Улс төрийн бооцоо тавигсад
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд олон нийтийн таамаглаж байсан хэд хэдэн нэр багтсангүй. Одоогийн УИХ-ын гишүүдээс есөн гишүүн нэр дэвшүүлэлтийн гадна үлдэв.
Тэгвэл улс төр болоод өөрийн намдаа тодорхой байр суурьтай, нэр нөлөөтэй цөөнгүй улстөрч энэ удаагийн УИХ-ын гишүүний төлөөх өрсөлдөөнөөс татгалзлаа. Сайн дураараа хойш сууж татгалзсан нь байхад гарцаагүй намаасаа тойрог, мандат олдоогүйн улмаас гээгдсэн хүмүүс ч тэдний дунд бий. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарын хувьд өөрсдөө хүсээд хүчлэх юм бол хаанаас ч нэр дэвших эрхийг намаасаа авч дөнгөх байсан. Гэвч тэд ашигласангүй. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Су.Батболд нарын хувьд ч ялгаагүй. Тэд өмнө дэвшсэн тойрогтоо очоод өрсөлдлөө гэхэд тийм ч хялбар ялагдчихгүй, магадгүй ялаад гараад ирэх зангарагтай улстөрчид. Гэсэн ч тэд МАН-аас нэр дэвших тойрог царайчилсангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нарт магадгүй тойрог хүрэлцээгүй, нэр дэвшүүлэх бололцоо хангалттай биш байсан байж болох юм. Парламентын эдгээр гишүүний хувьд ямартай ч дахин нэр дэвших гэж тэгтлээ шамдсангүй шалтгаан нь юу вэ.
Энэ асуулт зөвхөн парламентийн гишүүдэд ч хамаатай биш. УИХ-ын гадна байгаа боловч аль аль намынхаа голлох үүрэг, нэр нөлөө бүхий улстөрчид мөн нэр дэвшүүлэлтээс сугарч үлдсэн. Нийтлэг ойлголтоор бол намдаа гологдож тойрог олдоогүй улстөрчид л УИХ-д нэр дэвших эрхгүй хоцордог. Гэвч эрх баригч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нарт АН-аас нэр дэвших эрх олдоогүй гэвэл хэн ч итгэхгүй.Эсрэг талд МАН-аас Шадар сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан С.Баяр нар нэр дэвших тойрог хүрэлцээгүйн улмаас энэ удаагийн сонгуулийн өнжлөө гэвэл мөн л худал болно.
Тэгвэл тэдний үнэн зорилго юу вэ. Тэд яагаад УИХ-ын гишүүн болох боломжоос татгалзав? Ингэж асуух бүрэн үндэстэй юм. Учир нь тэдний хэн нь ч аль нэг тойрогт нэр дэвшсэн тохиолдолд ялалт байгуулах бүрэн боломжтой улстөрчид. Үүний шалтгааныг олон хүн сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газартай холбон тайлбарлаж байна. Нэг үгээр хэлбэл, намууд нь ялахаар сайдын суудал горилж байгаа нөхөд гэнэ. Үүнээс өөр тайлбар үнэндээ алга байна.
Тэд УИХ-д нэр дэвшээгүй үйлдлээрээ улс төрөөс зодог тайлж байгаа хэрэг биш юм. Харин ч өөрийн улс төр дэх амбицаа хоёрхон магадлалтай бооцоон дээр тавьж байгаа гэсэн үг юм. Бүр тодорхой хэлбэл, ирэх сонгуульд АН, МАН хоёрын аль нэг нь л ялалт байгуулж, Засгийн газраа байгуулах эрхтэй болно. Өөр намд олонхи болох боломж бараг л тэг хувь. Бусад намын хувьд хоёр намаас хэдэн суудал зулгаах вэ л гэдэгт төвлөрнө.
Тиймд нэр дэвшихээс татгалзсан АН-ын гишүүд намаа ялахыг анаж, МАН-ын гишүүд өөрийн намаа олонхи болно гэж найдаж байгаа нь мэдээж. Харин ялсны дараа Засгийн газар байгуулж таарна. Засгийн газрыг байгуулах зарчим ерөнхийдөө тодорхой. Аль болох давхар дээлгүй, мэргэжлийн танхимыг бүрдүүлж ажиллахыг аль аль нам нь чармайна. Учир нь тэгж байж нийгэмд таалагдана. Өдгөө давхар дээл буюу УИХ-ын гишүүн давхар сайдаар томилогдож болдог тогтолцоог хүн бүр шүүмжилж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хүртэл Ерөнхий чиг үүргийн яамдаас бусад яамны сайд нарыг давхар дээлгүй хүн томилдог байх тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Олон нийтэд санаа бодол ч энэ чигт байгаа юм. Тэд давхар дээлийг эсэргүүцсээр ирсэн. Сонгуулийн дараа эмхлэн байгуулагдах Засгийн газрын ард түмнээсээ авах хамгийн эхний эерэг оноо нь давхар дээлнээс татгалзаж, мэргэшсэн танхим бүрдүүллээ гэсэн дүр төрх байх болов уу. Үүнийг л дээрх эрхмүүд тооцоолжээ.
Жишээ нь Д.Дорлигжавыг Увсад биш, Эрдэнэтэд нэр дэвшвэл баараггүй гарна гэж яригдаж байсан. Ганц ч удаа УИХ-д сууж үзээгүй Д.Дорлигжавын тухайд хэрэв хүсэх л юм бол тэндээс нэр дэвших эрхээ халаасалчих л байсан болов уу. Гэвч тэр ирэх дөрвөн жил үргэлжлүүлэн сайдаа хийх боломжийг хүлээхээр шийдсэн байх магадлалтай. Тэгвэл МАН-аас У.Хүрэлсүхийн хувьд тойрог горилохгүйгээр хүссэн тойргоо намаасаа нэхэж чадах нэгэн. Хэнтий аймагтаа нэр дэвшсэн ч тэрээр бардам ялалт байгуулж мэдэх байв. Тэрээр сонгуульд МАН ялбал Шадар сайдын суудлыг дахин горилж байж мэдэх юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хувьд гаргасан шийдвэр нь олон нийтэд содон хүрсэн. Тэртэй тэргүй авчихсан байсан эрхээсээ намдаа эмэгтэй квотыг дэмжлээ гэх шалтгаанаар хүнд тавьж өгсөн. Түүн шиг кандитатын оронд өөр нэр дэвшигчийг эмэгтэй квотынхоо оронд золих шиг амархан зүйл АН-д уг нь байгаагүй. Түүнийг Ардчилсан намын нэр төрийг аварч, хямрал нүүрлээд байсан үед Ерөнхий сайдаар ажиллаж гавьяа байгуулсан хүн гэж үнэлдэг. Түүнд дахин Ерөнхий сайд болох хүсэл байдаг. Магадгүй түүнд хэнд ч байхгүй нэг нууц бооцоо бас байж ч мэднэ. Хоёр намын аль нэг нь олонхи болохгүйгээр, хамтарсан засаг байгуулах нөхцөл байдал үүсч болох юм. Энэ тохиолдолд Засгийн газрын тэргүүнийг хоёр нам аль алиндаа найр тавихад бэрхтэй. Дундын хал балгүй, нэр төр цэвэр, нэг талд хэт туйлширдаггүй улстөрчийг хоёр тал Ерөнхий сайдаараа нэрлэхийг үгүйсгэхгүй. Үүнд хамгийн их тохирох хүн бол Р.Амаржаргалаас өөр хэн ч биш. Тэр МАН ялалт байгуулахаас бусад бүх хувилбарт сайдын суудалт очих нь бараг л гарцаагүй.
Ерөнхий сайд асан С.Баярын хувьд тэгвэл ямар нүүдэл бодож, сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй вэ. Тэр өнгөрсөн 2012 оны сонгуульд оролцоогүй. Улс төрийн гал тогоотой ч зууралдаагүй. Гэтэл энэ удаагийн сонгуульд тэр намынхаа төв штабыг удирдахаар болжээ. Энэ нь бас л нэг хожил бодсон нүүдэл гэж харагдаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах нэг жил гаруйн хугацаанд улс төр, эдийн засгийн томоохон бөгөөд зоригтой шийдлүүдийг гаргаж ажилласан С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар 2009 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын суудлаа өөрийн хүсэлтээр шилжүүлсэн. Түүнээс хойш улс төрд эргэж ирэхгүй гэх утгатай ярилцлагыг ч өгч байв. Гэтэл тэрээр намаа сонгуульд ялуулахыг хүсчээ. Ялсны дараа түүнд ирэх хожоо нь юу байх вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх үү, Засгийн газрын “гал тогоо”-г удирдах мэдэл үү.
Мөн МАН-аас нэр дэвшээгүй хоцорсон сонирхолтой эрхмүүдийн дунд Т.Бадамжунай, Д.Загджав гэх нөлөөтэй эрхмүүдийн нэр бий. Т.Бадамжунай 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд өөрийн төрөлх нутаг Архангай аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа хангаад байсан ч эцсийн мөчид нэрээ татсан. Харин энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэсэн атлаа намынхаа төв штабын орон нутгийг хариуцахаар болжээ. Улс төрд нэг биш, хоёр нүүдлийн дараачийг хардаг эдгээр эрхмүүд ямартай ч энэ сонгуульд маш том бооцоо тавьсан нь дамжиггүй. Тэдний бооцооны үнэ цэнэ нам нь ялсан тохиолдолд өснө. Харин нам нь ялагдсан тохиолдолд цөөнх болсон намын нэг суудалд сууж байх байсан боломжоо алдсан гэхээс өөр хохиролгүй гэж хэлж болно. Нэр хүндийн ямар ч гарзгүй. Тиймд тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүйгээрээ улс төрийн ашигтай нүүдэл хийсэн бололтой.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
URL: