. Ороод л гардаг. Тэгээд амьдраад бүр сурчихаж. Ажил дээрээ л байж байвал гоё.

-Хавар болж байна. Тань шиг шүлэг бичдэг хүмүүсийн хувьд сэтгэл гэгэлзүүлсэн, их л таатай үе байх?
-
Залуудаа намар л их бичдэг байсан. Гэхдээ одоо үнэхээр шүлэг бичээд явах зав байдаггүй л дээ. Гэхдээ миний хобби юм чинь өөртөө хадгалаад явдаг. Миний шүлгүүд бол миний л шүлгүүд. Их хувийн шинжтэй. Гэхдээ манай уншигчид миний шүлгийг их сонирхдог шиг байгаа юм. Миний мэргэжлийн болон яруу найргийн номнууд их сайн борлогддог ш дээ.

-“Чиний тухай бодлоос залхаж үзэх сэн” гэдэг шүлгийг чинь уншаад таныг эр хүний талаар ямар бодолтой байдаг бол доо гэж сонирхсон?
-Эрчүүд бол гайхамшигтай том сэдэв. Сонин сэдэв л дээ. Ялангуяа хайр сэтгэлийн тал дээр эрчүүд бол үнэхээр чухал баатрууд. Харин амьдрал дээр би “
эр хүн бол тэнгэрийн амьтан” гэж ирээд л эр хүнийг тахин шүтсэн үзэлтэй хүн биш.

-Гэр бүл гэдэг ойлголтын талаар яриач?
-Хамт байх дуртай үедээ дуртай, дургүй үедээ
бие биенээ чөлөөлж байх ёстой тийм л харилцаа. Аймаар том хариуцлага нэхээд байх тийм бүтэц биш шүү дээ. Би охиндоо ч хэлдэг. “Ээж аав хоёр заавал эвтэй байх ёстой, тэгвэл өөрөө нэг их аз жаргалтай юм шиг битгий бодож байгаарай” гэж. Гэр бүлийн тухай аймаар чухал мөрөөдөлтэй байдаг нас чинь 17-18 нас. Олон хүүхэдтэй болоод сайхан амьдрана гээд л.

-Та ч гэсэн тэгж мөрөөдөж байсан биз?
-Тийм. Хүн болгон л тэгж мөрөөддөг байх. Тэгээд амьдрал үзээд янз бүрийн цохилтонд ороод ирэхээр хүн гэдэг амьтан чинь ертөнцөө эвдэлж өгнө биз дээ. Миний ертөнц маш их эвдэрсэн. Би гэхдээ хайр сэтгэлийн тал дээр нэг их зоригтой дуугарч чаддаггүй. Хорин хэдэн насандаа л их дурламтгай байсан. Янз бүрийн дурлалын тоглоомонд орохоос айхгүй, сийхгүй байлаа. Тэгээд яг сэтгүүлчийн ажил
руу ороод, хатуу өрсөлдөөн дунд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хор шараас өөр юу ч надад үлдээгүй. Намайг хөдөөний гэж өнөөдрийг хүртэл гоочилж явдаг хүмүүстэй шудрагаар хэлэхэд “үзэлцэх” шаардлага байсан. Нөгөө талдаа амьдрах хэрэгтэй байлаа.

Одоо ингээд бодоход … хүнд ер нь нэг их олон юм хэрэгтэй биш шүү дээ. Хүний хүсэл тэгээд резин шиг сунаж байдаг муухай зүйл юм. Эхлээд орон гэргүй явахад “яана аа” гэж боддог байлаа. Ажил дээрээ их хононо. Дараа нь нөхөртэйгээ танилцаад Дамбадаржаад эмээ, өвөөгийн байшин хөлсөлж авлаа. Эмээ, өвөө хоёр нь орой 11-ээс хойш оруулахгүй гэнэ. Тэгээд шөнө орой болсон хойно бид хоёр хашаа давна. Энд тэндгүй нохой хуцаад л. Нөхөртэйгээ автобусны буудлаас модоо худалдаж аваад, хоёр талаас нь дамжлаад явна. Хүүхэддээ өмсүүлэх бээлий ч байхгүй. Ханцуйг нь туламлаад хоёр талаас нь хөтөлчихнө. Тэгээд жаргалтай амьдраад болоод л байсан.

Дараа нь ханын материалд жижигхэн байр авлаа… Ингээд боллоо л гэж байсан. Тэгтэл “ханын материалаас явах яасан хэцүү юм бэ дээ” гээд бодож эхэлнэ ээ. Миний охин Зөвлөлтийн гуравт сурдаг. Охиноо хүргэж өгөх гээд микрогоор наашаа дөхөж байгаад үлдсэн замдаа таксидна. Тэгээд л нэг тийм нэрээ хичээх, маяг суугаад эхэлсэн л дээ. Тэгж байтал комбинат руу “салгалаад” нүүгээд ирлээ. Тэгээд комбинатдаа зүгээр амьдарч байснаа “хот руу дөхье” гээд аравдугаар хороололд байр авлаа. Өрийг нь одоо л төлж дуусч байна. “За одоо больё доо” гэтэл зуслангийн байртай болчихмоор санагдаад. Тэгээд би өөрийгөө жигшдэг юм. Өөрийгөө байнга номхруулна. “Ганчимэг ээ, энэ битгий хэл хэцүү л байсан ш дээ” гэж өөртөө хэлдэг.

Миний ертөнц хэдийгээр анхны жаахан охин байх тэр үеэсээ эвдэрсэн ч гэсэн хүнийхээ хувьд би өөрийгөө зөв эргэцүүлдэг, зөв хянадаг хүн гэж боддог. Гэтэл хүмүүс надтай нэг удаа ярьж үзээгүй байж намайг нэг их муухай хүн болгоод л интернэтээр балбадаг юм. Сайн сэтгүүлч эхлээд сайн хүн байх ёстой.

-Та ганцаарддаг уу?
-Ерөнхийдөө ганцаарддаг. Ер нь би ганцаардлаас ангид
амьдраагүй. Гэр бүлийн хувьд манай нөхөр бас л гэрт ордоггүй ажилтай цагдаагийн офицер хүн байдаг. Бага охин маань дөрөвтэй. Бага охинтойгоо байх их хөгжилтэй. Хамаг л ганцаардал, стресс тайлдаг, бүх муу муухайг утга учиргүй болгочихно. Ганцаардал гэдэг нөхөртэй хүнд байж болшгүй зүйл бол биш шүү дээ. Би бол байн байн ганцаардаад л, байн байн эргэн тойрныхоо хүмүүст дургүй хүрээд л явж байдаг.

-Яагаад?
-Ер нь
л би тийм ааш муутай хүн байхгүй юу.

-Өөрөө өөртэйгээ зөрчилдөх үү?
-Тэр үеэ давчихсан. Өөрөө өөртэйгээ зөрчилдөөд л байдаг бол сэтгүүлч байж чадахгүй байх байсан. Харин яруу найрагчдад байж болох зүйл байх.

-Тэгж байж онгод нь хөглөгддөг ч байж болох юм?
-Онгод гэж юу байдгийг би мэддэггүй шдээ. Хорин хэдтэй байхдаа би дурлахаараа л шүлэг бичдэг байсан.

-Тийм их дурладаг байсан юм уу?
-Тийм их ч юу байхав. Дурлалаа удаан тээдэг охин байсан. Хувирамтгай биш. Одоо бол тэгээд гэгэлзээд, сэтгэл санаа сонин байгаад
л, нэг тийм эмэгтэйлэг байх үе миний амьдралд бараг ирэхээ больчихсон байна лээ. Би ямар нэгэн баяр ёслол, хүлээн авалтанд очих дургүй. Хэн нэгэнтэй хэрэлдэх ч дургүй болчихсон. Заримдаа нөхөртэйгээ зад хэрэлдмээр санагддаг байсан. Одоо бол сонирхолгүй болчихсон. Ажил төрөл дээрээ ч хүмүүстэй их зөрчилдөөд л байдаг байлаа. Одоо бол зүгээр урдахаа хийгээд л. Гоё ярилцлага хийж түүнээсээ кайф аваад амьдрах маань гоё.

-Та юунаас айдаг вэ?
-Үхлээс.

-Ойртож очсон болохоор уу?
-Тийм байх аа. Ноднин би “яанаа ингээд үхчихвэл яана, тэгвэл ээж
, хоёр хүүхэд маань л хамгийн өрөвдөлтэй байдалд орох юм байна даа” гэж бодсон. Ер нь удаан өвдсөн маань миний сэтгэл зүйг их өөрчилсөн. Тэгээд үхэхээс их айдаг болчихсон. Хуучин бол тэр тухай боддог ч үгүй байсан. Ер нь манай найз нөхөд ч гэсэн намайг “Их болгоомжгүй байна, эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй” гэж хэлдэг. Сэтгүүлчийн ажил чинь тэгээд… Гэхдээ амь биш дээ, уг нь болмоор л санагддаг юм. Тэгээд болдоггүй л юм… Заримдаа Монголоос явмаар санагддаг.

-Яагаад?
-Байгаа амьдралаас
аа залхаад байна. Бид хоёрын ярьсан бүх юм залхаалт биз дээ.

-Гэхдээ хаяад явж байгаа хүмүүсийг чинь их аминчхан хүмүүс гээд байгаа биз дээ?
-Хямрал болоод байхад л цагаачдаа дуудаад эх орондоо ирээч гээд байхын. Юугаар тэжээх гээд байгаа
юм бэ? Тэд нар тэндээ хэдэн төгрөгөө олоод, гэр бүлдээ ганц хоёр зуун доллар шидчихээд байг л дээ. Төр засгийн тэргүүд нь хүртэл наашаа ирээч гээд нялуураад л байсан. Эхнийх нь ирээд баларч байна ш дээ. Би иймэрхүү хийрхэлд дургүй. Ирлээ гээд ажлын байр байхгүй ш дээ. Энд үйлдвэрүүд чинь хэцүү байна. Ядахдаа бүгдээрээ үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчихъя л даа. Сэтгүүлчид л энэ тал дээр дуугарч байна. Тэгж ярьвал төрөөс хэвлэл мэдээллийн салбарт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тэгээд үзэл суртал явуулахад нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм биш үү. Саяхан хүртэл би “Made in Mongolia” гээд нийтлэл бичсэн. Манай энүүгээр “Монгол оймс аваарай” гээд нэг охин явдаг юм. Уг нь бид Монголдоо ингэж гуйлгачилж явах учиргүй. Эрээнээс цоорхой оймс авчирснаас эндээ бид Монголынхоо оймсыг өмсчих хэрэгтэй юм. Би дэлгүүрт ороод оросын шар сүүг биш цэнхэр савтай сүүгээ авдаг өөрийн хэмжээний эх оронч үзэлтэй хүн. Гэвч бид бүгд тийм баймаар байна.

-Хэтэрхий хувийн амьдрал руу чинь өнгийсөн гэмээр асуулт асуучихъя, уучлаарай. Эхний нөхрөөсөө салсан шалтгаан чинь таны ажил байсан уу?
-Би гуравхан жил л амьдарсан. Тэгээд хувь хүнийхээ хувьд ч төлөвшлөө
олоогүй болчимгүй залуу нас байсан. Сэтгүүл зүйн салбарт дөнгөж орж байлаа… Нөлөөлсөн байх аа.

-Одоо танай гэр бүл бол албан бусаар “сэтгүүлч Б.Ганчимэгийн” гэж овоглогдоно биз?
-Тийм байх аа. Бид хоёр арваннэгэн жил амьдарч байна. Манай хүнд таалагддаггүй юм шиг билээ. Энд тэнд хүнтэй танилцахаар “сэтгүүлч Б.Ганчимэгийн нөхөр ш дээ” гэхээр их эмзэглэдэг. Ер нь Монгол эрчүүд чинь цээжнийхээ цаана дориун бодолтой, найрын хойморт даналзаж байх дуртай хүмүүс. Тийм болохоор хүчтэй эмэгтэйтэй амьдрах нь тийм ч таатай ажил биш байх. Гэхдээ бурхны авралаар нөхөр минь их сайн хүн. Даруу, дуу цөөтэй. Надад ажиллах бололцоог их сайн олгодог. Ер нь өдөр тутмын сонинд нөхөртэй сэтгүүлч хүүхнүүд цөөхөн байсан. Одоо бол гайгүй болсон шиг байгаа юм. Ер нь сэтгүүлч эмэгтэйчүүд хэцүү шүү дээ.

-Та ер нь хэр давруу хүн бэ?
-Давруу… Энэ талаар бодож үзээгүй юм байна. Надад сэтгэлийн шунал бага байдаг. Би нэг удаа ч гэсэн нөхрөөсөө “би улаан цамц авсан, одоо улаан цүнх авна” гэж эмэгтэйлэг шуналтай хүсэлт тавьж байгаагүй. Би бараг бөгж зүүдэггүй. “
Өөр эмэгтэйчүүдтэй амьдарсан бол хэцүү л байх байсан даа” гэсэн тунирхал бол байдаг.

-Танай Булган нутаг их сайхан байх?
-Тэнд үнэхээр намайг хэн ч том сэтгүүлч шүү гэж хүлээж авахгүй. М
анай толгодын дунд өссөн, сайртай бор охин л гэнэ. Айргаа бариад, боодгоо хийгээд л угтдаг. Ямар ч комент байхгүй, хэн ч намайг “бүдүүн Ганчимэг далд ор” гэж зүхэхгүй аймаар гоё байдаг ш дээ, яг үнэндээ. Гэхдээ энэ жил сонгуулиар Хувьсгалт намыг дэмжлээ гээд загнуулсан. Бүр бригадаасаа хөөгдсөн ш дээ.

-Булганыхан чинь нээрээ их ардчилсан улс байх шүү, тийм ээ?
-Ерөнхийдөө их эрх чөлөөтэй. Дур зоргоороо улсууд. Тэр нь ч өөрсдөд нь гоё зохидог юм.

-Гэхдээ та ч “Нутгийн зөвлөлийг тараая” гээд биччихсэн хүн шүү дээ?
-Өө тэд нар одоо болтол намайг үзэн яддаг юм. Уг нь энэ нутгийн зөвлөлүүдийг тараах нь хамгийн хэрэгтэй юм шүү дээ. Би тэр нутгийн зөвлөлийн хурал, бусад үйл ажиллагаанд нь нэг ч очдоггүй.

-Бодвол танд урилга өгдөг л байлгүй?
-Шинэ жилийн баяртаа урьж байсан. Би очоогүй ээ. Түрүүчээсээ барьж аваад “Чи нутгийн зөвлөлийг тараая гэсэн” гээд агсам тавьж чадах улсууд, манай Булганыхан чинь.

-Сэтгүүл зүйн салбарт шуугиан тарьсан томоохон материал нийтлүүлж, улс төрчид болон бизнесийнхний дургүйг их л хүргэдэг байх. Та хэр их рекэтлүүлдэг вэ?
-Би залуу
даа рекэтлүүлж байсан. Одоо намайг рекэтлэнэ гэвэл хоншоор нь дутна. Тэгээд би бас нүгэл тарьж явсан хүн биш болохоор хэцүү ш дээ. Хүмүүс шиг эрх мэдэлд янз бүрийн аргаар хүрчихсэн, энд тэндээ хагарах шилэн байшинтай хүн би биш. Алдах юмгүй пролетари. Хүмүүс занадаг. Дамжуулж зануулсан тохиолдол ч зөндөө л байна. Одоо бол би тоохгүй ш дээ. Анх жоохон айдаг л байсан. Цагдаад хандаж байсан, дарамтлуулж байсан баримт зөндөө. Одоо бол дуртай нь намайг дарамтлана гэж байхгүй.

-Дарамт улс төрчдийн зүгээс илүү ирэх үү, бизнесийн бүлэглэлийн зүгээс ирэх үү?
-Улс төртэй хэлхэлдсэн бизнес. Ер нь л улс төрийн угшилтай л юмнууд байна. Сонины эзнээр дамжуулж дарамтлах гэсэн, өөрөө намайг дийлэхгүй болохоороо худал гүтгэсэн, сэтгэл санаагаар хүчирхийлж байгаад зогсоох гэсэн, мөнгө төгрөг амлаж худалдаж авах гэсэн олон дарамт туулж ирсэн. Одоо бол харьцангуй миний мэргэжлийн нэр хүндэд хүмүүс хүндэтгэлтэй ханддаг болсон.

-Та худалдагдаж байсан уу?
-Худалдагдаж байсан… худалдагдаж байсан л гэж хэлэх байх даа. АПУ-ийн хувьчлал дээр манай сонин нэг талд нь хамтарч ажиллаж, гол ажлыг нь би хийж байсан. Тэгэхэд би мэргэжлийн үүднээс яа
х аргагүй нэг талыг баримталсан. Магадгүй хамгийн анх сэтгүүлчдээс хамгийн үнэтэй гэрээ хийсэн сэтгүүлч би байсан байх. АПУ-ийн хувьчлал Монголын бизнесийн ертөнцөд том гарын авлага үлдээсэн хувьчлал. Хоёр тал асар их маргаантай байсан. Миний хувьд хувь хүмүүсийн гар дээр байсан 49 хувийн хувьцааг хамгаалж ажилласан. Гэхдээ нэг ч их буруу үйл ажиллагаа биш л дээ. Нэг талыг барьсан гэдэгтээ л би өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа болохоос. Хоёрдугаарт сонины зөвлөлийн шийдвэрээр хийсэн. Би Монголынхоо үндэсний бизнесмэнүүдийг хамгаалж байсан. Нөгөө талд нь Оросууд байсан ш д. Засгийн газартай хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа хэсэг монголчдуудаа хамгаалъя гэж манай сонин шийдвэр гаргасан. Түүнээс биш хувь сэтгүүлч ийм хэмжээний ажилд дур мэдэн оролцох ямар ч эрх байхгүй. Тэр сонины зай талбай хэний мэдэлд байгаа юм. Энэ явдлыг л би өөртөө муу жишээ болгож хадгалдаг юм.

-Та хэн нэгэн хүнээс мэргэжлийн зүгээс уучлал хүсэх сэн гэж боддог уу?
-Сонин дээр нэг ч удаа
би хүлцэл өчиж үзээгүй. Тэгэхээр би баримтаас салж давхиж явсан сэтгүүлч биш. Миний арван хэдэн жилийн хөдөлмөр батална. Зүгээр хэтрүүлсэн, өөр зорилготой хүмүүст санаандгүй миний үйл ажиллагаа хавсрага болсон, тэр нь хүмүүсийг гомдоосон явдал гарсан байхыг үгүйсгэхгүй.

-Ний нуугүй, сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
-Баярлалаа.

Ярилцсан О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих