“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүүд холбогдох хэрэг юу болов

4361

-Ш.БАТХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДСАН-

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн гэгдэх хэрэг 2013 оны наймдугаар сард нийгэм даяар шуугиан тарьсан. Энэ нь Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар барьцаалан “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.доллар залилсан гэх хэрэг юм. 2009 онд зээлсэн 140 сая ам.долларын асуудал 2013 онд сөхөгдөж, Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавьсан нь тодорхой болж байв. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалаад онц их хэмжээний мөнгө зээлсэн гэдгийг хууль хяналтынхан болоод холбогдох газрууд 2013 он хүртэл огт мэдээгүй байсан билээ. Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн байдаг. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан аж. Албан тоотод манай Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн юм. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг гаргасан. Ингээд хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Гэвч дээрх хэрэгтэй холбоотой асуудал сүүлийн үед чимээгүй болсон. Ш.Батхүүтэй холбогдох энэ хэрэг юу болсон талаар бид тодрууллаа.

Ш.БАТХҮҮ “Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР “СТАНДАРТ” БАНКНААС ЗЭЭЛ АВАХ ҮЕД БАТАЛГАА ГАРГАЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН” ХЭМЭЭН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙВ

Хамгийн эхэнд Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН ЯВЦАД ХУУРАМЧААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭСЭН ЮМ

Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн байдаг. Гэвч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР АРБИТРЫН ШҮҮХЭД ЯЛАВ

Дээрх үйл явдлууд ар араасаа гарсны дараа Ш.Батхүүд холбогдох хэргийн сураг тасарсан. Хэрэг мөрдөн байцаалт ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй болж замхарсан гэж болно. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Харин “Стандарт” банк Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Арбиртын шүүхэд өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ч сандралдаж, нэртэй хуулийн байгууллагаар өмгөөлүүлэхээр болж байв. Арбитрын шүүх 2014 оны долдугаар сарын сүүлчээр хуралдаж, шийдвэр гаргасан. Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр “Хурлаар Арбитрын маргааныг хоёр тасалж явуулах зэрэг процедурын талаар хэлэлцсэн байна. Улмаар тус хуралдаанаар Арбитрын процедурыг салгаж явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, “Эрдэнэт” үйлдвэр хариуцлага хүлээхгүй тухай шийдвэр гарсан байна лээ” хэмээн мэдэгдсэн. Ингээд онц их хэмжээний өрөнд унах дээрээ тулаад байсан “Эрдэнэт” үйлдвэр мөнгө төлөхгүй нь тодорхой болсон. Харин “Стандарт” банкийг Ш.Батхүүгээс өрөө нэхэмжлэх үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Ш.БАТХҮҮ МАН-ЫН СОНГУУЛЬД АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ

УМБГ-аас Ш.Батхүүд холбогдох хэрэг АТГ-т шалгагдсан. Дээрх хэрэгт ажиллаж байгаа шинжээчид олон удаа солигдсон. Үүнээс болж хэргийг шалгаж үйл явц удааширсан гэж албаныхан хэлж байсан. Ш.Батхүүд холбогдох хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан Өршөөлийн хуульд Ш.Батхүүд холбогдох хэрэг хамрагдсан” гэв. УИХ-ын гишүүн Д.Ганбат Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхдөө “Өршөөлд хамрагдсан хүмүүс хохирлоо барагдуулах ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Ш.Батхүү юу хийж байгаа талаар зарим эх сурвалж “МАН-ын сонгуулийн штабыг С.Баяр удирдахаар болсон. Харин С.Баярын сонгуулийн ажилд Ш.Батхүү тусалж, ойр байгаа. МАН-ын байраар Ш.Батхүү үзэгдэх болсон. Биеийн байдал нь сайн байгаа бололтой байна лээ” гэх мэдээллийг өгсөн юм.

Э.Баатар

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих