Эгдүүцэл, инээдэм төрүүлэх СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА

4507c831debd1138Төрийн ордонд том төсөл хөтөлбөр ярьж, түмэн олонтойгоо уулзах нь битгий хэл тойрогтоо үзэгдэхээс ч цэрвэж явсан гишүүд иргэдэд тал засан идэвхтэй хөдөлгөөнд шилжив. Хачирхалтай нь, өөрсдийн санаачилга гэхээсээ сонгуулийн сургалчилгаанд хөтлөгдсөн тэд сонгогчдоос оноо авах гэж янз бүрийн арга хэрэглэж эхэлсэн нь түрүүчээсээ эргээд өөрсдийг нь ээрэх шалтгаан болж байна.

Жишээ нь, сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлсэн өдрөөс гудамж, талбайд “заларч” эхэлсэн нэр дэвшигчдийн самбар зарим нэгний эгдүүцлийг төрүүлэв. Учир нь, замын хоёр талаар байрлуулсан нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг зай талбайгаасаа болсон уу эсвэл байрлал нь нөлөөлсөн үү явган хүний зам дээр байрлуулсан нь шүүмжлэлийн бай болж, зарим нэгнийх нь байршлыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа олны танил хоёр ч эрхэм овгоо алдаатай бичиж, түүнийгээ өөрсдийн цахим хуудаснаа оруулсан нь сошиал ертөнцийнхний шүүмжлэлийн бай болсон юм. Мэдээж тэд зориуд алдаатай бичээгүй байх л даа. Харин сурталчилгааны хуудсыг хэвлэхээс өмнө хянаагүй нь ийм алдаа гаргахад хүргэж байж болох. Гэвч төрсөн эцгийнхээ нэрийг буруу бичиж байгаа хүнээр төр удирдуулах, хууль дүрэм санаачлуулах, батлуулах, засуулах нь зүйд нийцэхгүй гэсэн шүүмжлэл олон байна.

Үүнээс гадна намын даргынхаа нэр нөлөөгөөр УИХ-ын босго давж, бүр төрийн сайд болсон нэгэн эрхэм сонгуулийн сурталчилгаа эхэлсэн даруйд Сонгинохайрхан дүүргийн сонгогчдод “Би таны гэр бүлийн гишүүн” хэмээх бичигтэй өөрийн зурагтай цаас тараасан нь энэ өдрүүдийн ярианы гол сэдэв болж байх жишээтэй. Эгдүүцэл, инээд нь хүрсэн иргэд түүний сурталчилгааг өлгөж аван янз бүрээр элдэвлэж байна. Зарим нь “Эхнэр хэд хоног гэртээ ирсэнгүй” хэмээн хошигнох. Тэгэх нь ч аргагүй. Зурагтаар л бараагаа харуулдаг төрийн сайд “Танай гэр бүлийн гишүүн” гээд хүрээд ирэхэд хэний ч гайхширал төрөх нь мэдээж шүү дээ.

Төрийн сайдын уриатай холбоотой асуудал намжиж амжаагүй байтал бас нэгэн нэр дэвшигч ‘Тэр орныг тань гэрэл гэгээтэй болгоно” хэмээх уриа дэвшүүлж орхив. Эрхэм нэр дэвшигчийг сонгохгүй л бол сонгогчдын гэр орон гэрэл гэгээгүй харанхуй байх сэтгэгдэл төрүүлэм. Магадгүй тухайн нэр дэвшигчийн өрсөлдөж байгаа тойрогт цахилгаангүй айл өрх олон учраас тэрхүү асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө иймэрхүү маягаар илэрхийлсэн ч байж болох талтай. Бүр болоогүй, ‘Таны саналыг төрийн тархинд” гэсэн уриа дэвшүүлсэн нэгэн ч байна. Угтаа бол иргэдийн саналыг төрийн боддогод тусгах нь УИХ-ын гишүүний нэр тэргүүнд хийх ёстой ажил, хүлээсэн үүрэг нь баймаар. Гэтэл УИХ-д хоёр ч удаа ард түмнийг төлөөлсөн, өдгөө төрийн сайдын албыг давхар хашиж байгаа эрхэм ажил үүргээ одоо л ойлгосонтой агаар нэг зүйлийг ярьж яваа нь хачирхалтай биш гэж үү. Улстөрчид, нэр дэвшигчдийн хөгтэй гэмээр үйлдэл үүгээр хязгаарлагдсангүй.

Сонгуулийн уриаг нь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн рекламтай андуурсан тохиолдол ч гарав. Тодруулбал, нийслэлийн ИТХ-д нэр бүхий намаас нэр дэвшиж байгаа нэгэн эмэгтэй сонгуулийн сурталчилгааны гол уриагаа “Гоё зорилго, гоё сонголт” хэмээсэн нь зарим хүнийг төөрөгдөлд оруулж “Гоё” тарагны рекламтай эндүүрэхэд хүргэв. Эндээс харахад “Танд тэдэн төгрөг өгнө, тэгж ч амьдралыг чинь өөд татна” хэмээн амладаг байсан сонгуулийн сурталчилгаа хөгөө өнгөрөөж нэр дэвшигчид сонгогчидтой илүү ойртож харилцахыг илүүд үзэх болсон мэт. Ийнхүү сонгогчдоос оноо авах гээд өөрсдөө бусдын тохуурал болж эхэлсэн нэгэн байгаа бол эсрэгээрээ өөрт ашигтайгаар эргүүлэх нэгэн ч байгаа юм.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч нэгэн сурталчилгааныхаа хүрээнд сонгогчидтой уулзалт зохион байгуулан явах үеэр эсрэг намынх нь ухуулагчид дэмжиж буйгаа илэрхийлэн гар барьсан нь гэрэл зурагт бууж цахим ертөнцөөр тарах нь тэр. Санамсаргүйгээр ийм явдал тохиолдсон уу, санаатайгаар зохион байгуулсан уу гэдэг нь тодорхойгүй ч өрсөлдөгчийнх нь ухуулагчид өөрсдөө хүрч ирээд баяр хүргэсэн нь түүнийг сонгогчдын дунд нэр хүндтэй буйгаа харуулах боломжийг олгосон нь энэ байв. Сонгуулийн сурталчилгаа иймэрхүү өнгө төрхтэйгөөр үргэлжилж байгаа бол өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого ч цөөнгүй гарч байна. Ингэхдээ зам дагуу байрлуулсан сурталчилгааны самбаруудыг эвдэж сүйтгэв. Үүнд нь эгдүүцсэн нэр дэвшигчид шударга өрсөлдөхийг уриалж, дахин ийм гаргахгүй байхыг сануулж буй.

Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой бичлэгийг сошиал ертөнцөөр тараасан нь олон нийтийн анхаарлыг тийш хандуулах шалтгаан болж байх шиг. Бүлгийн даргаа өрөөндөө тамхи татсан учир торгох арга хэмжээ авахуулахаар Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүлж байсан УИХ-ын гишүүн өөрийнхөө санаачлан, батлуулсан хуулиа зөрчиж буйг харуулсан бичлэгийг зүгээр ч нэг олон нийтэд цацаагүй нь лав. Харин өрсөлдөгчөө намнах, нэр хүндийг нь унагах гэсэн хэн нэгний зориуд гаргаж тавьсан захиалга байж болох талтай. Ил болсон нь эрхэм гишүүнийх болохоос ирэх өдрүүдэд олон нийтэд цацахаар бэлтгэж байгаа бичлэг үүнээс ч олон байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчөө харлуулах, өөртөө оноо цуглуулах гэсэн нэр дэвшигчид энэ байтугай үйлдлийг хийх нь дамжиггүй. Гагцхүү сонгогчид инээд, эгдүүцэл төрүүлсэн энэ бүх улс төрийн жүжгийг үл ажран сонголтоо зөв хийх нь чухал юм.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих