Толгой өвдөлтийг хэрхэн намдаах вэ?
Нийт хүн амын 85% нь толгой өвддөг болохыг судлаачид тогтоосон бөгөөд таван хүн тутмын нэгд нь толгой байнгын шинж төрхтэй өвддөг юм байна.
Насаар нь авч үзье л дээ
• Залуу, дунд насны хүмүүсийн толгой харьцангуй их өвддөг. Гол төлөв 20-30 насанд толгой таллаж (мигрень) өвддөг. Энэ нь ихэвчлэн хүзүүний булчингийн чангарал, сэтгэл санааны хямрал, мэдрэл цочрогдол зэргээс болдог байна.
• 40 наснаас дээш тархины цусны эргэлтийн дутмагшил, хүзүүний ясны өөрчлөлттэй холбоотой өвдөлт ажиглагдана.
Толгой өвдөлтийг анхдагч, хоёрдогч гэж хоёр ангилна.
• Анхдагч өвдөлтөд тархины судасны шалтгаан бүхий толгойн талласан өвдөлт (мигрень) багцалсан булчин чангарлын өвдөлт багтдаг.
• Толгойн хоёрдогч өвдөлт бусад өвчний шинж тэмдэг болж илэрнэ.
Толгойн архаг өвдөлт
Толгойн архаг өвдөлт нийт хүн амын 2-5%-д тохиолдоно.
Толгойн архаг өвдөлтийг олон оронд «хүзүүний булчин чангарлын толгойн өвдөлт» гэж нэрлэж иржээ. Энэ нь хүзүүний булчингийн чангарал ихэссэний улмаас артерийн судас нарийсан, заримдаа цусны тасалдал үүсэх, булчингийн чангарал сулрахад цусны эргэлт дахин сэргэдэг гэж үздэг юм байна. Артерийн судас нарийсахын хирээр венийн зогсонгошил үүсч, бодисын солилцооны хагас задарсан бүтээгдэхүүний нөлөөнд хуйхны булчин хавагнаж өвчтэй болно.
Манайхны дунд ярьдаг хүзүү хөших, хуян шар ус хөөрөх гэх мэтээр нэрлэдэг зүйл бол хүзүүний булчингийн чангарал, өвдөлт үрэвсэл юм. Хүзүүний булчин чангарч хөшсөн, тэр байдал нь толгой, дал, мөр рүү дамжиж, архаг толгойн өвдөлт, сээр, мөрний булчингийн өвдөлтийг үүсгэдэг.
Дээрх өвчин зовиурыг үүсгэх шалтгаан, нөхцөлд амьдралын буруу дэглэм, ажлын нөхцөл тухайлбал компьютерийн болон бичгийн ажилтай оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, машин жолооддог, оёдол хийдэг зэрэг ажлыг удаан хугацаанд олон цагаар амралтгүй хийх мөн хэвтэж зурагт үзэж, ном сонин уншдаг, дэрээ буруу дэрлэж унтдаг гэх мэтийн зүйлсээс болдог.
Толгойн багцалсан өвдөлт
Энэ нь толгойн нэг талд тогтвортой байрлаж, нүүр улайх, хөлрөх, нус, нулимс гоожих зэрэг вегетатив мэдрэлийн өөрчлөлт хавсарч илэрдэг, тархины судасны шалтгаанд үечлэн тохиолдох хүчтэй өвдөлт юм. Нэг удаагийн өвдөлтийн үргэлжлэх хугацаа удаан биш боловч, хөдлөл сэдэрсэн үед өдөр бүр тодорхой цагт өвдөнэ
Өвдөлт хоёр талд зэрэг байрлах нь бараг үгүй. Өвдөлт нүд, түүний эргэн тойрон санчгаар байрлана. Нүүр таллаж хүчтэй өвдөх боловч хүзүү, дагз, чих, гар хуруу дамжих нь ховор. Нэг удаагийн өвдөлт 30 минутаас 6 цаг буюу дунджаар З цаг үргэлжилнэ. 30-40 насны эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.
Толгойн талласан өвдөлт
Толгойн үечлэн өвдөх нь ихэвчлэн нэг гэр бүлийн хэд хэдэн хүмүүст тохиолдоно, Өвдөлт сэтгэл хөдлөх, ядрах, цаг агаар өөрчлөгдөх, нойр муудах гэх мэт тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр гол төлөв сэдэрдэг. Толгой таллан өвдөхийн өмнө хараа, мэдрэхүйн талаас түр зуурын өөрчлөлт гарна.
Өвдөлтийн үе гол төлөв өглөө нойрноос сэрэхэд толгой өвдсөн байдаг. Хүчтэй өвдөлт 20-30 минутаас нэг цаг орчим үргэлжилнэ. Бие зарайх, хөлрөх, зүрх дэлсэх, ам хатах, дотор муухайрч бөөлжих шинж хавсарч гардаг. Өвчтөний царай цонхийн нүдний эргэн тойронд хөх туяа татаж, зовхи цэлхэрнэ. Энэ үед юманд, анхаарал төвлөрүүлэх сэтгэн бодох чадвар эрс буурна. Хурц гэрэл, дуу чимээ. үнэрээс зайлсхийж аль болох ганцаар байхыг эрмэлздэг. Огиулж бөөлжсөнөөр өвдөлтийн эрчим намдаж дотор бага зэрэг онгойх боловч толгой дүүрч өвдөнө.
Толгой өвдөлтийн эмчилгээ:
Мэдээж мэдрэлийн эмчийн үзүүлж, нарийн зөвлөгөө, эмчилгээг авна.
Орчин үед хүзүүний өвдөлтийг уламжлалт эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний аргууд болох хүзүүний татлага, массаж, бумба шивүүр, зүү төөнө, халуун жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг болсон. Гэвч эдгээр эмчилгээг хийхийн хамт дэглэм эмчилгээ, хүзүүний дасгал хөдөлгөөн, зөв амралт, буруу зуршлаа орхих нь шалтгааны эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.
Ажлын нөхцлөөс шалтгаалан хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол ажлынхаа дундуур босч булчингийн чангаралыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд халуун жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал өвдөлтийг арилгадаг.
Үүний тулд толгойгоо дээш доош 2-3 удаа хүчтэй хөдөлгөн, дараа нь баруун зүүн мөр лүүгээ 2-3 удаа хүчтэй хөдөлгөөрэй. Дараа нь 2 тийш нь цагираг хөдөлгөөн хийгээрэй.
Үүнийг 3 удаа өдөр бүр давтан хийнэ.
Гэрээр авч болох эмчилгээнүүд:
• Өндгийг хагалж аяганд хийн хутгаад 150 гр буцалсан сүүг нэмэн хийж холиод ууна. Мэдрэлийн гаралтай толгойн өвдөлтийг арилгана.
• Хэт ядарснаас толгой өвдөөд байвал халуун усанд орох хэрэгтэй. Тийм боломжгүй бол 2 хөлөө шагайгаа хүртэл халуун усанд дүрээд 10-15 минут суугаарай. Энэ үедээ түүхий давсалсан загас, нэг аяга халуун гааны ханд бүхий цай ууна.
• Цэгэн массаж хийнэ. Духнаасаа эхлэн дагз руугаа хүчтэй цэгэн массаж хийнэ.
• А, В1, В6 амин дэмийг тогтмол хэрэглэх
• Эрхий хуруугаа чих рүүгээ шургуулж, чихний цэцэг рүүгээ дотроос нь урагш, нүднээсээ жаахан дээгүүр чиглүүлэн нухаж дарна. Ингэж дараад хуруугаа татна.
• 1-2 минутын зайтай 3 удаа давтан хэрэглэнэ. Толгой өвдөлт намдахаас гадна даралт буурна. Үүнийг харин 3 сарын турш хэрэглэнэ.
Эмч М.Мөнхбаатар
URL: