Зоргоороо авирлах дуртай М.Зоригт сайд Дорнодчуудыг “гийгүүлж” чадах уу
Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт энэ удаагийн сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшээд байгаа. Гэвч тус аймгийн АН-ынхан түүнийг нэлээн таагүй хүлээж авч байгаа талаар зарим хэвлэлүүд мэдээлсээр байна. Чухам яагаад нэг намын журмын нөхөд нь иймэрхүү зан гаргаад байгаа юм бол?
“Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав” гэдэгчлэн, мань М.Зоригт гишүүн ч бас тийм сүрхий “энхийн цагаан тагтаа” биш бололтой. Гишүүн гэхээсээ илүүтэй Гэрэл зурагчин баймаар энэ эрхэм хаа явсан газраа охид, бүсгүйчүүдийн патиарыг дарж явдгаараа алдартай. Түүний дурангийн овоо хараанаас баргийн хүүхэн мултарнаа гэж ёстой гонж доо харин чиг.
Тэгвэл, гаднаас нь харахад нэг л хээгүй мэт төрхтэй “Нийслэл хүү” сайд маань тийм ч бодь амьтан биш аж. Хэдэн сарын өмнө МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан салбарын сайд М.Зоригтыг АТГ-д шалгуулахаар өгч байсан.
Г.Жаргалсайхан нисгэгч бол салбартаа олон жил ажилласан туршлага арвинтай, мундаг боловсон хүчин гэдгийг хүмүүс мэднэ. Тэрээр улс орны нисэх хүчин ямархуу онцлогтой, яаж ажиллавал улс орны ирээдүйд илүү өгөөжтэй байж болох талаар М.Зоригт сайдаас хавьгүй илүү мэдлэгтэй нь мэдээж. Гэтэл түүний санал бодлыг үл ойшоон, салбарын сайд нь хүсээгүй зүйлийг нь хийлгэх гэж хүчлэн дарамталснаас үүдэн хоорондын харилцаанд нь зөрчил хурцдан ажлаасаа халагдахад хүрсэн билээ.
Тухайн үед М.Зоригт сайд өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглах замаар МИАТ, ИНЕГ-ын дансанд байсан их хэмжээний мөнгөн хөрөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас татуулан, өөрийн хүү З.Тэмүүн ТУЗ-ийн даргаар нь ажилладаг Голомт банк руу төвлөрүүлэх шаардлага тавьсан, мөн манай орны хувьд төдийлөн ашигтай бус санал тавьсан “Туркиш Айрлайнс”-ын гэрээнд Г.Жаргалсайхан захирлыг гарын үсэг зуруулахаар дарамтлан шахсан зэргээс үүдэн, түүнийг АТГ-д шалгуулахаар өгч байсан билээ.
Зөвхөн энэ мэт цөөхөн тохиолдлоос харахад л, М.Зоригт гишүүн ямар их хувийн ашиг сонирхолтой хүн болох нь тодорхой харагдаж байна. Тэрээр амин хувьдаа л ашиг хонжоо олж байвал ард иргэд, улс орны эрх ашиг түүнд юу ч биш бололтой. Хэрэв тиймгүйсэн бол иймэрхүү ашиг сонирхлын зөрчил агуулсан бусармаг шийдвэрүүд гаргаж, салбарынхаа шилдэг боловсон хүчнүүдтэй тэрсэлдэх шаардлага гарахгүй л байсан болов уу.
Ийм нэгэн хувийн амбицтай эрхэм ахин өндөр сэнтийд залрахыг санаархан Дорнод аймагт нэрээ дэвшүүлжээ. Өмнө нь нэг удаа тус аймгаас сонгогдсон энэ эрхэм Дорнодчуудын аж амьдралд төдийлөн их тусыг хүргэж амжилгүй хугацаат дөрвөн жилээ гүйцээж байсан аж. Үүнийг нь ч орон нутгийн ард иргэд марталгүй санаж байгаа нь мэдээж. Үүнээс ч улбаалан тус аймгийн АН-ынхан түүнийг хүлээж авах дургүй байгаа биз ээ…
Д.Мөнхөө
Эх сурвалж: ZONE.MN
URL: