Экологийн сүйрэл далласан хөгжил бидэнд хэрэгтэй юу

Дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж байгаа бүс нутаг бол төв Азийн гол хэсэгт, эрчимтэй явагдаж буй цөлжилтийн бүс нутагт орших манай орон юм.

Биднийг өнөөдөр улс төр, мөнгө, уул уурхай ярьж байх зуур хангай говь хосолсон өргөн уудам үзэсгэлэнт нутаг, эх орон минь удахгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох цөлийн бүс нутагт хамаарах болох нээ.

НҮБ-ийн судалгааны тайланд “Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тооцогдох экологиин доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд нийт газар нутгийнх нь 80 хувь нь бүрэн цөлжилтөнд ертөж, энэ нь тус улсын усны хомсдлын гол шалтгаан болно гэжээ”.

Бид өнөөдөр л энэ байдлыг өөрчлөх алхмаа бодитоор хийж ухамсар сэтгэхүй үйл үйлдлээ өөрчлөхгүй бол хэзээ ч эргэн нөхөн сэргэхгүй их гамшгийг даллаж, өөрсдийн гараар дэлхийд ховор, гайхамшигт, хэзээ ч давтагдашгүй байгалийн өвөрмөц тогтоцтой Монгол орныхоо байгаль экологио устгаж сүйрүүлэх нээ.

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр бид хөгжилтэй орнуудыг хий дагаж, ногоон хөгжлийн цогц бодлогогүйгээр зөвхөн өнөөдрөөрөө амьдарч үр хойчоо бодолгүй, өнгө мөнгө шүтсэн амьдралаар экологио сүйрүүлэх, эсвэл зөв бодлого, эрүүл ногоон сэтгэлгээгээр өнөөгийн бодит нөхцөл байдалдаа хурдан үнэлгээ өгч, нэн даруй ногоон хөгжлийн үндэс суурийг тавих шаардлагатай, хариуцлагатай байх гэсэн хоёр салаа замын уулзвар дээр зогсож байна.

УУЛ УУРХАЙ – МӨНГӨ – ХӨГЖИЛ эсвэл БАЙГАЛЬ ЭКОЛОГИ – ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН – ЭРҮҮЛ НОГООН ХЭРЭГЛЭЭ гэсэн сонголтыг алийг нь бид хийх вэ?

Энэ бүх эмзэглэлээр цуглуулж мэдсэн мэдээллээ эмхэтгэн бодитоор нүүрлээд байгаа дулаарлын сөрөг нөлөө, хариуцлагагүй уул уурхай, ухамсаргүй иргэд, хэт их тоо хөөсөн мал сүргийн өсөлтөөс үүдсэн Монгол орны экологийн доройтлын талаар зугтах аргагүй гашуун үнэнийг өгүүлэх дараах мэдээлэлд уншигч таны анхаарлаа хандуулъя.

Монгол орны экологийн доройтлын талаар гаргасан бодит мэдээ баримтаас

Дэлхийн дулаарлын нөлөө Монгол оронд 1970 оноос ажиглагдаж эхэлжээ. Дулаарлын нөлөөг илэрхийлэх гол үзүүлэлт болох агаарын дундаж хэмийн дулаарал 1985 онд 0 градус байсан бол 2005 онд +1°С, 2011 онд +2°С буюу дэлхийн дулаарлын дундаж хэмийн өсөлтөөс 0,5-1 хэм илүү байгаа нь экологич эрдэмтдийн сэтгэлийг маш ихээр түгшүүлж байна.

Энэ янзаар явбал 2012 он гэхэд +3°С – +4°С болно гэсэн таамаглал байгаа ба манай орны хувьд +1°С-ийн нэмэгдэл дулаан нь ХАА салбарт 10 хувийн ургац алдаж, нөлөөлж бэлчээрийн 20 хувь нь шууд устаж цөлжихөд нөлөөлнө.

Монгол орны агаарын температурын жилийн дундаж XXI зууны дунд үе гэхэд дунджаар +2.1- +3.0°С байсан бол зууны сүүлчээр +3.1 – + 5.0°С хүрч XX зууны дулааралтын эрчээс ойролцоогоор 2-3 дахин илүү хурдтай байна.

Дулаарлын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим хувиар багасчээ.

Манай орны хувьд сүүлийн 60 жилд цөлжилт эрс нэмэгдэж элсний нүүдэл 350-450 км-ээр хойш нүүсэн байна. Иймэрхүү янзаар цаашид цөлжилтийн шинж тэмдэг элсний нүүдэл 20 жил тутамд 150 км-эр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 20-40 жилийн дараа Монгол орны нийт газар нутаг элсний нүүдэлд дарагдах нээ.

Цөлжилтийн гол нөлөөлөл нь Монгол орны ирээдүйн нутаг бэлчээр болон хөдөө аж ахуй газар тариалангийн бүс нутгуудад нөлөөлж байгаа ба ирэх хэдэн аравхан жилд дэлхийн дулаарал цөлжилтийн нөлөөллөөр 2040 онд 44,4 сая тн ургац алдаж, нийт бэлчээрийн 80 хувь нь доройтолд орж малаа тэжээх чадваргүй болох юм байна.

+2°С -ийн нэмэгдэл нь усны ууршилтийг эрчимжүүлж усны хомсдол нүүрлэх ба сүүлийн 40-хөн жилд манай орны хөрсний үржил шим 2-3 дахин буурч, хөрсний элэгдэлд нийт газар нутгийн 90 хувь өртөөд байна.

Уул уурхай, малын зохисгүй тоо толгой, сүргийн бүтцийн өөрчлөлтөөс хамаарсан сөрөг нөлөө

38 сая хол давсан мал, тэр дундаа 44 хувь нь ямаан сүргийн толгойноос шалтгаалж бэлчээрийн талхагдалт дээд цэгтээ хүрсэн бөгөөд уул уурхайгаас үүдэн нийт гадаргын усны нөөцийн 28 хувь бүрэн ширгэж, ойн сангийн 42 хувь бүрэн устсан байна.

2010 оны байдлаар гүний усны хэрэглээ нийт усны хэрэглээний 90 хувь нь байна. Усны зохистой хэрэглээгээр гадаргын усны хэрэглээ 90 хувь байх ёстой бөгөөд Монгол улс 2012 он гэхэд гүний гадаргын усны хэрэглээг 50:50 болгоно гэсэн зорилт тавьж байна. Энэ хэтэрхий удаан арга хэмжээ юм. Учир нь гүний ус 200,000-1 сая жилд бий болж нөхөн сэргээгддэг.

Ундны усны нөөцийг бүрдүүлж гүний болон гадаргын усны хэмжээг барьж экологийн тэнцвэрийг хадгалж байдаг Монгол орны нийт газар нутгийн хөрсний доорх мөнх цэвдгийн хайлалт 10 жилд 4м-ээр буурч байгаа талаар сэтгэл сэртхийлгэм мэдээ гарчээ. Энэ нь гүний, хөрсний, гадаргын усны нөөцүүдийн хомсдол, усны экосистемын тогтоц алдагдах гол үндэс болж байна.

Монгол Улсын усны нийт нөөц 608,000 сая шоо метр ба бид жилд 500 сая шоо метр усыг хэрэглэж байна. Өнөөдрийн энэ хэрэглээн дээр суурилан тооцвол бид нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гүний усны нөөцөөсөө хэрэглэж байгаа юм. Энэ янзаараа бол 20 жилийн дараа гүний усны нөөцөө бүрэн дуусгах ба уул уурхайн хэрэглээний улмаас гадаргын усаа 10 хүрэхгүй жилд дуусгах эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна.

2007 оны бүртгэлээр Монгол орны хэмжээнд нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн байна.

Үргэлжлэл бий…

Органик Монгол хөтөлбөрийн зохицуулагч Д.Онон


URL:

Сэтгэгдэл бичих