Худлаа амлалт, хуурамч инээмсэглэлээр халхавчилсан өдрүүд
Ойрын өдрүүдэд Монголчууд сонгуулиар амьсгалж байна. Арга ч үгүй биз, хаашаа л харна гоё гоё монгол дээл, костюм пиджакаар гангарсан нэр дэвшигчдийн баясгалантай царай нүдэнд харагдаж, бараг таарсан хүн болгон хэн нэгэн нэр дэвшигчийн сурталчилгааны материал тарааж байгаа юм чинь амьсгалахгүй гээд ч яах билээ.
Энэ сарын 11-нээс нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, тэд учир зүггүй ард түмэндээ хайр зарлаж бараг л хүсэл биелүүлэгч шидтэн болж хувирсан. Тэдний хэлж байгаагаар бол бид ирэх дөрвөн жилийн хугацаанд бараг л диваажинд амьдрах бололтой. Тухайлбал, Гэр орон маань гэрэл гэгээтэй болж, тоолж баршгүй олон бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй болох юм гэнэ. Бас болоогүй ээ, цалин тэтгэврийн хэмжээг нэмж, ард түмнээ алтанд умбуулах юм байх.
Гэвч энэ үгнүүд бидний чихэнд хэдийнээ танил болж, сонсох төдийд л худлаа гэдэг нь мэдрэгдэж байгаа нь харамсалтай. Учир нь бид дөрвөн жилд нэг удаа иймэрхүү үгнүүдийг залхтлаа сонсдог. Эдгээр хий хоосон амлалтууд сонгуулийн маргаашнаас эхлээд л нэг нэгээрээ замхарч эхэлдгийг Монголчууд хэдийнээ мэддэг болсныг эрхэм нэр дэвшигчид минь ухаараасай.
2012 оны сонгуульд нэр дэвшиж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр барилцсан эрхмүүд маань 2012 оны сонгуулиар ярьж хэлж, амлаж байсан бүхнээ хийж хэрэгжүүлсэн бол монголчууд бидний амьдралд бага ч болов өөрчлөлт гарах байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал улам бүр дордож, иргэдийн амьдрал туйлдсаар байгаа нь харамсалтай.
Энгийн үед утас руу нь залгаад авдаггүй, мессеж бичээд хариу бичдэггүй, өрөөнийх нь үүдэнд хөлөө чилтэл хүлээгээд уулзаж чаддаггүй, хааяа нэг зурагтаар ярвайсан царайтай иргэддээ харагддаг эрхэм дарга нар маань сүүлийн өдрүүдэд гудамжинд таарсан бүхэнтэйгээ гар барьж, халуун дотноор инээмсэглэнэ, хамаг байдаг сайхан үгээ хайр найргүй чулуудаж байна.
Хэдхэн өдөр ч гэсэн монголчууд маань бие биедээ ийм найрсаг хандаж, халуун дотноор инээмсэглэхийг харах сайхан ч юм шиг.
Харамсалтай нь “хуурамч” энэ өдрүүдийн хүчинтэй хугацаа дуусахад цөөхөн хоног үлдлээ …
Эцэст нь хэлэхэд, Олон жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Зэнээ агсан хэлэхдээ “Та минь наадуулынхаа тараасан гурил будаа, талх элсэн чихрийг бушуухан аваад л байгаарай. Харин яг санал өгөхдөө өөр сонголт хийчхээрэй” гэж хэлж байсан түүх бий.
Тиймээс хэн ч юу ч гэж сайхан зүйл ярьж сайхан амлалт өгч байсан юунд ч хуурталгүй, нухацтай сайн бодож зөв сонголт хийхийг нийт сонгогчдодоо уриалж байна.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/76a62e2a
URL: