УИХ-ын гишүүн Батбаяр шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хуучин эхнэр хүүхдүүддээ 571 сая төгрөг өгөхөөс зугтааж байна
Хэд хэдэн компани эзэмшдэг их хурлынхан дундаа ч чинээлэг нэгэнд тооцогддог Д.Батбаяр гишүүнийг эцэг хүний үүргээ ухамсарлахгүй өөрийнх нь хувьд ялихгүй шахам мөнгийг өнөөдрийг хүртэл 3 жилийн турш хүүхдүүддээ өгөхөөс цааргалсаар яваа гэхэд үнэхээр итгэхэд бэрх санагдах нь лавтай.
Жил жилийн сар шинийн баяраар булган эмжээртэй, үнэтэй торгон дээлээр шинэ эхнэртэйгээ ижилсэн гоёёж, хэдэн арван саяын хөөргөөр гангардаг, үнэтэй үдэшлэг цэнгүүн бүрт баярхаж явдагаараа олонд зартай болсон түүнд бага хүү Элбэгбаяр, залуухан эхнэр Т.Баягалангаа эрхлүүлж явах нь хамгаас чухал, харин өнгөрсөн амьдрал болоод түүнээс үлдсэн арилгаж, үгүйсгэж боломгүй бүхэн юу ч биш бололтой. Анх 2007 онд ХУД-ын анхан шатны шүүхээр Батбаяр, Буянбилэг нарын гэр бүл цуцлах шүүх хурал болж хуулинд заасны дагуу эхнэр хүүхэд нь ноогдох хөрөнгөний хувь 571 сая төгрөгийг өгүүлэхээр болсон байна. Гэвч энэ шийдвэрийгД.Батбаяр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалджээ. Харин Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул эрхэм гишүүн бас л эсэргүүцэж, Дээд шүүхэд давж заалдана хэмээн даварчээ. Гэвч хоёр удаагийн шүүхийн шийдвэр адил гарсан тул Дээд шүүхэд давж заалдах боломжгүй гэсэн хариуг түүнд өгсөн байна. Ингээд ямар ч шүүх цагдаагаар заргалдаад нэмэргүй болсон гишүүний эцсийн арга нь эхнэр хүүхдээсээ нүүр буруулан зугтах л байв. Арлын Япон орноо сумогийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргаж ард түмнийхээ хайр хүндлэл хүлээсэн энэ эрхмийн ийм хүнлэг бус сэтгэлтэйг олон хүн зүүдлээ ч үгүй яваа. Хуучин эхнэр хүүхдэд нь гаргуулан өгөхөөр болсон 571 сая төгрөгийг түүний АТГ –т гарган өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг дэх эд хөрөнгөний хувиас бодож гаргасан юм. Гэтэл эрхэм гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өч төчнөөн тэрбумын хөрөнгөө мэдүүлээгүй нуун дарагдуулсан байдаг. Жишээ нь дурдахад л баруун 4 зам дахь 16 давхар Кёкюүшү цамхаг, Гацууртын шар хоолойн аман дахь эдлэн газар гээд тоочиж болно. Энэ бүхэн Батбаярынх гэдэг нь хэний ч нүдэнд ил байдаг. Энэ бүх хөрөнгийг нь оруулан тооцсон бол түүний хаяж орхисон эхнэр хүүхдэд 571 саяыг хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө ноогдох байв. Хэдэн тэрбумаар тооцогдох хөрөнгөнийхөө цөөхөн хэдэн хувийг л өөрийнхөө төрсөн хоёр үрдээ өгөхөөс харамлан бултаж шүүхэд дахин дахин давж заалдаж суугаа энэ эрхэмд ичиж зовох булчирхай гэж лав байдаггүй бололтой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш жил орчим хугацаа өнгөрсөн ч эрхэм гишүүн зугатсаар л явна.
Арав гаруй жил ханилж хоёр хүүхэд төрүүлж өгсний эцэст зөвхөн өмсөх хувцасаа аваад гэрээсээ гарсан эхнэр нь өдгөө аав ээжийнхээ гэрт хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Олны дунд боловсролтой ухаалаг бүсгүй гэгддэг П.Буянбилэг энэ асуудлыг хэрүүл зарга үүсгэлгүй нам жимхэн шийдвэрлэхийг хүссэндээ үүрэг хүлээсэн албаныханд хариуцуулчихаад буурь заан хүлээж сууна. Гэтэл шүүхийн нэхэмжлэхийн дагуу үүрэг гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд Д.Батбаярын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь багагүй төвөг учруулж байна. Түүнийг энгийн иргэдтэй адил албадан шалгаж, гэр оронд нь нэгжлэг хийж, эд хөрөнгийг нь битүүмжлэх эрх албаныханд байхгүй. Гэхдээ гишүүн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхээс ийнхүү татгалзсаар байвал УИХ-ын тамгын газар болоод, ёс зүйн хороонд хандахаас өөр аргагүй юм байна. Мөн эзэмшлийн эрх нь гишүүний нэр дээр байдаг “Боловсрол” нэртэй сургууль үйл ажиллагаагаа явуулж буй барилгыг дуудлага худалдаанд оруулж дээрх мөнгийн төлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Тус барилгыг Д.Батбаяр гишүүнтэй хамтран нэгэн Японы иргэн эзэмшдэг учраас тухайн Япон иргэний зөвшөөрөл, гарын үсэг шаардлагатай. Тиймээс Японы иргэнийг монголд ирж зөвшөөрсөн гарын үсэг зурсан тохиолдолд л энэ үйл ажиллагааг явуулах юм байна.
Эцэг хүнийхээ хариуцлагаас зугтаж, өөрийн байгуулсан бүх компанийг Баясаагийнхаа нэр дээр шилжүүлчихсэн тэр “571 500 000 төгрөгийг өөрийн дураар гаргаад өгөх эрх надад алга. Би юу ч үгүй хүн” хэмээн ярьж суугаа нь үнэхээр инээдтэй. Улсын хууль батлалцаж төр түшилцэж яваа эрхэм ноёнтон өөрөө шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хуулиас гадуур аж төрж яваа нь УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэх үү. Ядаж төрд итгэл хүлээлгэн сонгосон ард түмнийхээ үлгэр дууриал болж явах ёстой төрийн түшээ хүн гэдгээ ухамсарлаж, нэр төрөө дээдэлмээр. Нэгэн цагт гэр бүл зохиож, сайхан амьдрал өрнүүлж явсан хань ижил, үр хүүхдүүдээсээ ийнхүү элэг буруулан зугтаж яваа нь түүний ямархан сэтгэл зүрх, мөс чанартай болохыг нь илхэн харуулж байгаа хэрэг бус уу.
Эх сурвалж “Хүмүүс” сонин.№46
URL: