Нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломжтой

95d08c82b911349165f76a6d1f85f6c755b691e7- БНАСАУ-ын хориг, Австралийн үер Монголд боломж олголоо -

Нүүрсний салбарын хувьд 2016 он сэргэлтийн жил болж магадгүй. “Муу хүний заяа завагт” гэгчээр биднээс шалтгаалахгүй хоёр хүчин зүйл ийм таамаглал дэвшүүлэхэд хүргэлээ.

Шалтгаан 1. БНХАУ Хойд Солонгосоос хийх импортоо багасгасан

БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөр­сөн хоёрдугаар сард батлахад БНХАУ дэмжсэн билээ. Урд хөрш энэ шийдвэрийнхээ дагуу Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэм­жээг хоёр сарын өмнөөс эрс багас­гаж буй. Энэ бол  бидний хувьд олбор­лолтоо нэмэгдүүлэх эхний шалт­гаан байлаа. Урд хөрш хойд най­зуудаасаа авах  нүүрснийхээ  хэмжээг  гуравдугаар сард 2.1 сая тонн, дөрөвдүгээр сард 1.53 сая тонн гэх мэтээр бууруулж байгаа. Үүнээс гарсан зөрүүг нь тэд  газар нутгийн байршил ойролцоо Монголоос авдаг болсон. Манай улс дөрөвдүгээр сард БНХАУ-д 1.98 сая тонн нүүрс экспортлож байсан бол өнгөрсөн сард огцом нэмэгдэж гурван сая тоннд хүрсэн нь үүнийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 27 дугаар тогтоол бидэнд зол болжээ.

Шалтгаан 2. Австралийн үер

Хоёр дахь шалтгаан нь салбартаа манай гол өрсөлдөгч болсон Австралид болж буй цаг уурын тааламжгүй байдал, байгалийн гамшигтай холбоотой юм.
Австралийн нүүрсний салбараас сайн мэдээ сонсогдохоо болиод удаж буй. Энэтхэгийн “Adani” корпораци дэлхийд хамгийн томд тооцогдох Кармайклын бүтээн байгуулалтын ажлаас гарч магадгүй гэсэн мэдээлэл сүүлийн долоо хоногийн турш хэвлэлүүдээс салаагүй. 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бо­сох энэ уурхайг бариулахыг байгаль хамгаалагчид  хүчтэй эсэргүүцсэн учир ажил нь  зогсч хүлээлтийн байдалд орсон юм. Яг л Оюутолгойг манайхан зургаан жил барьсантай ижил нөхцөл байдал үүссэн учраас хөрөнгө оруу­лагч тал “гарна” гэж мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд уул уурхайн гигант “Glencore” Тахмур дахь уурхайгаа хаахаар төлөвлөж байгаагаа зарласан. Тэдний шийдвэр нүүрсний үнийн уналттай холбоотой байсан бөгөөд компанийн зүгээс эхний ээлжинд 350 ажилтнаа цомхотгож, 18 сар харж үзээд болохгүй бол шууд хаана гэсэн чиглэлтэй буй.
Байдал нэг иймэрхүү таагүй байж байтал уул уурхайн бүс нутаг болох Куинсланд, Шинэ Өмнөд Уэльс нь үерийн гамшигт нэрвэгдчихлээ. Ингэснээр БНХАУ-д нийлүүлдэг нүүрснийхээ хэмжээг эрс нэмэгдүүлэх бодит боломж манай компаниудад үүсээд байгаа юм.
Куинсланд, Шинэ өмнөд Уэльс, Виктори мужид Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. 2010, 2011 онд дээрх мужуудад үер болоход уурхайнууд нь хаагдаж, эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэ 140 ам.доллараас давж, дэд амжилт тогтоож байсан. Австралийн үерт автагдсан уурхайнууд нь “хатаж” байх зуурт бид  2011 онд БНХАУ-ын нийт импортын 40 хувийг дангаараа нийлүүлж, экспортын хэмжээгээ 21 сая тоннд хүргэж байсан удаатай. Австралид үеэр болбол Монголд ашигтай байдгийг бид анх тэгэхэд мэдэрсэн билээ. Ялангуяа Австралийн гол брэнд болсон коксжих нүүрсний үнэ өсөх магадал өндөр. Өмнөх шигээ 300 ам.доллар болохгүй ч одоо байгаагаас өсөх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, Еврази, Австралийг нөмөрсөн байгалийн гамшигт үзэгдэл Монголын нүүрсний салбарыг сэргээх түлхэц болох магадлал өндөр байна.
БНХАУ Монголоос коксжих нүүрсээ импортлох сонирхолтой. Судлаачид үүний шалтгааныг хямд үнэтэй холбон тайлбарладаг. Хятад улс зөвхөн Монголоос нүүрс импортолбол жилд зургаан тэрбум ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоо ч байдаг. Хятадын коксжих нүүрсний импортын өнгөрсөн жилийн статистик мэдээллээр бол, Австралийн коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 84.5 ам.доллар байсан бол Монголынх 62 ам.доллар байжээ. Харин энэ жил Австралийн коксжих нүүрс олбор­лолтын гол бүс нутагт  хүчтэй үер болсны улмаас үнэ өсөх магадлал бий. Хэрвээ Австралийн уурхай доголдсон тохиолдолд хятадууд хөрш Монголоос хямд үнэтэй түүхий нүүрс авах нь илүү ашигтай юм.
2011 оны Австралийн үерийн ачаар манай улсын  нүүрсний нийт экспорт 21 сая хүрч дээд амжилт тогтоож байсан бол одоогийн байгаа төвшингөө хадгалаад явахад л 30 сая тонн нүүрс олборлох боломжтой юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих