Монголчууд яарахгүй байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчилж байгаатай холбогдуулан “РИА Новости” агентлагаас уншигчдад хүртээл болгосон нийтлэлийг сонирхуулъя.
Олон жилийн өмнө Монгол нь Оросын дараахь Азийн хоёр дахь социалист орон болж байсныг санах хүн өнөөдөр цөөхөн байх. Хуучин социалист гэгдэж байсан манай хөрш арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс тунхагласны 85 жилийн ойгоо тэмдэглэсэн.
1924 оны энэ өдөр БНМАУ байгуулагдсан. Харин одоо бол ийм нэртэй улс газрын зураг дээр байхгүй. 1992 онд Зөвлөлтийн задралын нөлөөнд автсан монголчууд улсаа зүгээр л Монгол Улс хэмээн нэрлэх болсон. Энэ тэмдэглэлт ой нь бидний хайрлаж, хамгаалж байгаад 1990-ээд оны шуургаар хаясан найрсаг хөрштэйгөө цаашид хэрхэн хаяа нийлэн орших талаар ярилцах сайхан боломж. Монголыг дахин өөр лүүгээ татах хэрэгтэй гэдгийг Орос саяхан бүрэн ойлгосон (энэ үйл явц нь 1990,2000 онд эхэлсэн). Ойлгосны баталгаа нь 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин, мөн оны наймдугаар сард Ерөнхийлөгч Д.Медведев нарын Улаанбаатарт хийсэн айлчлал байв. Зарим ажиглагчид үүнд баярласан. Харин зарим нь Орос ямар ч алхам хийсэн хэтэрхий оройтсон гээд Чингэс хааны удмынхны сэтгэлийг эргүүлэхэд амаргүй байх болно гэж байгаа. Монголчууд өөр зүг рүү хардаг болсон, үүнд бид өөрсдөө л буруутай.
XX зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан бөгөөд ЗХУ бараг ивээн тэтгэгч нь байлаа. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ.
Бид эхлээд Монголыг өөртөө “татаж” бүр Хятад ч салгаж чадахааргүй болгосон. Монголчууд манай их, дээд, мэргэжлийн сургуулиудад суралцаж бид томоохон үйлдвэр комбинатууд барьж өгсөн. Тэднээс хамгийн том нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бөгөөд одоо болтол ажилласаар байгаа. Тус үйлдвэр нь 40 жилтэйгээ золгосон бөгөөд одоо нэг жилд 400 мянган тонн хамгийн дээд зэргийн зэсийн баяжмал гаргадаг. Түүнээс гадна Монголын зэвсэгт хүчнийг нь байгуулж өгч, Хятадтай хиллэх хилийг тохинуулж, төмөр зам тавьж, үйлдвэр барьж, машин техник нийлүүлдэг байсан. Түүгээр ч барахгүй БНМАУ-ын тэргүүн агсан Цэдэнбалын эхнэр Анатасия Ивановна Цэдэнбал-Филатова нь славян цустай хүн байв. Цэдэнбалтай гэрлэхээсээ өмнө ЗХУ-ын Худалдааны яамны Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга байсан юм.
1990-ээд онд энэ бүхэн үгүй болсон. Ингэхдээ бүр юу ч үгүй болж 2000 онд НҮБ Монгол Улс өлсгөлөнд автах аюул нүүрлээд байгаа тухай мэдэгдэхээс өөр аргагүй болсон юм. Хөдөө аж ахуй давамгайлж байсан Монгол тэр жил (хөдөө аж ахуйн орон хэмээн зарласан байсан) зуд болж 33.5 сая толгой малынх ихэнх нь үхсэн. Францаас гурав дахин том газар нутагтай Монголын мал нь хүн амаас нь 10 дахин их.
Монголчууд бол эхнээсээ л бидэнд татагдсан хүмүүс. Гэхдээ одоо бол өөр байдлаар татагдах боллоо. Хятадын нөлөө улам бүр энд газар авч биднийг бараг Монголоос шахаж гаргасан гэж болно. Тиймээс ч булаалгаснаа бараг л дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Одоо Монголын бараг бүх юм Хятад, Япон, Солонгос, Малайзынх болсон. Урьд нь монголчууд хөрш Казахстан руу цагаачилдаг байсан бол одоо Хятад руу татагдаж байна. Дашрамд дурдахад Монгол дэлхийд хамгийн цөөхөн монгол үндэстэн амьдардаг газар. Статистикийн сүүлчийн мэдээгээр манай дэлхий дээр есөн сая монгол амьдардгийн ердөө гурван сая нь Монголд байдаг. Өвөр Монгол таван сая буюу хамгийн олон монголтой.
Эдийн засаг, улс төр гээд аль ч талаас нь авч үзсэн монголчууд өөр тийшээгээ тэмүүлэх боллоо. Тэд АНУ-тай хамтран тогтмол цэргийн сургуулилт хийж, Ирак болон Афганистанд америкчуудын эхлүүлсэн үйлсийг дэмжинэ. Монголчууд хувьд realpolitic гэдэг
харьцаж байсан бараг цорын ганц донор хөрш ОХУ-тай нягт харилцаатай байх бус АНУ болон НАТО-той цуг “бүжнэ” гэсэн үг юм. Итали, Болгар, Унгар, Польш, Латви, Украин улсууд Иракаас цэргээ татах талаар нухацтай бодож байгаа, Харин Монгол эсрэгээрээ Ирак руу ч, Афганистан руу ч цэргээ илгээнэ. Ж.Буш Ерөнхийлөгч байхдаа 2005 онд Монголд дөрвөн цаг айлчлахдаа тус улсын цэрэг эрх чөлөөний төлөөх үйлсэд аймшиггүй зүтгэж байгаад АНУ-ын зэвсэгт хүчин бахархдагаа хэлсэн. Дараа нь тэрбээр Чингэс хааны хөшөөний дэргэд зургаа авахуулж байлаа.
Гэвч “найз Жорж” нь түүнээс ч илүү зүйлийг хийсэн. Өнөөдөр Монголын энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж байгаа газар хүрнэ гэж Чингэс хааны зүүдэнд ч ороогүй байх. Монголын цэргүүд Ирак, Афганистан төдийгүй Конго, Дарфурт, баруун Сахар, Косовод энхийг сахиулж байгаа. Монгол хөгжиж бүр 2003 онд Их Британийн Ллойд далайд гарах бүртгэлээ хийлгүүлсэн билээ. Одоо бол далайд гарцгүй мөртлөө төрийнхөө далбаатай усан онгоцыг явуулах эрхтэй хоёр дахь улс болоод байгаа. Үүнээс нэг жилд 20 сая ам.долларын ашиг олдог.
2010 оны наймдугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Д.Медведев Улаанбаатарт Халхын голын ялалтын 70 жилийн ойд оролцсон.
Энэ үеэр уран олборлох салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь хамгийн гол үйл явдал байсан. Нэг жилд 2000 тонн уран олборлож түүнийгээ экспортлохоор төлөвлөчихөөд байгаа. Харин нэлээд ордтой, нүүрс олборлох ажил биеллээ олох бололтой. Нүүрс олборлохоор хамгийн их ирээдүйтэй гэгдэх Таван толгойд Хятад Монголтой хамтран ажиллах сонирхолтой байна. Нэг үгээр хэлэхэд Д.Медведевийн айлчлал нь зогсонги байдалд орсон хоёр улсын харилцааг хөдөлгөөнд оруулсан. Гэвч энэ бол зөвхөн эхлэл нь. Энэ нь Монголд олборлолт, боловсруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна. Монголчууд яарахгүй байна. Тэд Хятад, Япон гээд чинээлэг хөршүүдтэй. Тэд нар дээр Америк, Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид Хятад эзэнтэй, эсвэл АНУ Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хүрэх вий.
Ю.ДЭЛГЭРМАА
URL: