Шүүх АН-ын шийдвэрийг дамжуулан зарлагч болсон уу
Намын даргын суудал, тамга, тэмдгээс эхэлсэн Орхон аймгийн АН-ын хагарал туйлдаа хүрч, хоёр жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ тулсан. Сонгуулийн хорооны цонх болон хаалгаар хоёр талаас нь нэвтэрсэн нам доторх нам-фракцуудынх нь хоёр тусдаа тодруулсан хүмүүсийн материал АН-ыг 33:18, нийтдээ тойрогт давхардсан 51 нэр дэвшигчтэй болгож, асуудлыг улам бүр хурцатгав. Ингээд зогссонгүй хоёр талаасаа шүүхэд гомдол гаргаж, өөр өөрсдийн нэр дэвшигчдээ сонгуульд өрсөлдүүлэхээр зүтгэж эхэлсэн.
Тодруулбал 18 нэр дэвшигч бүртгүүлсэн “Шонхор” тал нь 18 дээрээ хуулийн хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй 15 дэвшигчийг нэмж бүртгүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан бол, “ШАК”, “МоАХ” фракцууд цонхоор хуулийн хугацаанаас хоцорч материалаа өгсөн 18 нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хорооны тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 33 нэр дэвшигчээ бүртгүүлэхээр мөн л нэхэмжлэх гарган шүүхэд ханджээ. Эдгээр хоёр нэхэмжлэхийн дагуу шүүх захиргааны хэрэг үүсгээд буй. Орхон аймгийн МАН-ын хорооноос Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй дээрх хоёр захиргааны хэрэгт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахад шүүх татгалзсан хариу өгсөн билээ.
Ийм хариу өгч байгаа нь өнөөдөр сонгууль өгөх болон сонгуульд өрсөлдөх бүх хүний анхаарлын төвд орчихоод буй АН-ын асуудлыг хөндлөнгийн оролцогчгүй, хөшигний ард шийдэж хэт нэг талыг барих гэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн. Гэтэл энэ хардлага бодит байдал болов. Өнөөдөр аймгийн ИТХ-д дахь АН-ын төлөөлөгч намынхаа дотоод сүлжээнд ийм мэдээлэл тавьсан байна. АН эрх барьж байгаагаараа гул барьж, шүүхийг өөртөө үйлчлүүлж, зөвхөн дотоод шийдвэрээ зарлан тунхаглуулах хэрэгсэл болгож байгаагаа ийнхүү улаан цагаан мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл үнэн худлын дэнсийг хуралдаж нөхцөл байдлыг тэгшээр цэгнэж гаргах ёстой шүүх шийдвэрээ аль хэдийнээ АН-д таацуулан гаргачихаад одоо аясыг нь харж байгаа болж таарав. Одоо шийдвэрийг шүүх бус тус намын зөрчилдөж буй дотоодын бүлэглэлүүд гаргах аж. Шүүх засаглал ийнхүү хууль, шударга ёсны өнцгөөс бус нэг намын үзүүрээс хандаж байгаа нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр хуулиа дээдлэн зүтгэж буй олон улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн эрхийг хөсөрдүүлж байгаа явдал юм.
zaluu.com
URL: