Ороо бусгаа отгон чуулганы ирц бүрдэх үү
Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, давхар дээлийг тайлах хуулийн төсөл, Засгийн газрын гурван гишүүнийг огцруулах, оффшорын эсрэг хууль зэрэг улстөрийн тогоонд буцалж байгаа асуудлыг “буцлахаас” урьтан чуулганыг тавдугаар сарын 24-нд завсарлуулсан. Чуулганыг завсарлуулахаас өмнө хэлэлцэн батлах учиртай байсан хэд хэдэн хуулийн төсөл, асуудлуудыг тоохгүйгээр ийнхүү завсарлуулчихаад байгаа. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах учиртай байсан. Мөн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцах байсан. Гэсэн ч Хөгжлийн банктай холбоотой олон “но”-гоо илрүүлж, МАХН-тай хийсэн тохироог бүтэлгүйтэхээс сэргийлж сонгуульдаа бэлтгэл базаахыг илүүд үзсэн нь гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байгаагаа ч илэрхийлсэн.
Гэхдээ тооцоод үзэхэд УИХ-ын 76 гишүүний 31 нь нийслэлийн тойргуудад, харин 9 гишүүн нэр дэвшээгүй гэхээр чуулганы ирц бүрэн бүрдэх боломжтой.
Тэгвэл нэг сарын хугацаатай завсарлуулсан чуулганы нээлт энэ сарын 23-нд буюу арав хүрэхгүй хоногийн дараа болно. Сонгуулийн сурталчилгаа ид дундаа яваа өөрөөр хэлбэл сонгууль болохоос ердөө зургаахан хоногийн өмнө эхлэх чуулганы нээлтэд гишүүд ирэх үү, ирлээ ч ирц бүрдэх үү гэдэг асуудал гарах нь мэдээж. Энгийн үед ч чуулганы хурал нь ирц бүрдэхгүйгээс олон цаг, өдрөөр хүлээлгэдэг эрхэм гишүүд чуулганы танхимдаа “морилох” нь юу л бол. Гэхдээ тооцоод үзэхэд УИХ-ын 76 гишүүний 31 нь нийслэлийн тойргуудад, харин 9 гишүүн/ Ц.Баярсайхан, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, С.Оюун, Р.Амаржаргал, Су.Батболд, Ж.Батсуурь, Л.Цог/нэр дэвшээгүй гэхээр чуулганы ирц бүрэн бүрдэх боломжтой. Харин үлдсэн 36 гишүүн хөдөө, орон нутгийн тойргуудад нэр дэвшиж байгаа тул ойрхон аймагт нэр дэвшигчдээс бусад нь ажилдаа ирэхгүй л болов уу.
Нөгөөтэйгүүр асуудал зөв тийшээ шийдэгдэж чуулган хуралдсан тохиолдолд эхэнд дурдсан асуудлуудыг яаравчлан хэлэлцэх нь зүйтэй. Дээрх хуулийн төслүүдийг батлаагүйгээс болж төсөвт багууллагууд ирэх 2017 оны төсвийн төслөө боловсруулж чадахгүйд хүрлээ гэж дүгнэхэд хилсдэхгүй болоод байгаа шүү эрхэм гишүүдээ,. Учир нь жил бүрийн долдугаар сараас анхан шатны нэгж, төсөвт байгууллагууд ирэх оныхоо төсвийн төслийг боловсруулж эхэлдэг гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц бизээ.
Эх сурвалж: Д.СҮРЭН, Zaluu.com
URL: