“Авлигын төлөөс”
АТГ-ыг даргагүй байлгах нь хэний эрх ашигт илүүтэй нийцэх вэ гэдэг асуудал яах аргагүй тавигдаж байгаа. Уг нь тус газар билэг тэмдэгийн маягтай бус үйл ажиллагаа явуулдаг бол өнөөгийн нийгэм хийгээд ирээдүйд тунчиг хэрэгтэй л дээ. Авлига, хүний эрх хоёр хоорондоо үл зохицох харш зүйлс бөгөөд авлигын үйлдэл нь хүний эрхийг зөрчих хэрэгсэл болдог гэдгийг энд тодотгоё. Түүнчлэн төрийн байгууллагуудын хүнд суртал, нүсэр шат дамжлага, хөшүүн хойрго ажиллагаа, дутагдал, зөрчил гаргасан ажилтнуудтайгаа хариуцлага тооцох тогтсон, үр нөлөө бүхий арга механизм байдаггүй, үйл ажиллагаа нь хаалттай орчинд явагддаг зэрэг нь авлига, хээл хахуулийг улам бүр ургаж, төлжихөд нөлөөлж байгаа үндсэн нөхцөл болсоор байгааг, авлига нэмэгдэх тусам иргэдэд төрөөс үзүүлэх хүний эрхийн хамгаалал багасч, иргэдийн амьдралд тусах хүндрэл бэрхшээл их байдаг гэдгийг ч шинжээчид хэлдэг юм. Тэгэхээр бид авлигаас ангид байхын тухай хаа хаанаа үнэн итгэл үнэмшилтэй байж, тэмцэх ёстой юм. Цаашлаад өгүүлэхээсээ өмнө Монгол хэлний тайлбар тольд “авилга” гэж үгийг хэрхэн тайлсныг харвал “ёсон бусаар шунаж авсан эд” юм гэжээ. За харин уг ойлголтыг, авлига гэж үгийг албан ёсоор хуулинд оноон хэвшүүлэн хэрэглэх саналыг М.Зэнээ агсан УИХ-аар Коррупцитай тэмцэх хууль хэлэлцэх үеэр санаачлан гаргаснаар тусгагдан өдийг хүрээд байгаа юм.
За тэгэхээр энд нэг зүйлийг хэлэхэд Авлигатай тэмцэх газар улстөрөөс, эрх баригчдаас хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдэг дээр нийгэмд талцсан байр сууриуд байж ирснийг хэлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх хуулийн 15.3-д зааснаар Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг байгууллагыг байгуулах шийдвэрийг Парламент гаргасан. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд энэхүү байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлсон. 15 дугаар зүйлд зааснаар Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага. Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно. Тийм учраас, АТГ-ын эрхлэх ажил үүрэг өргөн хүрээтэй – соён гэгээрүүлэх болон боловсролын үйл ажиллагаанаас эхлээд гэмт хэргийн мөрдөн байцаалт болон тусгай ажиллагааг хамарч байдаг. 16 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтлах ба аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.
Ямарч байсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хэнбэгуай ч хөндлөнгөөс оролцох нь хуулиар хориотой гэж ойлгогддог. Гэтэл төр засгийн төвшинд ажил алба хашиж байгаа хүмүүс, улстөрийн нам хүчнүүдийн зүгээс Авлигатай тэмцэх газрыг хэсэг бусагт үйлчиллээ, хэлмэгдүүлэлтийг давтлаа гэхчлэн хэлж ярьдаг болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэхгүй байгаатай АТГ-ыг шууд холбон ярьж байгаа. Тэрбээр “Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй. Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна. Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.” гэхчлэн хэлж ярьж байгаа.
Тэгэхээр энд ойлголтын том зөрүү яваад байгаа харагдана. Юу гэхээр Н.Алтанхуяг гишүүний ойлгоод байгаагаар бол АТГ нь 1937 оны 9 дүгээр сараас 1939 оны 4 дүгээр сар хүртэл 20 474 хүнд буудан алах ял ноогдуулж, гүйцэтгэсэн Онцгой бүрэн эрхт комисстой дүйцэхүйц хэмжээгүй эрх мэдэлтэй газар болж таарах гээд байна. Гэтэл хэрэг дээрээ тодорхой хууль тогтоомжуудын үйл ажиллагаа явуулдаг байна. Гол нь Монгол Улсад амь бөхтэй оршиж байгаа авлигыг зогсооход бүх нийтээрээ хамжин анхаарах хэрэгтэй байгааг судалгааны дүнгүүд ч баталгаажуулж байгаа юм. Тиймээс тандалт судалгааны дүнгүүдээс ишлэн хүргэж байна.
Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудаас өөрийн албан тушаалын эрх мэдлийг хувийн зорилгоор ашиглах нь олон хэлбэрээр илрэн гардаг аж. Тухайлбал, Өмгөөлөгчөөр дамжуулах, Биечлэн уулзаж өгч, авах, Мөнгө зээлдүүлээд мартах, Мөрийтэй тоглож санаатай алдах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс доогуур үнээр, худалдах, Зуучлагчаар дамжуулах, Хувьцаа, эд хөрөнгө өмчлүүлэх, Ойр дотны хүмүүсээр дамжуулах, Эд зүйлсийг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авах, Үйл ажиллагааны зардал болгож өгөх, Ойр дотны хүн, гэр бүлийн гишүүд, тэдний компанид давуу байдал олгох гэхчлэн олон хэлбэрүүд байгаа юм. Тиймээс “Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн хүрээнд хээл хахууль өгөх, авах дараахь аргуудыг хэр хэрэглэсэн гэж Та төсөөлж, таамаглаж байна вэ? гэсэн асуултын хүрээнд судалгаа явуулахад, шинжээчдийн 47 хувь нь улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүс, тэдний өмчлөлийн аж ахуйн нэгжид давуу байдал олгох нь тэдэнд хээл хахууль өгч буй их хэмжээгээр болон маш их хэмжээгээр хэрэглэгдсэн хэлбэр гэж үзсэн байна. Түүнчлэн шинжээчдийн үзэж байгаагаар төрийн өндөр албан тушаалтнууд хээл хахууль авахдаа аливаа үйл ажиллагааны зардлыг төлүүлэх, төлбөр хийлгэх, өмч хөрөнгийг зах зээлийн үнээс илүү үнээр худалдах зэрэг аргыг их хэмжээгээр болон маш их хэмжээгээр ашигладаг гэж үзжээ.
Мөн 2014 онд улс төрийн намуудын үйл ажиллагаан дахь авлигын цар хүрээг тогтоохоор Монгол Улсад улс төрийн аль нам авлигад хамгийн ихээр автсан бэ? гэсэн асуултаар судалгаа явуулахад шинжээчдийн 54.56 хувь нь Ардчилсан намыг, 33.56 хувь нь Монгол Ардын Намыг, 23.98 хувь нь Монгол Ардын Хувьсгалт Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байна. Харин шинжээчдийн 6.34 хувь нь Иргэний зориг-Ногоон Намыг, 4.8 хувь нь Монголын Үндэсний Ардчилсан Намыг, 0.6 хувь нь Монголын Ногоон Намыг авлигад хамгийн ихээр автсан гэж үзсэн байгаа юм.
Тэгэхээр дээр өгүүлсэн мэдээлэл болоод судалгаанд тулгуурлан харахад Монгол Улсад авлигатай тэмцэх хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдсан хэвээрээ байна. “Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Манай улсын тухайд 2012 онд 94, 2013 онд 83, 2014 онд 80 дугаар байрт тус тус орсон мэдээлэл бий. Хэдийгээр бидний байр урагшилсан мэдээлэл байгаа ч, яг бодит амьдрал дээр нөхцөл байдал ямар байна вэ? Албан тушаал, эрх сүрийн өмнө мөнгө бэлгүй нь хүчин мөхөстдөг, арчаагүй доройгоороо чичлүүлж адлагддаг баларсан жишиг хавтгайрсаар байна.
Төгсгөлд нь, АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байх үедээ амиа алдсан Б.Дангаасүрэн агсны захидлаас ишлэе. Тэрбээр “Авлигыг хоёр утгаар тодорхойлж болно. Аль аль нь муу. Ерөнхий утгаараа бол авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар… тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Бизнесмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно. Тэгвэл явцуу утгаараа авлига нь хар санаа, өшөө хорсол, дайсагнал, аллага тонуулыг даллана. Улмаар охид бүсгүйчүүдийг барьцаалах, газар нутаг, эд баялгаараа наймаалцах, тусгаар тогтнолоо алдах аюулыг ч дагуулна. Нэг үгээр хэлбэл, ШУДАРГА ЁС орон зайгаа авлигад алдаж, ард олон итгэл найдвараа булшлуулна гэсэн үг.Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм. Хялбар амьдралыг хүсч, олз ашиг хайх сонирхолтой хэн бүхний хомхой сувдаг үйлдэл л түүнийг сэргээж байдаг юм.” хэмээн хэлсэн байдаг.
Э.Болор
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: