Гишүүн Д.Ганбат хорт хавдартай хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлж, төмөр саваа зөвтгөв

14654294365758adbc880a2УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймгийн сонгогчдодоо бидон тараасан нь нэг хэсэгтээ хүмүүсийн ярианы гол сэдэв болж сайн муугаар их шүүмжлэгдсэн билээ. Түүний хувьд нутгийнхнаа хуванцар савнаас үүсдэг хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд Алдарт эхийн I, II одонг дагалдуулж, бидон тараасан гэх юм билээ. Харин тэрбээр 20, 40 литрийн битон тараасан асуудлаа “Би хувиасаа 800 сая төгрөг гаргаж, нутгийн иргэддээ бидон тараасан. Энэ бол тэдний эрүүл мэндэд анхаарсан ажил” хэмээн өөрийгөө зөвтгөсөн.

Түүнийг бидон тараахад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров тушаал гаргаж, хөдөлмөрийн салбарын төвлөрсөн хөрөнгөөс нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгсөн тухай баримт дэлгэгдэж байв. Магадгүй гишүүн төсвөөс мөнгө шамшигдуулсан гэдгээ цайруулахаар иймэрхүү мэдээлэл өгч байгааг үгүйсгэх аргагүй юм.

Тэгвэл Д.Ганбатыг иргэдэд усны төмөр сав шахсан гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Хоёр хоногийн өмнө “ТВ8″ телевизийн нэгэн нэвтрүүлэгт тэрбээр оролцохдоо “Хуванцар сав хорт хавдар үүсгэдэг. Хорт хавдар бол эдгэрэшгүй өвчин” гээд эмзэглэж эмээх ч үгүй хэнэггүй яриад байх юм билээ. Өнөөдөр Монголын нийгэмд өрнөж буй стресс бухимдлаас үүдэн олон мянган иргэн элдэв төрлийн хорт хавдараар өвчилж байгааг тэрбээр мэдэхгүй байгаа нь лавтай.

Түүний хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хорт хавдар бол эдгэшгүй өвчин” гэж ярьж байхыг телевиз харан суугаа олон мянган хавдараар өвчилсөн хүмүүс хараад сонсоод ямар сэтгэгдэл төрөх вэ гэдгийг бодох ухаангүй л гишүүн юм даа. Лав манай хамаатны хорт хавдартай ах маань түүний энэ яриаг үзчихээд их эмзэглэсэн юм. “Ийм ч хүн төрд сууж, ийм юм яриад байх гэж дээ” гэж халагласан юм. Монголчууд бид өвчтэй хүнийхээ сэтгэл санааг нь өргөж дэмждэг болохоос “Чи эдгэрэхгүй” гээд элдвээр доромжилж сэтгэлийг нь унагааж, урамыг нь хугалдаг хүмүүс биш л баймаар юм даа. Түмнээ төлөөлж төрд сууж байгаа эрхэм түшээ хүн ингэж ярихаар жирийн иргэд нь ямар ойлголттой байх нь тодорхой шүү дээ. Хэлэх үгээ бодож хийх үйлдлээ цэнэж байгаарай эрхэм гишүүнээ. Таны бидон тараасныг буруутгахгүй ээ, гэхдээ үүнийг буруугаар тайлбарлаад байгаа тань бусдад тэр дундаа хорт хавдраар өвчилж өвчинтэйгээ тэмцэж, шаналж байгаа олон хүмүүст таалагдаагүй нь лавтай шүү.

О.Сайхан

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих