46.3 тэрбум + 506 саяын өрийн асуудалд холбоотой Б.Гарамгайбаатар нэр дэвших нь зөв үү?
Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ер нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй хүн мөн үү, үгүй юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Түүний үүсгэн байгуулсан, одоо ч өөрийнх нь болох “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан боловч 1 км ч зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм. Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.
Тэгвэл Б.Гарамгайбаатар гишүүнтэй, компанитай нь холбоотой анхаарал татсан мэдээллүүд гарсаар байна. Тухайлбал, Худалдаа, үйлчилгээний “Тэс петролиум” ХХК-иас 2016 оны тавдугаар сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлээс нь үзэхэд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тус компанид 506 сая гаруй төгрөгийн өртэй бололтой. Б.Гарамгайбаатар гишүүн “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн юм. Тэгвэл “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байгаа юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын тухайд энэ их хэмжээний өр ширээ хурдан дарахгүй бол хуулийн дагуу түүний нэр дэвших эрх үгүй болох магадлалтай байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “…нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байгаа юм. Тиймээс “Тэс петролиум” ХХК-иас Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлжээ.
Тэгэхээр “Тэс петролиум” ХХК-ийн зүгээс авлагатай гээд байгаа “Монроуд” ХХК нь Б.Гарамгайбаатарынх хэвээрээ юу гэдэг асуудал тавигдана. Тэгвэл УБЕГ-ын хуулийн этгээдийн газрын бүртгэл, АТГ-т мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр “Монроуд” ХХК нь Б.Гарамгайбаатар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани хэвээрээ байгаа юм. Харин “Монроуд” ХХК нь “Тэс петролиум” ХХК-иас 506 сая гаруй төгрөгийн шатахуун авч хэрэглээд мөнгөө төлөөгүй тул арга буюу шүүхдэж, улмаар шат шатны шүүхээс “Монроуд”-ыг өртэй гэдгийг нотолжээ. За тэгэхээр шат шатны шүүхээр шийдэгдтэл нь өрөө төлдөггүй Б.Гарамгайбаатар гишүүн “Монроуд” ХХК-тай холбоотой 46.3 тэрбум төгрөгийн асуудал энэ тэрээ үл тоон УИХ-д нэр дэвшээд байгаа нь зөв үү гэдэг асуудал анхаарал татаж байна.
Эх сурвалж: Б.Тамир Шуурхай.мн
URL: