14 тэрбумын төслийн шалгаруулалт шударга болсон уу?

265

Тусгай зөвшөөрөлгүй компани олон улсын төсөлд тууж явна гэвэл та итгэх үү. Тусгай зөвшөөрөл гэдэг эмчээр бодвол эмчлэх эрхтэй хүнийг хэлнэ. Эмчлэх эрхгүй бол тэр хүн хэчнээн чадвартай, мэргэжлийн байсан ч энгийн хүнээс ялгарахгүй. Тиймээс би ч, та ч биеэ үзүүлэхийг хүсэхгүй. Тэгвэл барилгын хувьд ч ялгаагүй. Мэргэжлийн бус компани барилга барьж байна гээд олон хүний амь насаар тогловол яах вэ.

Ийм хачин жигтэй явдал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын хажуугаар өрнөж байна, цаана чинь. Нисэх онгоцны буудлын захиргаа, катеринг, карго үйлчилгээний барилгын 14 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий тендер одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны есдүгээр сард зарлагджээ. Зам тээврийн яам захиалж Худалдан авах ажиллагааны газрын­хан тендер зарлаж шал­гаруул­с­ан байна. Тендерт “Арц суварга”, “Асар өргөө”, “Харбин Да Дун” компани болон “Баяр­констракшн-Юү Ти Пи”, “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон”, “Эс Си Си Эйл Монголия-Татах хүч”, “Эрдэнэт лайт-Баганат өргөө” компанийн түншлэл саналаа ирүүлжээ. Гэвч эдгээрээс нэг нь ч тендерийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Энэ тухай ХААГ-аас тен­­дерт оролцогчдод илгээсэн албан бичигт “…Тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн ганц ч тендер ирээгүй бөгөөд захиалагчаа үл хамаарах шалт­гааны улмаас тен­дерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул тендер шал­­га­р­уулалтыг хүчингүйд тооц­­­соныг мэдэгдье” гэжээ.

Санал ирүүлсэн дээрх долоон компани тусгай зөв­шөөрөлгүй, татвар бо­лон нийгмийн даатгалын өртэй, ажилтан хангалтгүй, тен­дерийн баталгааг дутуу ирүүл­­сэн зэрэг шалт­гаанаар хасагджээ. Нэгэнт тен­­­­дерийн хүчинтэй хугацаа дууссан бол дахиж тен­дер зарлах ёстой. Гэтэл саяхнаас тендерийн шаар­д­­лага хангаагүй гэж хасагд­сан долоон ком­панийн нэг “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон” түншлэл Хө­шигийн хөндий дэх тендерийн ажлыг гүйцэтгэх болжээ.

Учрыг нь тодруулбал, шаард­­лага хангаагүй хэрнээ төрийн байгуул­л­агуудыг шүүхэд өгч, хүчээр тен­дер авсан тухай баримт, мэ­дээллийг эх сурвалжууд хэлэв.

“Ви Эйч Энд Би” компани 2014 онд тендерт оролцохдоо тусгай зөв­шөөрөл аваагүй, инженер тех­никийн ажилтан хангалтгүй, туршлагагүй, хөрөнгө төсвийн хувьд ч биеэ дааж чадахааргүй байсан гэх. Гэтэл ХААГ-аас тэнцээгүй гэсэн хариу авсан тус компанийн захи­­рал Г.Ванчинхүү Сангийн яаманд гомдол гаргажээ. Гомдлын дагуу Сангийн яам компанийн материалыг дахин хянахыг ХААГ-т даалгасан байна. ХААГ-аас тендрийн үнэлгээг дахин хийж “Уг тен­дер шалгаруулалтад орол­цогч “Ви Эйч Энд Би”-“Есүй ордон” компанийн түншлэл 2.1.5 “Газар доорхи гарц тусгай зориулалтын угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтээцтэй, барилга байгууламжийн ажил” эрхлэх тусгай зөв­­­шөөрөлгүй бөгөөд уг тусгай зөвшөөрлөөр хийг­­­­дэх ажлыг туслан гүй­­­цэт­­­г­эгчийн гэрээ бай­гуул­сан “Комптрейд” компаниар гүйцэтгүүлэх санал ирүүлсэн нь тен­дерийн баримт бичгийн шаард­лагад нийцээгүй учир татгалзаж байна” гэжээ. Газар доорх гарц тусгай зориулалтын уг­сар­мал ба цутгамал төмөр бетон болон ган бү­тээцтэй, барилга бай­гууламжийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нь барилга угсралтын ажил гүй­­ц­эт­­гэхэд хамгийн чу­­хал шаардлага юм. Үүнийг баталж Барилга хот байгуулалтын яамнаас ч албан бичиг ХААГ-т ирүүлсэн албан тоот энэ байна.

Тендер шалгаруулагч байгууллагаас удаа дараа ийм хариу өгөөд байхад “Ви Эйч Энд Би” компани Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гар­га­сан байна. Хар ухаа­наар бол Доржийн боловсрол, мэ­д­­лэгийн төвшин, турш­лага тухайн ажлын байранд тэнцэхгүй байхад заавал орно гээд шүүхдээд байгаатай адил.

“Ви Эйч Энд Би” компани яг ийм нэ­хэмж­­лэлийг шүүхэд гар­­га­чихаж. “…“Ви Эйч Энд Би” компани тен­­дерийн шаардлага хан­га­­сан байхад тендер шал­га­руу­­лалтаар үнэлгээ хийж, шалгаруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, зохих шийд­вэр гаргаж гэрээ бай­гуу­лахыг даалгах” гэж. Шүүх хурлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж ХААГ-ын шийдвэрийг хууль бус хэмээн “Ви Эйч Энд Би” компанитай гэрээ бай­­­гуулахыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард даалгажээ.

Үүний дагуу ХААГ-аас “Ви Эйч Энд Би” компанитай гэрээ бай­гуулах саналыг захиалагч Зам тээврийн яаманд хүр­гүүлжээ. ЗТЯ тус компа­нийн амнөх хууль зөрчсөн, шаардлага хангаагүй түүхийг сөхөж гэрээ бай­гуулахаас татгалзсан болохыг эх сурвалж хэлж байна. Гэтэл тус компани Зам тээврийн яамыг шүүхэд дууджээ. Мөн л ХААГ-ыг хариуцагчаар татсантай адил гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн нэгдүгээр сард болсон уг шүүх хурлыг Д.Зоригтбаатар шүүгч дахин даргалж, яг л өмнөх шийдвэрээ гаргажээ.

Үүний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗТЯ “Ви Эйч Энд Би” компанийн хооронд гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл хангалтгүй, газраа ухаад орхисон төдий, хөрөнгө мөн­гө­гүйгээс ажил нь урагш­лахгүй байгаа гэ­с­эн мэдээлэл байна.  Төрийн өндөр ста­тустай хоёр байгууллагыг үндэс­лэлгүйгээр шүүхэд дуудаж, түүнийг нь хууль ёсных хэмээн нэг л шүүгч шийдсэн, долоон компаниас зөвхөн нэгийг нь онцолж дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчээр шал­­га­руулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна хэмээн тендерийн бусад оролцогч компаниуд бухимдалтай байгаа аж. Тэд энэ асуудлаар АТГ-т хандсан удаатай гэнэ.

Тэдний ийн бухимдах нь ч аргагүй. Тендерт ялж чадаагүй олон мянган компани манайд бий. Тэд тэнцээгүй ч тэнцэх ёстой хэмээн шүүхэдсээр байвал юу болох вэ. Хууль ёс тогтоохын тулд хууль, журам гардаг бус уу. Хууль, журам зөрч­сөн байна, тэнцээгүй гээд мэргэжлийн байгуул­ла­гууд дүгнээд байхад тэн­цэх ёстой хэмээн улайрч, түүнийг нь шүүх байгуул­лага нь дэмждэг ямар учиртай вэ. Энэ асуудалд АТГ-ынхан цаг алдалгүй анхаарал хандуулж хууль ёс сахиулах шаардлага яалт ч үгүй байна.

444

kjiujiu

Эх сурвалж:  Б.ЗАЯА   “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих