Гэрэл зургийг зүгээр ч нэг авдаггүй, түүнийг бүтээдэг

Оросын алдарт зохиолч М. Горькийн «Ном бол ертөнцийг харах цонх мөн» хэмээх сургамжит үгс та бидний сэтгэлд хоногшин үлджээ. Үнэхээр ч танин мэдэхүйн хүслэн болсон сониучхан оюунд ном гэдэг хэзээд цонх мэт гэрэл гэгээтэй.

Тэнгэр мэт уужим далай мэт яндашгүй тэрхүү гайхамшигт ертөнцөөс түүх өгүүлэхийн зэрэгцээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, нэгийг ухааруулдаг нь зурагт ном билээ.

Хэдийгээр та хүссэн зургаа интернетээс олж авах боломжтой ч хэвлэмэл ном нь илүү үнэ цэнтэй. Ингээд та бүхэндээ гэрэл зураг сонирхогчдын заавал үзэх ёстой ширээний номнуудаас түүвэрлэн сонирхуулъя.

1. Rarely Seen: Photographs of the Extraordinary

  • via amazon.com

Гэрэл зурагчин Stephen Alvarez энэхүү номдоо дэлхий дээрх ер бусын ховор, нэн гайхамшигтай үзэгдлүүдийг нэгтгэжээ. Байгаль, ан амьтдаас гадна 30.000 жилийн настай агуйн сүг зураг, Авраам Линкольны халаасны цаган дахь сийлбэр зэрэг хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг ч гэсэн бий. 400 хуудастай энэ ном The New York Times – ийн бестселлер болжээ.

2. Humans of New York

  • via amazon.com

Агуу бүхэн энгийнээс эхэлдэг. Томруун нэгэн жишээ бол гэрэл зурагчин Brandon Stanton – ийн 2010 оноос эхлүүлсэн Нью Йоркийн хүмүүс фото төсөл юм.

Тэрбээр Нью Йоркоор аялж, хотын гудман дахь хүмүүсийн зургийг тэдний ярьсан сонирхолтой түүх эсвэл сургамжтай эшлэлийнх нь хамт нийтэлсэн номоо гаргажээ. Хэдий хэт энгийн сонсогдох санаа боловч блог болон номоор нь дамжуулж олон зүйлийг ухаарах нь лавтай.

3. Moments: The Pulitzer Prize-Winning Photographs

  • via blackdogandleventhal.com

Ганцхан гэрэл зураг дэлхий ертөнцийг өөрчлөх хүчтэй. Ийм л хүчирхэг гэрэл зурагт Пулитцерийн нэрэмжит сэтгүүлзүйн хүндтэй шагналыг олгодог. Энэ номд 1942 – 2015 оны хоорондох дэлхийн хамгийн хүчирхэг 600 зургийг түүхийнх нь хамт багтаажээ.

Тухайлбал Япон болон АНУ – ын хооронд болсон Иво Жимагийн цуст тулалдаан, Вьетнамын дайны үеэр бөмбөгдөлтөд өртсөн хүүхдүүд болон Ихэр цамхагийн нуран унаж буй агшин зэрэг Пулитцерийн шагналт олон түүхэн зураг бий.

4. 400 Photographs

  • via welldonestuff.com

XX зууны Америкийн нөлөө бүхий гэрэл зурагчдын нэг Ansel Adams гэрэл зургийг авах биш, бүтээх хэрэгтэй гэж үздэг. 14 настайгаасаа гэрэл зурагтай амьдралаа холбосон түүний нэг зураг $8000 – $50.000 ам.доллараар үнэлэгддэг.

Сорчлон сонгосон 400 бүтээлийг нь эмхэтгэсэн энэхүү номноос гэрэл зураг авах арга техникээс нь гадна ертөнцийг үзэх мэлмий оюуныг нь ч гэсэн тольдох боломжтой.

5. Annie Leibovitz at Work

  • via vogue.com
  • via vogue.com

Оддын гэрэл зурагчин Annie Leibovitz – ийн бүтээл бүхэн давтагдашгүй өнгө аястай басхүү онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв түүний хэрхэн ажилладгийг эсвэл зөвхөн тайзны ард л үлддэг зураг авалтуудынх нь нууцаас мэдье гэвэл энэ ном сонирхлыг тань гарцаагүй татна.

Тэрбээр сүүтэй ваннан дахь Whoopi Goldberg – ээс эхлэн Demi Moore – ийн хөл хүнд ахуйн нүцгэн төрх, Жон Ленноныг нас барахаас цагийн өмнөх эхнэрээ тэвэрч буй хором зэрэг олон бүтээлээрээ алдартай.

6. Vivian Maier: Street Photographer

  • via streethunters.net

Нийгмийн толь болсон гудамжны гэрэл зурагт амьдралын олон өнгө дүрслэгддэг. Орчлон ертөнцийн тэрхүү олон өнгийг гэрэл зурагт мөнхлөгчдийн нэг нь Vivian Maier юм.

40 жил хүүхэд асрагч хийсэн тэрбээр завтай цагтаа л гэрэл зураг авдаг байжээ. Бараг 150.000 орчмыг авсан ч хэнд ч, хэзээ ч үзүүлж байгаагүй. Гэвч түүхч John Maloof – ийн эмхэтгэсэн энэхүү номын ачаар гэрэл зургууд нь олны хүртээл болжээ.

7. 70 Years of Extraordinary Photography

  • via snowcherries-from-france.blogspot.com

LIFE сэтгүүлийн редакциас гаргасан ном болгон үнэ цэнтэй. Тэдгээрийн нэг бол сэтгүүлийнхээ 70 жилийн түүхийг эмхэтгэсэн LIFE: 70 Years of Extraordinary Photography юм. Энэ ном 300 орчим гэрэл зурагтайгаас гадна фото сэтгүүлзүйн салбарт хувьсал хийсэн хүчирхэг эсээнүүдийг ч гэсэн багтаасан.

8. The Americans

  • via blogfinger.net

Дэлхийн II дайны дараа гэрэл зурагчин Robert Frank эх орноо тойрон аялжээ. Хоёр жил аялахдаа тэрбээр 28.000 орчим гэрэл зураг авсан ч ердөө 83 нь л ном болон хэвлэгдсэн юм. Түүний зургуудаас тухайн цаг үеийнхээ бурангуй нийгмийг шүүмжилсэн өнгө аяс харагддаг гэдэг ч сайтар ажиглавал хийж бүтээхийн хүслэнд автсан, эрч хүч нь харцандаа шингэсэн нутаг нутгийн уугуул Америкчуудыг олж харна.

9. Workers: Archaeology of the Industrial Age

  • via amazon.ca

Бразилын гэрэл зурагчин Sebastiao Salgado дэлхийн 120 гаруй орноор аялахдаа тухайн нийгмийн зовж зүдэрч буй иргэдийн дүр зургийг түлхүү авсан байдаг. Тэрбээр энэхүү номдоо орон орны хүнд хүчир хөдөлмөр эрхлэгчдийн бодит амьдралыг харуулахыг зорьсон юм.

Эрхэм та үүгээр зогсолгүй гүн сэтгэгдэл төрүүлж, нэгийг бодогдуулах хүчирхэг бүтээлүүдийг нь ч гэсэн цаг гарган заавал үзээрэй.

10. The Decisive Moment

  • via xavierllora.net
  • via xavierllora.net

Амьдралд тохиох торгон мөчүүдийг алдалгүй авч фото хальснаа буулгасан олон гэрэл зурагчин бий. Тэдний нэг Францын фотожурналист Henri Cartier – Bresson – ийн энэ ном XX зууны алдартай бүтээлүүдийн нэг юм.

Номын хавтсыг нэрт зураач Henri Matisse зурсан бөгөөд гэрэл зурагчны 1932 – 1952 оны хоорондох 126 бүтээл багтжээ. Зарим зураг нь Нью Йоркийн Museum of Modern Art музейн танхимд хадгалагддаг.

11. Untold: The Stories Behind Photographs

  • via fadedandblurred.com

«Афганистан охин» зургаараа дэлхий дахинаа алдаршсан гэрэл зурагчин Steve McCurry – ийг мэдэхгүй хүн ховор. 11 настайдаа анхныхаа гэрэл зургийг авч байсан тэрбээр ажилласан томоохон 14 төслийнхөө сонирхолтой түүхүүдээс энэхүү номдоо өгүүлжээ.

Тухайлбал Энэтхэг орон түүний хувьд яг л өөр гараг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. 80 – 90 дахин эргэн очсон ч үзэж хараагүй зүйлс дэндүү их гэнэ. Мөн түүнчлэн үүргээ гүйцэтгэж явахдаа онгоцны осол, бөмбөгдөлтөөс хэрхэн амь аврагдсан талаарх сэтгэл хөдөлгөм түүхүүдийг нь ч гэсэн 100 фото тэмдэглэлийнх нь хамт уншаарай.

12. The Photography Book

  • via amazon.co.uk

Сонирхлыг тань татах ээлжит нэгэн номоор Их Британий «Phaidon Press» хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг «The Photography Book» – ийн шинэчлэн найруулсан II дахь хэвлэлийг санал болгоё. Түүхэн сонирхолтой 550 гаруй гэрэл зургийг багтаасан номын 193 фото нь өнгөт. Номд нэг уран бүтээлчийн ганц л бүтээлийг онцолсноороо баялаг болжээ.

13. SUMO

  • via pravaliacucarti.ro
  • via pravaliacucarti.ro

Эротик гэрэл зургуудаараа алдартай Германы гэрэл зурагчин Helmut Newton – ийн энэ ном дэлхий дээр ердөө 10.000 ширхэг бий.

XX зууны хамгийн өндөр үнэтэй бас хамгийн их шуугиан тарьсан энэ бүтээл $15.000 ам.доллараар худалдаалагдаж байжээ. Ном 30 кг жинтэй, эротик өнгө аяс бүхий 400 гэрэл зурагтай.

14. Okavango: Africa’s Last Eden

  • via worldwildlife.org

Хүйн холбоотой цэнхэр гараг дээр минь маш олон үзэсгэлэнтэй газар бий. Тэдгээрийн нэг Калахарын цөлд орших Окавангогоор аялуулах нэгэн номыг Голландын байгалийн гэрэл зурагчин Frans Lanting гаргажээ.

Энэ ном алжаалыг тань тайлахын зэрэгцээ эх орноороо, эх дэлхийгээрээ тойрон аялж, гэрэл зурагтай амьдралаа холбох гүүр болох нь гарцаагүй.

15. Boudoir Photography

  • via ilex-press.com

Эцэст нь гэрэл зураг сонирхогч болон мэргэжлийн хүмүүст зориулсан хамгийн эрэлттэй хоёр номыг танилцуулахаар сонгосон юм.

Гэрэл зурагчин Michael Freeman – ийн «The Photographer’s Eye: Composition and Design for Better Digital Photos» ном таны сэтгэлдээ төсөөлснөө хэрхэн бодитой болгох вэ гэдгээс эхлэн бүтээж буй гэрэл зурагтаа сэтгэл хөдлөлөө хэрхэн шингээх, бүтээл болгоноо хэрхэн үнэ цэнтэй болгох вэ зэрэг олон асуултын хариултыг өгнө.

Тэгвэл АНУ – ын хуримын гэрэл зурагчин Critsey Rowe «Boudoir Photography: The Complete Guide to Shooting Intimate Portraits» номдоо моделио хэрхэн сэдэлжүүлж, ямар зарчмаар хамтран ажилласнаар хүссэн гэрэл зургаа бүтээх вэ гэдгийг онцолсон байдаг. Christa Meola – ийнхийг ч гэсэн сонирхоод нэг үзээрэй.

Эх сурвалж:   nytimes.com, time.com, welldonestuff.com

URL:

Сэтгэгдэл бичих