Н.АЛТАНХУЯГ Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТОЙРГИЙГ ҮЙМҮҮЛЖ ЯВНА

e2f4ef70cc56b04e66047e109105aa9e_1466120740Үндсэн хуулийн Цэц “Намын жагсаалтаар гишүүдийг сонгох нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан биш намдаа хандив өргөж, намынхаа удирдлагуудын ая таалалд нийцэн байж жагсаалтад багтах эрх авсан нөхдийг уйлуулах шахсан. Учир нь нэр дэвших тойргоо намынхантайгаа хэдийнэ тохиролцсон нөхөд мөлхөө уулзалтуудаа оноос өмнө хийж эхлэн хөшигний цаана “хор” найруулж явсан бол жагсаалтын урдуур бичигдэх байсан хэдийн хувьд тойрог услах энэ тэрт санаа зовох зүйлгүй байсан юм. Гэвч Цэцийн шийдвэр нэгэнт гарч, УИХ түүнийг нь дуртай, дургүй хүлээж авсан учраас эрхэм гишүүдэд сонгуулийн тойрог, мандатыг дахин хуваарилж хуульчлах ажил оногдсон. Ц.Нямдорж гишүүний хэлснээр, тэр үед орон нутгийн АН-ын удирдлагууд ордноор хөлхөж, тойрог зурах ажилд эчнээ оролцсон бол АН-ын гишүүдийн өөрсдийнх нь ам алдсанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын арын өрөөнд тойрог зурах нууц тохиролцоо явагдсан гэдэг. Эрх баригчид ийнхүү УИХ-д олон суудалтайгаараа далимдуулж, зурсан тойргуудаа тулгасан нь МАН-ын Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор тойрог, мандатын тоог хэлэлцэх үед Ч.Хүрэлбаатар гишүүн Н.Алтанхуяг гишүүнээс “Энэ сонгуулийн тойргийг хэн зурсан бэ” гэж асуухад цаадахь нь “Би зураагүй” гэж гүрийсэн. Эрхэм гишүүдийн хооронд ийн улаан хэрүүл болох шахсаныг байнгын хорооны дарга А.Бакей арайхийн намжааж, Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийн зурсан “зураг” болохыг ч баталсан удаа бий. Тэгвэл өдгөө сонгуулийн марафон аль хэдийнэ талдаа орж, МАН-аас Ч.Хүрэлбаатар, АН-аас Н.Алтанхуяг нар Увсын цэнхэр хязгаарт өрсөлдөж байна. Гэхдээ өөр өөр тойрогт. Н.Алтанхуягийн зурсан тойрогт “Ч.Хүрэлбаатарыг доромжилсон сэтгэгдлүүдийг интернэтээр нэг троллдсон” гэж жиргээчдэд балбуулсан “Тэсо” группийн захирал О.Цогтгэрэл нэр дэвшжээ. Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын дарга байсан хүний хувьд сонгуульдаа багагүй хөрөнгө зарцуулж, урлаг соёлын одод шиг гоёмсог тайзан дээр заларч яваа нь уулзалтуудынх нь зургуудаас илт. Ямар сайндаа МАН-ын зарим нөхдөөс “Ч.Хүрэлбаатар уулзалтынхаа үеэр нэг самбар, хэдэн тугтай байхад Н.Алтанхуяг бөөн тайз майз” гэсэн шүүмжлэлийг хүртэх вэ. Саяхан л сонгуулийн хандивын дансаа нээж “Үзэлцэнэ ээ” гэж мэдэгдэж байсан АН-ын экс дарга Увсын Малчин, Ховд сумдад ийнхүү бийлэгжүү загнаж явна.
Гэтэл Увсаас өчигдөр нэгэн хөгтэй мэдээ ирэв. Н.Алтанхуяг андуурсан уу, аль эсвэл Ч.Хүрэлбаатарыг албаар очиж өдөн сонгогчдынх нь өмнө эвгүй байдалд оруулах гэсэн үү, тойрогт нь урилгагүй заларчээ. Ч.Хүрэлбаатар гишүүн уурандаа “Чадалтай аавын хүү байвал надтай өрсөлдөөрэй. Би басч байна” гээд хэлчихсэн биш тойрогт нь баахан бөхчүүд дагуулж очсон байх юм. Энэ тухай эрхэм гишүүн фэйсбүүк хуудастаа “Н.Алтанхуяг өөрийн дэвшсэн тойргоо андуурч, намайг цавчиж унагана гэж миний дэвшиж буй 33 дугаар тойрог дээр уулзалтууд хийгээд явах юм. Их л улайрцгааж байна даа. “Чадалтай аавын хүүтэй өрсөлдье” гэсэн чинь бас бөхчүүд дагуулж яваад байх юм” хэмээн бичжээ. Н.Алтанхуягийн шүдгүй араанд зуугдсан Ч.Хүрэлбаатар ийнхүү тойргийнхонтойгоо тухтай ч уулзаж чадахгүй, хамаг нервээ барж байгаа бололтой. Тэрбээр Н.Алтанхуягийн чадлыг арай л бага үнэлж. Саяхан даа. Өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах үеийн санал хураалтын дүнг жаазалж хадгалчихаад нам доторхи “дайснууд”-аа нэр дэвшүүлэхгүй байх “хор”-ыг найруулж явсан хүн шүү дээ, нөгөөх нь. Хэрүүлч Ч.Хүрэлбаатар, зуумтгай Н.Алтанхуяг хоёрын хэн нь Увсад илүү чадалтайгаа харуулах цаг ч дөхлөө дөө.

М.Од

analiz.mn

URL:

Сэтгэгдэл бичих