Б.Обама: Би дахин Ерөнхийлөгч болж чадахгүй байх

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

ABC News, Yahoo News-д өгсөн ярилцлагадаа ингэж өгүүлжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар, Америкчуудын 55 хувь нь ирэх сонгуулиар Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг ялаасай гэж бодож байгаа гэсэн дүн гарчээ.

Харин одоогийн Ерөнхийлөгчийг улирчихаасай гэсэн бодолтой хүмүүс 37 хувь л байгаа юм байна. Ерөнхийлөгчөөс ярилцлага авсан сэтгүүлч энэ санал асуулгын дүнг хэлэхэд Б.Обама огт гайхаагүй гэнэ. Тэрбээр “2008 оны сонгуульд би бүхэлдээ нэхэгчийн дүртэй оролцсоор ялсан шүү дээ. Боломж багатай гэж тооцогдох нь заримдаа давуу тал болдог. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө нам доторх сонгуульд ч би ийм л байсан. Хүн болгон л сонгуульд Хиллари Клинтон нэр дэвшинэ гэж ярьдаг байв. Гэвч би ялсан. Дараа нь Жон Маккейнийг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр нэрлэж байлаа. Гэтэл одоо энд тэр биш би сууж байна” хэмээн ярьсан аж.

Нэр хүндэд нь хамгийн муугаар нөлөөлсөн гэж хэлж болох Solyndra компанийн талаар ч тэрбээр илэн далангүй ярьсан байна. 2008 оны сонгуулийн кампанит ажлынх нь гол ивээн тэтгэгч байсан тус компанид тэрбээр “Хувийн компаниудад мөнгөн тусламж үзүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд 535 сая ам.долларын тусламж үзүүлсэн юм. Гэтэл нарны зай хураагуур үйлдвэрлэдэг уг компани энэ оны наймдугаар сард дампуурсан юм. Энэ нь сонгогчдыг Б.Обамагаас зугтах хамгийн том шалтгаан болсон гэж одоо Америкийн хэвлэлүүдээр бичиж байгаа юм.

Ерөнхийлөгч энэ талаар “Solyndra”-гийн хэргийн хувьд би хууль зөрчсөн гэж бодохгүй байна. Байгаль орчинд хоргүй технологиор эрчим хүч үйлдвэрлэх явдал тулгамдсан асуудал мөн шүү дээ” гэж хэлсэн байна.

Мөн компаниудад тусламжаар өгсөн мөнгөний эргэн төлөлт сайн байгаа нь миний сэдсэн ажил үр өгөөжөө өгч байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн сард Gallup компанийн явуулсан санал асуулгын дүн Б.Обама Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал багатай байгааг харуулсан юм. Америкчуудын дийлэнх нь Б.Обамаг бус, Массачусетс мужийн амбан захирагч асан Митт Ромниг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих