“Тэнгис”-ийн өмнөх усан оргилуурыг нурааж, дулааны шугамыг ухсан байна
“Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороо, “Тэнгис” кино театрын урд байрлах нийтийн эзэмшлийн талбайн усан оргилуурыг барилгын компани нураасан байна” гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг тус газрыг зорьсон юм.
Биднийг очиход өмнө нь хүмүүс тойрон суусан харагддаг усан оргилуурыг нураагаад зогсохгүй эргэн тойронд нь нүх ухчихсан, дулааны шугам сүлжээ нь ил гарч, ус тогтсон байдалтай байлаа.
Оршин суугчид нь саяас хол давж дэлхийн томоохон хотын жагсаалтад багтсан хэдий ч өнөөдөр Улаанбаатар хотын иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар гарын таван хуруунд ч хүрэхгүй шахам цөөн байдаг гэдэгтэй уншигчид санал нийлнэ гэдэгг эргэлзэхгүй байна.
Байгаа хэдэн газрынх нь нэг, манайдаа л хамгийн томд тооцогдох кино театрын эргэн тойронд дээрх нөхцөл байдал үүссэн энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд хэвлэл мэдээллийн байгууллагад хандах нь зүйн хэрэг.
БАРИЛГЫН АЖЛЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭХЭЛЖЭЭ
Нөхцөл байдлыг тодруулбал, “Тэнгис” кино театрын урд талбайд “Түмэн занги” ХХК-ийн захиалгаар 16 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг “D&N” гэх компани гүйцэтгэж байгаа аж. Анх 2007 онд тус газарт барилга барих захирамж гарсан ч хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас өмнөх эзэн нь “Түмэн занги”-д худалджээ.
Харин тэд барилгын ажлыг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй эхэлснээр барахгүй газар ухаж, бүтээн байгуулалтыг сүйтгэж байгаа нь энэ.
Тодруулбал, “Тэнгис” кино театр болон ойр орчмын аж ахуйн нэгж, байгууллагын дулааны шугамыг ухаж, ил гаргаснаас болоод хэд хэдэн байгууллагын дулаан алдагдахад хүрчээ. Зүй нь газар ухахын тулд нарийн судалгаа шинжилгээ хийх ёстой. Тэгээд ч хуульд зааснаар аравдугаар сарын 1-нээс хойш газар ухах хориотой. Тэгэхээр энэ нь яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ойролцоох байгууллагуудын удирдлагууд төдийгүй мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Цаашлаад дээрх компанийн буруутай үйл ажиллагаанаас болж дулааны шугам сүлжээнд гэмтэл гарах, хөлдөх зэрэг эрсдэл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал ч үүсэх нь лавтай.
ГАЗАР УХСАНААС БОЛЖ ДУЛААН ТАСАЛДСАН
“Тэнгис” кино театрын ард байрлах барилга орон сууц, үйлчилгээний “Цог” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбатаас дээрх асуудалтай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-”Түмэн занги”-ийн захиалсан барилгыг барьж буй компани газар ухаж, дулааны шугам сүлжээг ил гаргаснаас болоод дулаан тасалдсан гэж сонслоо?
-Тиймээ. Ер нь халаалт эхэлчихсэн ийм үед дулааны шугам сүлжээг ухаж гаргана гэдэг байж болшгүй асуудал. Хуулиараа ч хориотой.
-Хэзээнээс энэ газрыг ухаж эхэлсэн юм бол. Бас усан оргилуурыг нураасан байгаа харагдлаа?
-Гурав хоногийн өмнө халаалт зогссон. Бүтэн өдөр халаалтгүй байсан. Шугам сүлжээгээ сайжруулж, аюулгүй болгохын тулд ойролцоо байгаа байгууллагууд нийлж, хөрөнгө гарган засч янзалсан. Манай компанийн зүгээс л гэхэд таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Усан оргилуурын хувьд манайх сайн мэдэхгүй. Гэхдээ буулгаж, нураасныхаа дараа биш эхлээд шилжүүлж барьж, босгодог жишиг байдаг шүү дээ.
-Та энэ асуудалтай холбоотойгоор дээрх компанийн барилга барих, ажил эхлэх зөвшөөрөл болон холбогдох бусад бичиг баримтыг нь үзсэн үү?
-Барилга барих зөвшөөрөл, ерөнхий зураг төсөл нь мэдээж байгаа байлгүй. Харин ажил эхлэх зөвшөөрөл байхгүй. Тэгээд ч ямар ч албан тушаалтай хүн өдийд газар ухах зөвшөөрөл олгохгүй нь ойлгомжтой. Бидний зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцээд байгаа зүйлгүй. Харин хууль зөрчиж, дулааны шугам сүлжээг ухаж, бусдыг хохироож байгаад гомдолтой байна. Ажил, үйлчилгээ эрхэлж байгаа бидний хувьд дулаан хэвийн байх нь маш чухал. Бид үүнийг л шаардаж байгаа. Өөрсдийнх нь эрх ашигт нийцэж л байвал бусад нь хамаагүй юм шиг загнаж болохгүй биздээ.
-Дээрх компанийн зүгээс дулааны шугам сүлжээтэй газрыг ухах шаардлагатай боллоо гэсэн албан бичиг урьдчилж өгсөн үү?
-Өгөөгүй. Өгөх ёстой байхгүй юу.
УСАН ОРГИЛУУРЫГ ШИЛЖҮҮЛЭН БАРИНА ГЭВ
НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхжаргалаас энэ талаар лавлахад,” Бид энэ асуудлыг шалгаж байна. Усан оргилуурын тухайд холбогдох байгууллагуудын харилцан тохиролцсон гэрээг үндэслэн Нийслэлийн өмчийн газраас шилжүүлэх шийдвэр гарсан. Усан оргилуурыг шугам сүлжээнээс таван метрийн зайд шилжүүлэн барихаар болсон” гэлээ.
Барилга, байгууламж олноор баригдаж, бүтээн байгуулалт эрчимжиж байвал монгол хүн бүр л баярлана. Гэхдээ гол нь тухайн барилга чанартай байхаас гадна гүйцэтгэгч, захиалагч талууд хуулийн дагуу ажиллах нь чухал. Үүнд хууль хяналтын холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.
Мөн ажил мэргэжлийн болон хувийн ёс зүй энэ салбарт уналтад орж, яаралтай сэргэлт авах хэрэгтэй байгааг сүүлийн жилүүдэд болж буй олон үйл явдал нотолж байгаа билээ. Тухайлбал, дээрх барилгын компанийн удирдлагууд шаардлага тавьсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн захиргааны нэр, нөлөө бүхий эрхмүүдийн нэрийг барьж “томрон” хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгааг албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
“Ер нь нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд авлига энэ тэртэй холбоогүй гэх баталгаагүй. Төр ядарсан, бухимдсан ард иргэддээ төмөр нүүр үзүүлж, хэдэн арав, зуугаар нь яллаж чаддаг л юм байна лээ. Харин эрх мэдэлтнүүдийг авлигадсан эд мөнгөөр ард түмний эрх ашгийг арилжсан энэ мэт хууль бус үйл ажиллагааг явуулж буй компаниудад ямар нүүр харуулахыг нь харах хэрэгтэй” хэмээн бухимдах хүмүүс ч цөөнгүй таарч байсныг энд онцлох хэрэгтэй болов уу.
Г.Долгор
URL: