Хувьцаагаа худалдаад, хууртахуй!!!
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай 7.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын хувьцааны 10 хувийг Монгол улсын иргэдэд эзэмшүүлэхээр болсон. Харин саяхан Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс-Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлсэн хувьцааны гол утга нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн хүнд хувьцааг нь бүхлээр нь өгч, хувьцааныхаа оруулсан хөрөнгийн дагуу үйл ажиллагаа нь ашигтай байвал иргэдийн эзэмшүүлсэн хувьцаанд ногдол ашиг хүртээх ёстой юм. Гэтэл одоогоор Тавантолгойн үйл ажиллагаа ашигтай биш, нүүрсний үнэ унасан, компани их хэмжээний өртэй байгаа нөхцөлд Засгийн газар иргэдийн хувьцааны тодорхой хувийг мөнгө болгож байгаа нь эргээд маш их өрийн дарамтыг үүсгэнэ хэмээн мэргэжилтнүүд сануулж буй.
Энэхүү хувьцааг өөрөөр хэрхэн ашиглах боломжтой байсан вэ?
Хэрэв энэ компанийн хувьцаа биржид арилжаалагдсан бол манай улсын нийгэм, хөрөнгийн зах зээлийг хүссэн хүсээгүй ойлгохыг эрмэлзэж, нийгэм даяараа хувьцаагаар амьсгалах байв. Энэ утгаараа иргэд хөрөнгийн зах зээлийн боловсролоо нэмэгдүүлж, хувьцааны ач холбогдол, хөрөнгийн зах зээлийн үр өгөөжийг богино хугацаанд ухаж ойлгох боломж бүрдэх байсан. Мөн “Таван Толгой” ХХК-ийн хувьцааг дотоодын биржид арилжаалснаар иргэд маань хүссэн үедээ хувьцааг нь арилжаалах боломж нээгдэх байв.
“Эрдэнэс Таван Толгой” ХХК нь 15 тэрбум ширхэг хувьцаатай. Нэг бүрийг нь засгаас 929 төгрөгөөр үнэлж худалдаж авах шийдвэрийг гаргасан байдаг. Тэгэхээр нийт үнэлгээ нь 13.93 их наяд төгрөг буюу 7.03 тэрбум ам.доллар юм. Өөрөөр хэлбэл тус компанийн эзэмшилд буй ордын нөөц болох 6.71 тэрбум тонн нүүрсийг 7 тэрбум ам.доллараар үнэлж байна гэсэн үг.
Харин манай Засгийн газар 1.51 тэрбум ам.долларын үнэлгээтэй ордыг 7.03 тэрбум ам.доллараар буюу 4.65 дахин ихээр үнэлжээ. Иймээс Засгийн газрын уг шийдвэрийг эдийн засаг, санхүүгийн ямар ч онол тайлбар хийх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэхүү мөнгийг хаанаас санхүүжүүлэх вэ?
Уг хувьцааг эзэмжшиж буй 1 сая 650 мянган иргэн бий. Иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэвэл 30 хувийг нь худалдан авахад 495 тэрбум төгрөг шаардагдана. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?
Ямар нэгэн аргаар энэхүү мөнгийг шийдлээ гэхэд төсөв алдагдалтай, өрийн даац хэтэрсэн, банкууд зээлээ хумьсан чанаргүй зээл өссөн, түүхий эдийн үнэ унасан, ажилгүйдэл өссөн энэ үед 495 тэрбум төгрөгийг ийнхүү “цацах” нь ямар үр дүнд хүргэх бол..?
Үүнээс харахад Засгийн газрын уг шийдвэр бол ямар ч эдийн засгийн бус, цэвэр улс төрийн шийдвэр юм. Бид ирэх оны эхээр олон улсын зах зээлээс босгосон бондын эхний төлбөрийг хийх ёстой. Гэтэл энэ бэлтгэлээ хийх ёстой байдал улам зардлаа өсгөж, эдийн засгаа шалд нь унагах нь..
Тэгээд ч нэн яаралтай эдийн засгаа тогтворжуулж, төсвийн сахилга батыг чангатгахгүй бол манай улс Грек замаар хурдацтай явж, дефолт зарлах хэмжээнд хүрчих вий..
М.Баясгалан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ бол гашуун үнэн. МАНАН гэх олигархиуд өөрсдөө олонхи болж чадахгүйгээ мэдээд Монголыг нэгмөсөн дампууруулж байна. Үхэхдээ үхэр буугаа тавьж, ямар ч нам гарсан одооныхоос улам доройтсон эдийн засагтай нийгэм, ард түмнийг угтаж авна. Ажил улам хүндэрнэ. Ийм мунхаг ухаанаар төрөө жолоодож яваа эрхэмүүд энэнээс цаадахыг яаж давах вэ, ард түмэн итгэхгүй. Хүмүүс бэлэн мөнгө авч байна баярлаж суугаа ч өөрсдийн ирээдүйгээсээ хумсалж байгаагаа мэдэхгүй л байх шиг
Одоогийн нөхцөлд хүмүүс бэлэн мөнгө өгч байвал авч л байя, яадагийн гэсэн бодолтой байгаа. Гэвч энэ бүхний цаана үүсэх санхүү, эдийн засгийн асар их хямрал, инфляци, долларын үнийн өсөлт зэргийг харахгүй байна. Цаашлаад банкууд, Эрдэнэс таван толгой ч эргэлтэнд орж эхлээгүй байж дампуурал зарлах боломжтой болж байна