Сонгууль тойрсон элдэв үзэгдэл

4103

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ажиллагааны салхийг АН хагаллаа. АН-ын дүрэмд намын анхан шатны байгууллагаас нэр дэвшихээр олонхийн санал авсан эрхмийг ҮЗХ-ны хурлаараа баталгаажуулдаг. Тиймээс ч АН-ын анхан шатны байгууллагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж, өнөөдөр ҮЗХ-доо илгээлээ.

Сонгуулийн 76 тойрогт АН-аас намаас нэр дэвшихээр яригдаж байсан болон олон нийтийн урьдчилсан таамаглал хол зөрсөнгүй. АН-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянгол дүүрэгт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтийд, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увсад, Фортуна Н.Батбаяр Архангайд, Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь гээд сонгууль өрсөлдөх эрхмүүдийн нэр аймгийн квотоороо тодров. Намын анхан шатны байгууллагаас нэр дэвшигчид дотроос Баянхонгор аймгийн сонгуулийн тойрогт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нараас гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшихээр болсон нь содон өнгө байлаа. Интернэт орчин олимпийн аварга Н.Түвшинбаярыг улс төрд орохыг дэмжсэн, дэмжээгүйгээрээ хоёр хэсэгт хуваагдав. Гэхдээ жиргээчдийн дийлэнх нь олимпийн аваргыг “бохир улс төрд орж хутгалдахаар бөхийн дэвжээнээ барилдаж, түмэн олноо баясуулж явсан нь дээр” гэсэн үг дайсан байлаа.

 

Нэр дэвшигчих эрхээ авсан эрхмүүдийг харж байхад эмэгтэйчүүдэд халтай сонгууль болох хандлагатай. Нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин нэр дэвшиж байгаа бол ХХАА-н сайд Р.Бурмаа Дархан-Уул аймгаас  нэр дэвшихээр болсон. Харин Орхон аймагт АН-аас нэр дэвшихээр эртнээс яригдаж байсан М.Батчимэг гишүүн нэрээ татсан бол Ц.Оюунгэрэл нарын гишүүд өмнө нь сонгогдсон тойрогтоо дахин нэр дэвшсэнгүй. М.Батчимэг гишүүний хувьд нийслэлээс нэр дэвших магадлалтай гэж зарим ажиглагч таамаглаж байна.

 

АН-ыг энэ удаагийн сонгуульд зарим хүчин дэмжин орж байгаа. Дэмжин орж байгаа улс төрийн хүчинд тодорхой тооны сонгуулийн квот амласан. Энэ дагуу ИЗНН-ын гишүүн С.Дэмбэрэл нарын 5 эрхэм АН-д элссэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл АН-аас Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвшихээр болоод байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-аас АН-д гишүүнээр элссэн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг Өвөрхангай аймагт нэр дэвшүүлэхээр яригдсан ч анхан шатны байгууллагаас олонхийн санал авч чадаагүй бүдэрсэн сурагтай. Сонгуульд дэмжиж оролцохоор болсон улс төрийн хүчнүүддээ амласан квотноосоо АН буцлаа гэх бор шувуу нисч байгаа ч энэ нь одоогоор баталгаажаагүй байна.

 

МАН өнөөдөр хөзрөө дэлгэнэ

 

МАН-ын тухайд сонгуульд нэр дэвшигчдээ Удирдах зөвлөл нь бага хурлын гишүүдээ санал оруулдаг. Урьдчилсан байдлаар Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын экс гишүүн Ц.Мөнх-Оргил, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар нар, Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва нар, Орхон аймагт УИХ-ын гишүүн О.Содбилэг, Булган аймагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ховдод УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Увсад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар нэр дэвших нь тодорхой болоод байгаа. Тус намд эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Баянзүрх дүүрэгт нэр дэвших бололтой. Харин нийслэлд нэр дэвшихээр яригдаж байгаа хөтлөгч н.Анужинг тойрсон хэл ам тасрахгүй байна. Түүнчлэн бага хурлын гишүүн, сэтгүүлч Л.Нинжжамц МАН-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжоор хангах хүсэлтээ илгээгээд байгаа юм.

 

Тус намын бага хурлын өмнөхөн урьдчилсан таамаглал мэр сэр явагддаг хэдий ч асуудлаа тогоондоо хэлэлцэж, цагаас нь өмнө дэлгээд байдаггүй ам чанга байдаг нь МАН-ын гишүүдийн уламжилж ирсэн давуу тал. Тиймээс ч МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын сонгуульд хэнийг хаана нэр дэвшүүлэх талаарх хөзрөө өнөөдөр дэлгэнэ.

 

МАХН-ынхан өлсөж өрсөлдөх үү?

 

МАХН-ын тухайд асуудал хурцаар сөхөгдөж байгаа. Тус нам сонгууль оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ намын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй учир нэрийг нь бүртгэхээс татгалзжээ. Сонгуулиар сөрөг хүчинтэй эвсэх гэрээгээ цуцалж, эрх баригчдаар ялгүйд тооцуулсан тогтоол үйлдүүлэхээр тохироо хийсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд тооцоолоогүй гацаа үүссэн. Энэ нь УИХ-ын дарга З.Энхболдын  улс төрийн нөхцөл байдлаасаа чуулганыг түр завсарлуулсан гэнэтийн захирамж. Хэрвээ хоёр намын дарга улс төрийн тохирооны уулзалтаа бичгээр үйлдүүлж, бичлэг хийлгэж баталгаажуулаагүй л бол З.Энхболдыг амлалтаасаа буцсаныг хэн ч гэрчлэх боломжгүй. Өлсгөлөн зарлана гэдэг Н.Энхбаяртай МАХН-ынхны хувьд үндсэн арга барил. Гэхдээ өнөөдөр улс төрийн энэ хэлбэр хуучирсныг олон нийт цочирдохгүйгээр хүлээж авч байгаагаар илэрнэ. Ер нь аливаа сонгуульд өрсөлдөж оролцдогоос бус өлсгөлөн зарлаж уралддаггүй байлтай.

 

Энэ мэтээр сонгуулийн хуваарьт сарын хугацаанд олон нийт элдэв зураглал, араншин үзэх нь бололтой.

 

Н.Энхбат


URL:

Сэтгэгдэл бичих