Улсын төсвөөр гал тахих шахсан Н.Батбаяр
Норовын Алтанхуягийг Алтантуяа нэрээ сольсноор хожмоо Ерөнхий сайд болсон хэмээн хэлснээрээ үгийн утгад үлэмж ач холбогдол өгдөг хүн хэмээн өөрийгөө баталсан Н.Батбаяр “Өр” гэх үгийг “Өглөг” болгож сольвол бүх зүйл “ОК” болно гэж айлдсан. УИХ-ын гишүүн тэрбээр энэ оны сонгуульд Архангай аймагт дахин нэр дэвшиж буй. “99″ тооны учрыг ч гайхалтай сайхан тайлбарласан түүний нэр холбогдсон томоохон асуудлын нэг бол Чингис бондын мөнгөнөөс “Гудамж” төсөлд оруулж, шамшигдуулсан гэх хардлага бий.
УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт 2012 онд нэр дэвшихдээ “Монголоо гэх сэтгэлтэй хүн монголын төрд гарах учиртай” хэмээн сонгогдсон тэр хожмоо УИХ-ын чуулганы танхимд олонтаа согтуу орж ирэн гишүүдэд агсам тавьсан гэх. Үүнийг нь нотлох баримтууд ч зурагт, хэвлэлээр нэг бий.
Сүнслэг, ахуйлаг, тэнгэрлэг ч гэмээр элэг хөшөөм, бөө удганы яриаг ч санагдуулам эшлэлүүдээрээ сүүлийн үед олны анхаарлыг өөртөө их татах болсон түүнийг хэвлэлүүд улсынхаа төсвөөр гал тахих шахсан нэгэн хэмээн бичдэг нь оргүй биш ортой. Учир нь Н.Батбаяр санаачилсан Төсвийн тогтвортой байдлыг хангах хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиараа улсын гадаад өр ДНБ-ий 40 хувьтай тэнцэх ёстой гэсэн заалтыг 60 болгож ахиулах оролдлого хийсэн. Түүний ойлголтоор улс өглөг ихтэй байх тусмаа л буян нь хурж, хөгжил нь хурдасдаг бололтой шүү. Уг нь бол Эдийн засаг, хөгжлийн яамыг толгойлж байсан хүн бөөгийн түшээ шиг биш Төрийн түшээ шиг зангарагтай баймаарсан. Гэтэл тэр тийм биш аж. Цаашдаа ч тийм байхгүй тодорхой байна.
URL: