Ц.Батзандан: Дотны найзаа гэж бодож явсан Д.Сосорбарам маань миний том хүүгийн эцэг байсан
Хөөмийн эх орон гэгддэг Ховд аймгийн Чандмань сумын унаган хүү Ц.Батзандан арван жилийн сурагч байхаасаа эхлэн хөөмийлж, элэглэж, улам бүр авьяасаа хөгжүүлсээр урлагийн ертөнцөд хөл тавьсан ажээ. Тэрбээр бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл болсон дуу хоолойгоороо ард түмэндээ хүрч, жүжиглэж чаддаг хүн. Зууны шилдэг роман “Тунгалаг тамир”-ыг сонсдог ном болгон хэвлүүлсэн нь олны талархлыг хүлээжээ. Мөн тэрбээр уран сайхны 4000 орчим кинонд дуу оруулсан бөгөөд Солонгосын олон ангит кино “Тэ Жан Гым”-ээс эхлээд генерал Исмус Сталин хүртэл түүний дуу хоолойгоор ярьж үзэгч түмэнд хүрчээ. Саяхан UBS телевизээр түүний дуу оруулж байсан “Тэ Жан Гым” кино гарч, үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан билээ. Цэндийн Батзандан хэмээх шавилхан биетэй, нууцлаг уран бүтээлчтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Таныг бүр жаахан байхаасаа эхлээд хөөмийлдөг, элэглэдэг их авьяастай хүүхэд байсан гэж сонссон. Бас их сахилгагүй, дэггүй байсан гэдэг юм билээ. Хүүхэд насны дурсамжаасаа хуучлах уу?
-Хонины бэлчээрт их дуулдаг хүүхэд байсан. Миний анхны үзэгч хонь л байсан даа. Оросоо, Банзрагч, Зангад гээд алдартнуудын дууг сонсоод урлагт их дуртай болсон. Нэг муу хар транзистроо аваад л хониндоо явна. Хонио бэлчээхдээ хажуудаа нэг ямаа уячихдаг. Тэр ямаа сигнал болдог байлаа л даа. Хонь бэлчээд холдохоор нөгөө ямаа маань майлна. Нэг ёсондоо айлын хонх дарж байгаа юм шиг байхгүй юу. Ер нь хүн болгон хүүхэд байхдаа сахилгагүй, томоогүй байдаг биз дээ. Тэрний адилаар би ч хөөрүү сагсуу амьтан байлаа.
-Таныг жүжигчин гэж ерөөсөө бодсонгүй. Та яаж яваад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Миний жүжигчин болсон түүх их сонин. 1978 онд аравдугаар ангид сурч байлаа. Тэр үед “Зуслангийн найзууд” кино гарч эхэллээ. Гол дүрд тоглосон охин нь гоё харагдаад, нөгөө кинонд дурлаад өөрийгөө гол дүрийн эрэгтэй жаалд тоглосон мэтээр төсөөлөөд “Ямар азтай хүүхэд ингээд кинонд тоглочихдог байна аа” гэж бодоод шар хөдлөөд дуучин болох гэж байсан хүн чинь жүжигчин болохоор шийдсэн. Тэгээд тэр цагаасаа хойш кинонд тоглодог жүжигчин болохыг мөрөөдөөд явж байтал Зөвлөлтийн мэргэжилтэн А.П.Гончаров, театр судлаач Дашдондог хоёр манай суманд ирлээ. Ч.Баярлах найруулагч бидэнд этюдний талаар тайлбарлаж, яаж хийдэг зүг чигийг өгсний дагуу бэлдээд л орж явчихлаа. Хөдөөний хүн юм чинь хөдөөний амьдралыг үзүүлэхээс яах вэ. Тэгсэн тэр орос их сонирхож байна аа. Би ч хонины арьс элдээд л байлаа. Тэгээд тэр шалгалтад тэнцчихлээ. Манай ангийнхан, багш маань бөөн баяр. Нэг ч гэсэн хүүхэд нь хуваарь авчихаар баярлахаас яах вэ. Хот руу яаралтай явуулах бичиг баримтыг багш маань бэлдэж өгөөд, нэгэнт хуваариа авчихсан болохоор муу ч байсан онц тавьдаг байлаа. Тэр үед Сүххуяг 400, би 200 гаруй хүүхэдтэй шалгалтад орж тэнцсэн. Тэгээд хот руу ирж, кино драмын ангид орж, Мөнхдорж багшийнхаа гар дээр бууж, энэ мэргэжлийг эзэмшсэн дээ.
-Тантай цуг гавьяат жүжигчин Д.Сосорбарам сурч байсан гэл үү. Та хоёрыг бүр цэргийн найзууд гэж сонссон юм байна?
-Со бид хоёр ангиасаа хоёулхнаа хамт цэрэгт явсан. Дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд хоёр жилээр хаадаг байлаа. Тэгсэн халагдах хугацаанаас өмнө миний бие өвдлөө. Тэгээд цэргийн эмнэлэгт хүргэгдээд ортол цагаан өмд цамцтай Со сууж байв. Тэр үед Со бас өвдчихсөн, госпитальд хэвтэж байсан юм. Со тэр үед дөнгөж тамхи татаж сурч байсан юм уу даа. Бид хоёр буланд нуугдаж байгаад тамхи татна. Тэгээд нэг их удалгүй би эмнэлгээс гарч, хотын нэг самганы гэрт Со-гийн эхнэр Нинжбадгараар асруулж билээ. Нинжээ намайг асарч байхдаа байсхийгээд л хөнжил сөхөөд, “амьд байна уу, үгүй юу” гэсэн янзтай хардаг юм. Тэгээд л “Чамайг битгий хэл би Со-г үүрдэг юм чинь” гэж хэлээд л намайг үүрээд эмнэлгээр явдаг байлаа. Со бөөрний өвчтэй, би болохоор ясны идээт үрэвсэл гэдэг өвчин тусч, амьдралынхаа 20 жилийг суга таяган дээр өнгөрөөж билээ. Цэрэгт очоод л ясны идээт үрэвсэл гэдэг өвчин тусч олон жил зүдэрсэн ч хотод ирээд таягаа хаясан. Би хотод ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь эмч “20 жил ингэж яваад байхдаа яадаг юм. Худлаа яриад” гэж билээ. Анх цэрэгт байхад манай эмч халуун жин тавиулсан юм. Буглаан дээр халуун жин тавиулаад намайг алаад хаячихсан хүн, тэр их муухай эмч. Эрдэнэт хотод байдаг найз маань “Хамгийн муухай эмч тэр хүн байсан шүү” гэж ярьж байж билээ. Би цэрэгт байхдаа “Ардын театр”, сургуулиа төгсч очоод “Бэсрэг театр” гэж байгуулсан. Өвөл чарга чирээд, хамаг техник хэрэгслээ аччихаад суга таягаа тулаад л тоглолтоор аймаг, сум хэсээд явчихдаг байлаа. Тэнд хүмүүс даараад чичирч байхад миний хөлс асгардаг. Тэгж л уран бүтээлдээ шамдаж зүтгэж байлаа. Яг тайзан дээр гарчихсан байхад хөлнийхөө өвчнийг таг мартчихсан, эрүүл саруул хүн шиг байдаг. Буугаад жаахан амрах гэхээр л өвддөг байлаа.
-Таныг Нинжээ эгчээр асруулж байхад Со гавьяат тэр хоёр гэрлэчихсэн байсан юм уу?
-Нинжээ чинь ногоочин байсан. Кино драмын ангид шалгалт өгөхөөр очиход нуруу нь намдаад хасагдсан. Тэр үед чинь өндөр, нам их хардаг байлаа шүү дээ. Арын хаалгаар оруулчих санаатай оролдож гарлаа. Азаар тэр үеийн элсэлт бүгд намхан хүүхдүүд байж таараад Нинжээ шалгалт өглөө. Нинжээ уг нь их гоё дуулдаг охин байж билээ, харин сүүлд дуулсангүй. Хөөрхөн ч охин байлаа, гэхдээ надад хөөрхөн биш шүү. Со-доо л хөөрхөн байсан байх. Со II курст байхдаа гэрлэсэн. Дараа жил нь Нинжээг амаржихад Со дипломын ажлын гол дүрд тоглоод завгүй, би шөл зөөдөг байлаа. Одоо ч биеэ тоочихсон шиг байна лээ, холбоо ч байхгүй. Нэг ангид сурдаг, тэгж сайхан нөхөрлөдөг байсан хүмүүс таарсан ч, ороод цай уучих, хүүхэд нь гэрлэж байлаа гэхэд алив Зандангаа уръя л гэх ёстой байхгүй юу. Тэгдэггүй нь юунд байгааг мэдэхгүй юм. Зиндаа л байдаг байх. Бид ядуу болохоор хүний нүдэнд торохгүй байхгүй юу. Гэхдээ дээр үед надад тусалж байсан л даа. Тэр үед Нинжээ “Ард”, “Ялалт” гээд хоёр кино театрыг эзэгнэж байхад нь манай эхнэр бид хоёр жижүүрээр нь ажиллаж байлаа шүү дээ.
-Найзууд, хоёр найз бүсгүйтэй ханилсан гэсэн түүх байдаг гэл үү. Таны амьдрал бас их ээдрээтэй гэж яригддаг юм билээ?
-Нинжээ, манай эхнэр хоёр найз байсан юм. Ухаандаа хоёр найзыг, хоёр найз аваад суучихсан гэсэн үг л дээ. Манай том хүү чинь тэдний хүүхэд байхгүй юу.
-Хэний хүүхэд гэж. Со гавьяатын хүүхэд гэж хэлэх гээд байна уу?
-Тэр яах вэ, зайлуул. Залуу насны л алдаа биз. Би түүнд нэг их юм боддоггүй юм. Со-гийн өөрийнх нь хүүхэд дуурайгаагүй байхад манай хүүхэд айхтар дуурайсан байдаг юм. Авгай бид хоёр хөл, алхаа гишгээ нь ямар адилхан юм бэ гээд л ярьдаг юм.
-Хүү чинь Со гавьяатыг эцгээ гэж мэддэг үү?
-Хүү маань морин хуурч мэргэжилтэй, жаахан байхаас нь эхлээд морин хуураар явуулчихсан. Одоо ч төрсөн эцгээ гэж мэддэг болсон шиг байна лээ.
-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүүхэдтэй, миний охин Нарангарвуу гэж хөөрхөн охин бий. 2009 онд байна уу даа, “Мистер, мисс” гэдэг реалити шоунд оролцоод машин авч байсан гэхээр санах байх.
-Таныг яагаад “Ногоон худгийн атаман” гэдэг байсан юм бэ?
-Со бид хоёр нэг өдөр хамаатныд нь очих гээд явж байсан чинь атамануудтай таарчихдаг юм байна. Тэгээд Со-г бариад авлаа. Намайг бодвол Со арай чанартай юм өмсдөг, бас алт ч байсан юм уу, хүзүүний гоё гинжтэй, торон цамцтай явж байхгүй юу. Би бас айлд яаж хоосон очих вэ гээд жаахан зүйл барьчихсан явж байсан юм. Тэгсэн “Цагаан худгийн овгоруудыг таних уу” гэж байна. Тэгэхээр нь би “Тэгвэл ногоон худгийнх нь атаман би байна даа” гэж хэлээд л гүйчихлээ. Нөгөө атаманууд чинь намайг хаячихаад Со-г бариад хоцорчихдог юм байна. Тэгээд холдож аваад, айсандаа хамаг юмаа идчихээд л нуугдчихлаа. Тэгсэн нөгөөдүүл чинь Со-гийн гинжийг таслаж аваад болохоо байх нь ээ. Тэгэнгүүт нь атаман гээд хэлчихсэн юм чинь дүүрсэн хэрэг гэж бодоод очлоо. Тэгээд бид хоёр хамаг юмаа өгөөд салж билээ. Тэгж л нэг айхтар хөглөсөн юм даа. Би чинь бас зодоонд гайгүй, нэг муу барилдчихна. Хотын хүүхдүүдийг бодвол арай шөрмөслөг байсан юм уу даа.
-Та хамгийн анх ямар кинонд дуу оруулсан бэ?
-“Залуу хүү Бао Жин” гэдэг кинонд хамгийн анх дуу оруулсан. Түүнээс хойш Солонгосын олон кинонд дуу оруулсан даа. “Тунгалаг тамир” романыг 23 цагийн цомог болгох гэж бүтэн жилийн турш уншлаа. Романыхаа бүх дүрүүдэд дуу хийж, уншсан. Бүр Долгор, Дулмаагийн дүрийн дууг хүртэл хийсэн. Кино нь тэр олон жилийн өмнө гарчихсан, үзэгчдэд хэдийнэ хүрчихсэн байхад миний хийсэн цомгийг сонссон хүмүүс “Зохиол нь бүр илүү гоё юм байна” гэж байсан. Ямар ч байсан хүмүүст хүрсэн юм шиг байна лээ. Одоо зохиол нь ч олдохоо байсан юм шиг байна. Тэр агуу их романыг азаар би тааралдаад уншчихсан юм. Тэгсэн дараа нь Тамир гэдэг залуу цомог болгож, Бээжин хотод хэвлүүлсэн юм. Дараа нь Ариунхүслэн дахиад нэг цомог гаргана гээд, тэгээд л “Тивийг ачаалсан нүүдэл” гэдэг нэртэй цомгийг Бээжинд олимптой зэрэгцүүлж хийж ирсэн. Би уг нь “Азийн чоно” гэдэг нэр өгөх гэж байсан чинь “Архины асуудал гарч байна болохгүй” гээд нэрийг нь сольсон. Уг нь цуврал цомог гаргая гэж бодсон ч ивээн тэтгэгч олдохгүй юм.
-Танд төр засгаас өгсөн гавьяа шагнал бий юу?
-Би ганцхан цолтой хүн. Цэдэн гэж агуу цол. Миний аав, ээж сайхан дуулдаг хүмүүс байсан.
-Таныг кинонд дуу оруулахыг зэрэгцээ найруулагч хийдэг, бас хурим найр хөтөлдөг гэсэн?
-Янз бүрийн жүжиг, зохиол найруулж явсан. Урлаг угаасаа тэнгэрлэг сайхан шүү дээ. Хамгийн сүүлд Б.Бат-Эрдэнэ аваргын хамаатных нь найрыг хөтөлсөн. Тэр үед аваргатай гар барьсан чинь гар нь гарт багтахгүй байсан шүү. Энэ мэтчилэн янз бүрийн л найр, хурим хөтөлж байхдаа олон л хүнтэй уулзаж учрах юм даа.
Э.Мөнх
URL: