Хойд Солонгос улс, Өмнөд Солонгос улс руу дүрвэсэн иргэдийг “Хулгайлагдсан” хэмээн мэдээлж, эх оронд нь буцаахыг шаарджээ
Хойд Солонгос улсын БНХАУ дахь үндэсний ресторанд ажилладаг 13 ажилтан өнгөрсөн 4-р сард Өмнөд Солонгос улсад дүрвэн очсон билээ.
Харин 5-р сард мөн 3 ажилтан ажлын байраа орхин зугатааж Өмнөд Солонгос улсад дүрвэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Хойд Солонгос улс өнөөдөр нэгэн мэдэгдэл хийсэн байна.
Уг мэдэгдэлд ”Сүүлийн үед БНХАУ-д ажиллаж байгаа манай улсын иргэдтэй Өмнөд Солонгосын Ким, Шим гэх нэртэй иргэд танилцаж, тэдэнтэй янз бүрийн аргаар холбоо тогтоож байна. Тэд манай улсын иргэд өөрийн биед гадаад паспортоо авч явдаггүй байдлыг нь далимдуулан, хууран мэхлэх замаар амьдардаг байрнаас нь холдуулж, улмаар хуурамч паспорт бүрдүүлэн өгч Лаос, Тайланд улсуудаар дамжуулан Өмнөд Солонгос улсад хүчээр аваачиж байна. Энэ бол хүн хулгайлж байгаа гэмт хэрэг бөгөөд бид тэднийг эх орон, ээж аав, гэр бүлд нь буцааж өгөхийг шаардаж байна” гэсэн байна.
Мөн тэдгээр 3 хүний гадаад паспорт дахь зураг болон паспортын дугаарыг дэлгэн үзүүлсэн ажээ.
Хойд Солонгос улс өмнөх удаад Өмнөд Солонгост дүрвэн очсон иргэдийг “Хулгайлагдсан” хэмээн мэдээлж, эх оронд нь буцаахыг шаардаж байсан юм.
Эх сурвалж: Mglradio.com
URL: