Нико Росберг энэ улирлын тав дахь түрүүгээ авлаа

y8vk0ezalzАвто спортын хаан Формула-1 уралдааны энэ улирлын найм дахь гараа буюу европын гран при өнгөрсөн ням гарагт Азербайжаны Баку хотын авто тойруулгад явагдлаа. 51 тойрог уралдсан уралдаанд энэ улирлын эхний дөрвөн гараанд түрүүлээд байсан “Мерседес” багийн Герман нисгэгч Нико Росберг 1 цаг 32 минут 52,366 секундээр бүх нисгэгчдийг тэргүүлэн энэ улирлын тав дахь түрүүгээ авлаа. Тэгвэл түүний араас “Феррари” багийн 28 настай нисгэгч Себастьян Феттель +1 секунд алдан хоёрдугаар байранд орсон. Себастьян Феттель өмнө нь 2010, 2011 онуудад европын гран прид хоёр удаа түрүүлж байсан билээ. Харин зургаа болон долоо дахь гараануудад дараалан түрүүлээд байсан “Мерседес” багийн өөр нэгэн шилдэг нисгэгч Льюис Хэмилтон энэ удаад 1 цаг 33 минут 48,701 секундээр тавдугаар байранд орлоо. Европын гран прид алдарт Михайль Шумахер зургаа түрүүлсэн амжилтаар хамгийн олон түрүүлсэн нисгэгчээр одоог хүртэл нэрлэгддэг юм. Нисгэгчдийг найман гарааны дараахь байдлаар “Мерседес” багийн Нико Росберг 141 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол, багийн анд Льюис Хэмилтон 117 оноотой удаалж байна. Формула-1 уралдааны ес дэх гараа ирэх сарын 1-нд Австри улсад явагдах болно.


URL:

Сэтгэгдэл бичих